Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

НОСК, ТОСК, "Шинэ Яармаг"-аас байр захиалаад залилуулсан иргэд ХЗДХ-ийн сайдад хандаж, мэдээлэл хийлээ

НОСК, ТОСК, "Шинэ Яармаг"-аас байр захиалаад залилуулсан иргэд ХЗДХ-ийн сайдад хандаж, мэдээлэл хийлээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 21
Төрийн байгууллага, хуулийн албан хаагчдын оролцсон гэх хэргийн хохирогчдын төлөөлөл өнөөдөр /2025.04.21-нд/ Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд О.Алтангэрэлд шаардлага хүргүүлэхээр цуглажээ. Хууль зүйн сайдаас хүсэж байгаа зүйл нь энэ хэрэгт зөвхөн цагдаагийн байгууллагыг ажиллуулах бус Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрыг хамруулсан ажлын хэсэг бүрдүүлж уг хэргийг шалгах нь аж.
Хохирогч 1: Бид нар яагаад Хууль зүйн яамны гадаа байгаа гэвэл Хууль зүйн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал гэж хүн биднийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай иргэдэд олгодог НОСК, ТОСК-ын байранд оруулж өгнө гээд мөнгө авсан. Миний бие өнгөрсөн оны тавдугаар сард 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сар хүртэл юу болоод байгааг мэдээгүй явж байсан. Гэнэт байрны мөнгөө шилжүүлсэн Хууль зүйн яамны ажилтан нь өөд боллоо гэх мэдээг сонссон. Бид нар цагдаагийн байгууллагад хандсан боловч шийдэж өгөөгүй. Өмгөөлөгч авъя гэхээр өмгөөлөгч нь хөдөлж өгөхгүй ийм л байдалтай зогсож байна. Төрийн нэр барьж залилан хийгээд яваад байж болохгүй шүү дээ. Ш.Энхжаргалын дор 4-5 хүн ажилладаг. Тэд нар нь хохирогчдыг хайж олдог байсан.
Б.Намуун гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн данс хаанаас гарч ирсэн гэвэл тэр 4-5 хүнээс гарч ирсэн. Бид нарын хохирогчдын группт ийм, ийм хүмүүс мөнгө шилжүүлсэн байна гэх мэдээллүүд гарч ирж байгаа. Баттай эсэхийг мэдэхгүй тул хуулийн байгууллага нь шалгаж өгөхийг хүсэж байна. Бидний орох гэж мөнгөө шилжүүлсэн Шинэ Яармаг хороолол нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх байсан. Охин нь энэ хэрэгт хамаагүй л байсан юм бол мэдээлэл хийж, миний Голомтын данс энэ биш гэхгүй байсан. Бид нар энэ хэрэг дээр эдгээр хүмүүсийг хамаатай гэж бодож байгаа. Бидэнд улс төрийн ямар нэгэн зүйл байхгүй. Бүгдээрээ л хохирсон хохирогчид учраас ингээд зогсож байна. 2024 оны арваннэгдүгээр сард өргөдлөө өгөөд асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй юм.
Хохирогч 2: 2023 оны гуравдугаар сард Хууль зүйн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал гэх хүн хямд байр санал болгосны дагуу дүүдээ байр авч өгөхөөр урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. Урьдчилгааны мөнгө нь 40 сая төгрөг бөгөөд гэрчилгээ гарсны дараа үлдсэн мөнгийг нь шилжүүлээрэй гэсэн. Тэгээд дөрөвдүгээр сард дүүгийн нэр дээрх гэрчилгээний зураг явуулаад таны гэрчилгээ гарсан тул үлдэгдэл мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн. Би гэрчилгээгээ авъя гэхэд төрийн ажил ингэж явагддаггүй, Хөгжлийн банкны 33 тэрбумын барьцаанд байгаа байр гэсэн. Энэхүү барьцаа чөлөөлөгдөж байж таны гэрчилгээ нэгдсэн журмаар олгогддог гэж хэлсэн юм. Тухайн үед тэр гэрчилгээ нь хуурамч гэдгийг би яаж мэдэх билээ. 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд амаржаад гэртээ байсан болохоор энэ бүхнийг худал хуурмаг байх вий гэсэн ямар ч төсөөлөл байгаагүй. Биднийг залилсан энэ хүн арваннэгдүгээр сард өөд болсон. Одоогийн байдлаар би 120 сая төгрөгийн хохиролтой зогсож байна.
Хохирогч 3: Хохирогчдын тоо албан бус байдлаар 300 гаруй хүн байна гэж тооцоолсон. Бидэнтэй холбоо барьсан хүмүүс нь 100 гаруй байгаа. Бид нар НОСК, ТОСК-ын хохирогчдын холбоо гэж байгуулж байгаа юм. Энэхүү луйвар 2017 оноос хойш жил бүр явагдаж байсныг олж мэдсэн. Энэ жил магадгүй явагдах байх. Үүнийг одоо болиулах хэрэгтэй. Энэ хэрэг шийдэгдэхгүй явсаар хагас жил болох гэж байна. Зарим хүнээс гэрч, хохирогчийн ч мэдүүлэг аваагүй, хэрэг үүсгээгүй байгаа. Очоод уулзахаар Ш.Энхжаргал нь нас барсан болохоор уг хэргийг хаах саналтай байгаа гэж хэлсэн. Уг хэргийг албаар нуун дарагдуулж хаах гээд байгаа юм. Бид нар Ш.Энхжаргалыг амьд сэрүүн байх үед нь олон удаа ёс зүйн хороонд албан шаардлага хүргүүлж байсан. Гэвч нэг ч удаа хариу ирүүлж байгаагүй. Цагдаагийн байгууллагын албаны дарга нь энэ хэрэгт оролцсон болохоор энэ хэргийг шийдэж өгөхгүй, хаах гэж байгаа юм уу. Өнөөдөр Хууль зүйн яамны сайд О.Алтангэрэлд биечлэн албан бичгээ өгөх зорилготойгоор хүлээж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн