АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар баасан гарагт мэдэгдэл хийх үеэрээ хэрэв Орос-Украины энхийн хэлэлцээнд ойрын хугацаанд тодорхой ахиц дэвшил гарахгүй бол Вашингтон энэхүү зуучлалын оролдлогоосоо татгалзана гэж мэдэгджээ.
“Бид энэ асуудлыг хурдан, шуурхай шийдүүлэхийг хүсэж байна” хэмээн Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлсэн юм. Тэрээр “Хэрвээ хоёр талын аль нэг нь саад учруулсаар байвал бид зүгээр л ‘та нар тэнэг, та нарын үйлдэл тэнэглэл, та нар бол муу хүмүүс’ гэж хэлээд орхино. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй гэж найдаж байна” хэмээжээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Европын болон Украины удирдагчидтай уулзах үеэрээ хоёр тал ахиц дэвшил гаргахад ердөө хэдхэн хоногийн хугацаа үлдсэн гэж анхааруулсан юм.
“Бид энэ оролдлогыг хэдэн долоо хоног, сараар үргэлжлүүлэхгүй. Одоо бид маш хурдан шийдвэр гаргах ёстой. Энэ хэлэлцээ ойрын хэдэн долоо хоногт боломжтой эсэхийг тогтоох хэрэгтэй” гэж Рубио хэлжээ.
Трамп тодорхой хугацаа заахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг хэлэлцээг саатуулж байна уу гэх асуултад “Надад тэгж санагдахгүй байгаа” хэмээн хариулав.
Сүүлийн хэдэн долоо хоногт Трампын засаг захиргааны төлөөлөгчид Украины энхийн хэлэлцээ богино хугацаанд амжилтад хүрэх боломж улам бүр буурч байгааг дотроо хүлээн зөвшөөрч эхлээд буй.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “энхийн тохиролцооны хүрээнд тодорхой ахиц гарсан ч, АНУ-тай холбоо тогтоох нь амаргүй хэвээр байна” хэмээн мэдэгджээ. Тэрээр ОХУ өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, мөргөлдөөнийг шийдвэрлэхийг зорьж буйг тэмдэглэсэн байна. Мөн Москва АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд үргэлж нээлттэй гэж нэмж хэлжээ.
Түүнчлэн Украины талаас баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Украины ашигт малтмалын нөөцийг хамтран ашиглах талаар АНУ-тай хийж буй хэлэлцээрийг ирэх долоо хоногийн эцэс гэхэд дуусгахаар зорьж байгаа талаараа дурдсан байна. Украины албаныхны үзэж буйгаар энэ гэрээ нь Оростой хийж буй дайнд АНУ-ын дэмжлэг сулраад буй энэ үед тодорхой хэмжээнд бат бөх байдлыг хангах зорилготой аж.