Хэвлэл мэдээллийн шинэ хамтрал “Анализ шоу - Засаглал ба Зах зээл” нэвтрүүлгийн тусгай дугаарт “Татварын багц хуулийн шинэчлэл, нийгмийн даатгалын реформ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал, “Ceo Club”-ийн ерөнхийлөгч Б.Гантулга, СЭЗИС-ийн НББТ-ийн ахлах багш Ч.Өнөржаргал, Graph.mn сайтын тоймч, сэтгүүлч Г.Энэбиш, iToim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг, Lemon press-ийн гүйцэтгэх редактор С.Ангирмаа нар оролцжээ. Энэ үеэр СЭЗИС-ийн НББТ-ийн ахлах багш Ч.Өнөржаргал Татварын багц хуулийн төсөлд тусгагдсан Хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтөд байр сууриа илэрхийллээ. Мөн “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга НӨАТ-ын тухай үйлдвэрлэл эрхлэгчийнхээ зүгээс байр сууриа илэрхийлсэн юм. Н.Өнөржаргал: Цалингийн орлого дээр шууд бус орлого, үйл ажиллагааны орлогыг нэмсэн дүнгээс шаталсан татвар авах нь татварын ачааллыг нэмнэ

СЭЗИС-ийн НББТ-ийн ахлах багш Ч.Өнөржаргал: Хувь хүний албан татварын реформ гэж нэрлэсэн боловч ямар ч шинэ өөрчлөлт байхгүй байна. Тодруулбал, 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байсан. Түүний дүнгээр л жилийн хөнгөлөлтийн дүнг тавьснаас өөр ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэл байхгүйгээр 2020 оны хуулийг баталж хэрэгжүүлж байгаа. Хувь хүний орлогын албан татварын хувьд хүмүүс нэг хувийн татвартай болъё гээд байна. Одоо хувь хүн нэг сая төгрөгийн орлоготой байсан ч 10 хувь, тэрбум төгрөгийн орлоготой байсан ч 10 хувийн татвар авч байна. Орлогын татварын үндсэн зарчим бол нийгмийн гишүүн бүр нийгэмдээ хувь нэмэр оруулах ёстой, гэхдээ өөрсдийн бяр чадлын хэрээр оруулах ёстой юм. Гэтэл тэрбум болон сая төгрөгийн орлоготой хүнд ижил ачаа, хувь хэмжээ үүрүүлээд байна. Тэрбум төгрөгийн орлогоосоо 10 хувийн татвар төлж байгаа хүн үлдсэнээр нь амьдрах, сая төгрөгийн орлогоосоо 10 хувийн татвар төлж байгаа хүн үлдсэнээр нь амьдрах чинь маш их ялгаа гаргана шүү дээ.
Шаталсан тогтолцоо хувь хүний орлогын албан татварт байх нь зөв боловч манай шатлал хэтэрхий бага байна. Дундаж хэмжээний менежер хүн 15 хувийн татвар төлөх болох нь. Тэгээд татварт хамруулах орлогын хүрээг өргөсгөөд байна. Шинэ хуулийн төсөл дээр цалингийн орлого дээр шууд бус орлого, үйл ажиллагааны орлогыг нэмсэн дүнгээс шаталсан татвар авна гэж заасан байна. Тэгэхээр татварын ачаалал улам нэмэгдэнэ гэсэн үг. Цалингийнхаа хажуугаар орлого олдог хүний татварын ачаалал илүү нэмэгдэнэ. Тодруулбал, 1 хувийн татвар гэдэг үйл ажиллагааны орлого дээр байхгүй болно.
Нэгдүгээрт, шаталсан татвар шууд 10 хувиас эхэлж байгаа нь буруу. Орлогоос үл хамааран хүнд амьдралаа залгуулах хэмжээний мөнгө байх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яагаад тогтоогоод байгаа юм. Тэгэхээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг яагаад чөлөөлж болохгүй гэж.
Хоёрдугаарт, хувь хүний орлогын албан татварын реформыг өмнөх хуульд иргэн бүрийг татвараа өөрөө тайлагнадаг систем рүү шилжүүлье, ийм байдлыг нь сэдэлжүүлье гэж хөнгөлөлтийн бодлогыг баримтлахаар болсон. Гэтэл нэг удаа орон сууц худалдаж аваад л, хүүхэд нь сургуулиа төгсчихөөр тайлангаа өгөхөө больдог. Тайлангаа өгдөггүй хууль зөрчсөн үйлдэл байгаад байна. Манай улсын идэвхтэй ажиллаж буй хэсэг нь залуус. Залууст нийтлэг байгаа зүйл бол ипотекийн зээл. Тэгвэл зээлтэй байгаа хүн болгоны зээлийн хүүгийн зардлыг НДШ шиг хасагдах зардал болгочихъё. Тэгвэл зээлтэй бүх хүн зээлийн хүүгээ хасуулахын тулд хувь хүний татварын тайлангаа өгдөг болно.
Бүх татвар төлөгчдийг НӨАТ-ын харилцаанд оруулж бүртгэлтэй болгохыг зорьж байгаа нь зөв өнцөг. Харин малчин, тариаланч, хоёр дахь түүхий эд тушааж амьдралаа залгуулж буй хэсэг бий. Тухайн хэсгийг НӨАТ-ын бүртгэлд хамруулаад, оногдуулаад, цуглуулаад, татвар төлүүлнэ гэдэг тэрнээсээ илүү зардал чирэгдэл гаргаж болзошгүй. Тийм учраас НӨАТ-ын босго гэж байдаг. Нөгөө талдаа нийлүүлэлтийн үе шатанд болгонд оногдуулж байгаа этгээдэд жигд оногдоод хэн нэгэнд илүү ачаалал болох ёсгүй. Төвийг сахисан байх ёстой.
Б.Гантулга: НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх гээд байгаа нь ААН-үүдэд давуу байдал үүсэхгүй. Харин бүгд НӨАТ больё гэдэг нь зөв

“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Хамгийн гол зохицуулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлбэл Нийгмийн даатгалын шимтгэлийн реформ нэгдүгээрт, дараа нь Татварын тухай багц хууль орж ирнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах ирээдүйдээ баталгаатай байх хамгийн том хөшүүрэг. Татварын тухай багц хууль нь хүмүүсийн бизнес буюу хийж байгаа ажилтай нь илүү холбоотой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд реформ гэдэг нэртэй боловч байгаа систем нь хэвэндээ үргэлжилсээр ирсэн. Тиймээс үүнд реформ хийх шаардлагатай. Монгол Улсын сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжиж ирсэн эдийн засаг, бизнесийн орчноо харвал арилжаа, наймаа, гадаад худалдаа суурьтай. Үүнийг дагаад арилжааны банкнууд хөгжсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын орчин нь бизнесийн орчноо бий болгосон. Арилжаа, наймаа хийдэг л зах зээл болоод байна. Ерөнхийдөө үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хөгжсөнгүй. Реформын хэмжээнд өөрчилнө гэдэг дотоодын үйлдвэрлэл яах вэ. Татварын бодлого үүнд өөрчлөгдөх шаардлага бий. Нөгөө талаасаа орлогын албан татвар, НӨАТ гээд авч байгаа. Тэгэхээр дэлхийн бусад орнууд гаднын хөрөнгө оруулалтууд, бизнесээ дэмжих зорилгоор ямар шинэ татварын орчныг бий болгож байгааг судлах хэрэгтэй.
Хөдөө аж ахуйгаас бэлтгэж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлдөг. Үүнээс болж олон жилийн хугацаанд үйлдвэр дарамт авсан. Учир нь бид малчдаас очоод сүүг нь авахад малчид мэдээж НӨАТ бичиж өгөхгүй. Харин бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлгүүртээ өгөхөд дэлгүүр нь биднээс НӨАТ нэхдэг. Бид НӨАТ-аа гаргаад өгөхөд НӨАТ-ын өрөнд үйлдвэр орчихдог. Энэ нь компанийн ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварт нөлөөлдөг. Гэтэл хуурай сүү импортолж оруулж ирдэг компаниудад хамаагүй давуу байдал үүсэж, хөдөө аж ахуйгаас сүү бэлтгэж үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг.
Энэ хуулийг 2018 онд өөрчилж байсан. Нэгэнт ХАА-аас сүү бэлтгэж байгаа үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлж байгаа бол бүтэн шугамаар нь чөлөөлөөд, хэрэглэгчдэд НӨАТ шингээгүй бүтээгдэхүүн очих ёстой гэж үзээд үйлдвэр, дэлгүүрүүдийг чөлөөлөхөөр ярьж байсан. Тухайн үед үйлдвэрүүдийг чөлөөлж дэмжинэ гээд дэлгүүрүүдийг хассан. Гэтэл өнөөдөр НӨАТ-ын дарамт нь дэлгүүрүүдэд ирсэн. Өөрөөр хэлбэл, дэлгүүрүүд үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр 10 хувь нэмж зарахад болох байтал НӨАТ-ын дарамтаас гарахын тулд 20-25 хувь нэмж зардаг болсон.
Энэ нөхцөл байдал сүүний салбар дээр маш их мэдрэгддэг. Нэг талаасаа бүгд НӨАТ төлөх нь зөв. НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар. Нөгөө талаасаа НӨАТ-аас чөлөөлөх босго хэмжээ нэг л байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг олгосноор бид орлогоо бүртгэж чадна. Иргэдэд 10 хувийг нь буцаагаад иргэдэд өгчихдөг болбол иргэд аль болох гэртээ ойрхон, тав тухтай, нэмээд улсдаа татвар төлдөг байгууллагуудаар үйлчлэх сонирхолтой болно.
Эргээд НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх гээд байгаа нь ААН-үүдэд давуу байдал үүсэхгүй. Яагаад НӨАТ-ын босгыг нэмэгдүүлье гээд байна вэ гэвэл аль болох л татвар төлөхгүй байх сонирхолтой байна. Тэр давуу байдал хэрэглэгчдэд очвол НӨАТ төлдөггүй байгууллагууд НӨАТ төлөгч болох сонирхол нь нэмэгдэнэ.