Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэж, батлах төлөвтэй байна.
Энэхүү төслийг дагасан хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээнд өрнөж, “Оросын бүрэн хараат байдалд орох нь” гэх шүүмжлэл давамгайлж буй. Гэвч Засгийн газрын зүгээс тайлбарлахдаа “Монгол Улс өнөөдрийг хүртэл агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж ирсэн. Уг хэлэлцээрээр дамжуулан дундын зуучлагчгүйгээр, Орос-Монголын хамтарсан компанийн оролцоотойгоор түлш нийлүүлэх зохицуулалтад шилжинэ” гэж онцлоод байгаа юм.
Тэгвэл Монгол Улстай газарзүйн байршил болон түлшний хангамжийн бүтцээрээ төстэй Төв Азийн улс орнууд онгоцны түлшний хувьд ОХУ-аас ямар хамааралтай байгааг дараах жишээнүүдээс харж болно.
Төв Азийн ихэнх улсуудад хувийн компаниуд онгоцны түлш импортлох үйл ажиллагаанд оролцдог боловч энэ бүтэц улс орон бүрт эрчим хүч, нисэхийн салбар дахь төрийн хяналт, чөлөөлөлтийн түвшнээс хамаарч ялгаатай байна.
Хэдийгээр нефть ихтэй орон боловч Казахстан улс зарим үед нисэхийн түлшээ импортлох нь бий. Энэ нь дотоодын боловсруулах үйлдвэрүүд засварт орсон эсвэл нийлүүлэлтийн асуудал үүссэн үед тохиолддог. Импортын ихэнх нь Орос болон ойр орчмын бусад улсуудаас ирдэг. Тус улсын онгоцны түлшний зах зээл хэсэгчлэн чөлөөлөгдсөн тул хувийн болон төрийн өмчит компаниуд аль аль нь түлш импортлох боломжтой.
KazMunayGas компани нь үндэсний нефть, хийн компани бөгөөд боловсруулах үйлдвэр болон хоолойн дэд бүтцийг хариуцдаг. Харин охин компани KMG Aero нь онгоцны түлшний ложистикийг хариуцдаг аж. Роснефть, Лукойл зэрэг оросын компаниуд түлш нийлүүлэгчээр оролцдог боловч шууд импортлогч компанийн эзэмшигч биш юм. Зарим тохиолдолд хамтарсан үйлдвэр (joint venture) байдлаар хамтран ажилладаг.
Киргизстан улс томоохон боловсруулах үйлдвэргүй тул онгоцны түлшний хэрэгцээгээ голчлон Орос, Казахстанаас импортоор хангадаг. Онгоцны түлш импортлох салбарт төрийн оролцоо багатай. Уг үйл явцад хувийн секторын оролцоо түгээмэл. PetroKyrgyz, Shoro Group зэрэг хувийн компаниуд Орос, Казахстанаас түлш импортолдог байна. Зарим оросын компаниуд онгоцны түлшний нийлүүлэлтэд хамтарсан компани эсвэл худалдааны гэрээ хэлбэрээр оролцдог боловч шууд эзэмшдэггүй.
Тажикистан улс дотоодын боловсруулалтын хүчин чадал багатай тул зах зээл нь хувийн худалдаачдаас ихээхэн хамааралтай. Тус улс онгоцны түлшээ голдуу Орос, Казахстанаас импортолж, нисэхийн хэрэгцээгээ хангадаг.
Talco Service зэрэг төрийн байгууллагууд эрчим хүч болон онгоцны түлшний импортод оролцох нь бий. Орон нутгийн хувийн дистрибьюторууд ч түлш импортолдог. Лукойл, Газпромнефть зэрэг оросын компаниуд түлш нийлүүлдэг ч ихэвчлэн орон нутгийн түншүүдээр дамждаг тул шууд өмчлөл биш.
Узбекистан улс тодорхой хэмжээнд онгоцны түлшээ дотооддоо үйлдвэрлэдэг ч, эрэлт ихсэх үед, боловсруулах үйлдвэр нь хангалттай хүчин чадалгүй үед боловсруулсан түлш импортоор авдаг.
Сүүлийн жилүүдэд хувийн компаниудад нисэхийн түлш импортлох эрх олгох бодлого хэрэгжиж байгаа. Гэвч Uzbekneftegaz гэх төрийн нефтийн компани голлох үүргийг гүйцэтгэсээр байна. Импорт ихэвчлэн Орос эсвэл Казах түншүүдээр дамжин хийгддэг.
Туркменистан нь нефтийн нөөц болон боловсруулах хүчин чадалтай ч, дотоод ложистик, экспортын гэрээ хэлцлээс шалтгаалан зарим үед бага хэмжээгээр онгоцны түлш импортлох тохиолдол байдаг.
Маш төвлөрсөн, төрийн хяналттай системтэй. Нисэхийн түлш зэрэг түлшний худалдааг Turkmennebit, Turkmenhimiya зэрэг төрийн компаниуд бүрэн хянадаг. Хувийн компаниар дамжсан импорт маш ховор бөгөөд хориотой байдаг.
Үүнээс харахад төрийн өмчит компаниуд нь Узбекистан, Туркменистан улсад давамгайлж байгаа бол хувийн компаниуд Казахстан, Киргизстан, Тажикистан улсад онгоцны түлшний импортын гол үүргийг гүйцэтгэж байна. Мөн Оросын компаниуд түлшний гол нийлүүлэгч хэдий ч, импортлогч компанийг эзэмшдэггүй, ихэвчлэн түншлэл, гэрээгээр оролцож байгаа юм.