Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Кэти Перри Австрали дахь Кэти Перритэй шүүхдэлцсээр байна

Кэти Перри Австрали дахь Кэти Перритэй шүүхдэлцсээр байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 18
Нэг нь сансарт ниссэн дэлхийн поп од. Харин нөгөөх нь загвар зохион бүтээгч. Тэдний хоорондын зөрчил Австралийн дээд шүүхийн хаалгыг дахин тогшжээ.
Поп дуучин Кэти Перри болон Австралийн загвар зохион бүтээгч Кэти Перри нарын олон жил үргэлжилсэн худалдааны тэмдгийн маргаан дахин идэвхжээд байна.
Австралийн Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт “Тейлор vs. Киллер Куин” нэртэй хэргийг дахин хэлэлцэх шийдвэр гаргасан юм. Учир нь Сиднейд төвтэй загвар зохион бүтээгч Кэти Перри дэлхийд алдартай дуучин Кэти Перриг түүний “Katie Perry” нэрт худалдааны тэмдгийг зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаад олон жилийн нүүрийг үзэж байна.
undefined
Загвар зохион бүтээгч Кэти Жэйн Тейлор 2008 онд “Katie Perry” нэрийг Австралид албан ёсоор худалдааны тэмдэг болгон бүртгүүлсэн аж. Тэрээр компанийхаа үйл ажиллагааг нэг жилийн өмнө буюу 2007 онд эхлүүлжээ. Харин жинхэнэ нэр нь Кэтрин Элизабет Хадсон болох дуучин Кэти Перри 2002 оноос хойш уран бүтээлийн замналаа “Katy Perry” нэрээр явуулж, энэ нэрийг мерчендайз бүтээгдэхүүн, бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах болсон юм.
Хэргийг хянаж буй шүүгч Брижит Маркович энэ маргааныг "Хоёр эмэгтэй, хоёр өсвөр насны мөрөөдөл, нэг нэрийн тухай түүх" хэмээн тодорхойлсон нь олны анхаарлыг татаж байв.
Хоёр талын хоорондын маргаан анх 2009 онд эхэлж, 2019 онд холбооны шатны шүүхэд шилжжээ. Тухайн үед загвар зохион бүтээгч Тейлор дуучин Кэти Перриг “Killer Queen”, “Kitty Purry”, “Purrfect Ventures” зэрэг компаниараа дамжуулан тоглолтын үеэр болон онлайнаар “Katy Perry” нэрийн хувцас, бараа бүтээгдэхүүн худалдаалсан гэж мэдүүлсэн байна.
Энэхүү хэрэг нь зөвхөн ижил төстэй нэрийн асуудлаас хальж, дэлхийд танигдсан алдартнуудын нэр хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй эсэх, мөн “өөрийн нэрийг хамгаалах” гэдэг нь хууль ёсны нэр, уран бүтээлийн нэр эсвэл тайзны нэрийг хамрах эсэх зэрэг хууль зүйн нарийн асуудлуудыг хөндөж байна.
Поп дуучин Кэти Перри 2009 онд “Katy Perry” нэрийг Австралид худалдааны тэмдэг болгон бүртгүүлэх хүсэлт гаргаж, дизайнертай зэрэгцэн орших тухай гэрээ байгуулах санал тавьсан ч дизайнер Кэти Перри уг саналаас татгалзсан гэдэг.
2023 онд загвар зохион бүтээгч Кэти Перри шүүхийн анхан шатанд ялалт байгуулсан ч, өнгөрсөн жил давж заалдах шатны шүүх түүний ялалтыг хүчингүй болгож, бүр худалдааны тэмдэгтийг нь цуцалсан. Гэвч сүүлд Дээд шүүх энэ маргааныг дахин авч үзэхээр болсон нь уг хэргийн ард томоохон хууль зүйн суурь асуудал байж болзошгүйг харуулж байна.
Маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамааран Кэти Перригийн “Lifetimes” нэртэй аялан тоглолт энэ зун Австралид зохион байгуулагдах бөгөөд 15 тоглолт хийхээр төлөвлөжээ. Үүнд загвар зохион бүтээгч Тейлорын төрөлх хот болох Сиднейд зургадугаар сарын 4, 9, 10-ны өдрүүдэд болох тоглолтууд багтаж байгаа юм.
Австралид иймэрхүү хэрэг цөөнгүй гарч байсны нэг жишээ нь Burger King юм. Тус сүлжээ ресторан Австралид өөр нэгэн ижил нэртэй газар байсан тул Hungry Jack’s нэрээр үйл ажиллагаа явуулдаг болсон.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн