Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Б.Пүрэвдорж: Дэлхийн ноолуурын 50 хувийг үйлдвэрлэдэг Монгол Улс өөрсдөө ноолуурын үнээ тогтоох ёстой

Б.Пүрэвдорж: Дэлхийн ноолуурын 50 хувийг үйлдвэрлэдэг Монгол Улс өөрсдөө ноолуурын үнээ тогтоох ёстой
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 18
Монгол Улсын Засгийн газар 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр ноолуурын борлуулалтад сөргөөр нөлөөлж, үнэ буурахад хүргэж байгааг малчид шүүмжилж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малчдыг энэ жил 10 мянган төгрөгийн зөрүүг тэвчээд, зардлаа хэмнэж, Монголдоо үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэсэн юм.
Тэрээр “БНХАУ манай улсаас түүхий ноолуур худалдаж аваад Хэбэй мужид тосгоноороо самнаж, боловсруулан дахин экспортолдог. Гэр бүлийн хэмжээнд самнах төхөөрөмжтэй, орон гэртээ боловсруулалт хийдэг болсон. Ингээд Монголын ноолуурыг Итали руу экспортолдог. Заримыг нь өөрсдийн ноолууртай холиод хятадын ноолуур гэж нэрлэн гаргадаг. Тиймээс манай улсын зүгээс самнасан ноолуур экспортлох нь чухал гэж үзэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2020 онд тогтоолын төсөл санаачлан батлуулсан. Гэсэн ч Засгийн газар уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удаашруулж ирсэн. Тогтоол хэрэгжиж эхэлснээр өмнө нь жилд 40 тонн самнасан ноолуур Итали руу гардаг байсан бол энэ тоо 1000 орчим тоннд хүрч өссөн. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдийн ч гавьяа юм.
Хятад улсын талаас ноолуур худалдаж авах сонирхол буурч байгаа нь Трампын тарифын бодлого, Хятадын дотоод зах зээлийн тодорхойгүй нөхцөлтэй холбоотой. Монголд байгаа гурван хятад цагаач нь хамгийн том ченжүүд юм. Тэд нэг кг ч ноолуур аваагүй байна.
Үндэсний үйлдвэрлэгчид энэ жил зүүн аймгуудын ноолуурыг 158-165 мянган төгрөгөөр худалдан авсан ч санхүүжилтийн дутагдалд орсон. Энэ нь баруун бүсийн ноолуурын үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул УИХ болон Монголбанк хамтран нэмэлт санхүүжилт олгох талаар хэлэлцэж байгаа. Хэрэв энэ шийдэл хэрэгжвэл өмнө жил 130-135 мянган төгрөгөөр худалдаж авч байсан ноолуурыг энэ жил 120 мянган төгрөгөөс доош үнээр буулгахгүй байх төлөвтэй юм.
Хятадын ченжүүд өмнө нь 10 мянган тонн ноолуурын 7-8 мянгыг нь авдаг байсан. Харин энэ жил ченжүүд мөнгөгүй байгаа тул бид дотооддоо ноолуураа самнахаас өөр аргагүй байна. Самнах хүчин чадал нэмэгдэж байгаа тул үнэ унахгүй. Малчид энэ жил тэвчээртэй байж, дотооддоо боловсруулалт хийж чадвал дараа жилээс Итали, Франц зэрэг улсуудаас хөрөнгө оруулагчид орж ирж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болох боломжтой. Ингэснээр Ж.Энхбаяр сайдын хэлсэнчлэн 700 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээж чадна. Малчид энэ жил 10 мянган төгрөгийн зөрүүг тэвчээд, зардлаа хэмнэж, Монголдоо үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Бид дэлхийн ноолуурын 50 хувийг үйлдвэрлэдэг хэр нь үнээ тогтоож чаддаггүй. Иймээс бид өөрсдөө үнээ тогтоох боломжтой орчныг бүрдүүлэх нь чухал” гэв.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн