Монголын дарга нарын үг нь үйлдэл болдог, үнэхээр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсансан бол монголчууд өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихсон байх байв. 2018 оны зургадугаар сарын 22-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх (одоогийн Ерөнхийлөгч) Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, 2022 онд ашиглалтад оруулна гэж ам гарч байлаа. Харин өнөөдөр энэ амлалт нь замхарч, амласан хүн нь улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшсэнийг бүгд харж байна. Чингис бондтой тэнцэхүйц хэмжээний гаднын зээлээр барьж буй Газрын тосны боловсруулах үйлдвэр нь 2027 оноос ашиглалтад орох сураг бий. Харамсалтай нь, удтал хүлээж буй энэ үйлдвэр ашиглалтад орлоо ч бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ.
Монгол Улс нефть бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас бараг 100 хувь хараат. Автобензин, дизель түлшнийхээ 90 гаруй хувийг, агаарын хөлгийн түлшээ 100 хувь Оросоос импортолдог. Харин Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хараат байдал арилна гэдэг. Гэхдээ ОХУ-ын хувьд Монголыг үйлдвэргүй, мөнхийн хараат байлгах ашиг сонирхлыг Газрын тосны үйлдвэрийн шав тавьсан цагаас хойш илэрхийлж, хүслээ Монголын хэсэг бүлэг дарга нараар гүйцэлдүүлж байна. Өнөөдөр нийгмийн шүүмжлэлийг дагуулж буй “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг яагаад оруулж ирсэн, өмнө нь ямар процессууд өрнөж, Монголын дарга нар Оросын хүслийг хэрхэн гүйцэлдүүлснийг он цагтай хүргэе.
-Жил бүр Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болдог. 2019 оноос ОХУ-ын тал Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд “Хөшигийн хөндий шинэ нисэх буудлын шатахуун хангамжийг асуудлыг хариуцан ажиллах тухай санал”-ыг анх тавьсан байна. Тухайн үед Монголын талын Засгийн газрын комиссын даргаар Ө.Энхтүвшин ажиллаж байжээ.
-2019 оноос хойш болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд дээрх асуудлыг 2-3 удаа илэрхийлсэн бөгөөд Шадар сайд, Монголын талын Засгийн газрын комиссын дарга С.Амарсайханы үед бодитой ажил хэрэг болгох санаачилга эхэлжээ. Тодруулбал, 2020 онд ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх төслийг ярьж байх үед уг асуудал дахин яригдсан байна. Тухайн үед Монголын талаас "Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн асуудал дээр манайхаас төрийн өмчийн компаниа оролцуулж, танай төрийн өмчийн компанитай хамтарч явах саналыг тавьсан байна. Энэ хүрээнд Монголын талаас төрийн өмчийн Эрчис Ойл компанийг 2020 оны нэгдүгээр сард байгуулсан түүхтэй аж.
-Оросуудын саналыг ажил хэрэг болгоход Шадар сайд С.Амарсайхан нэлээд идэвх гаргажээ. Тэрээр 2021 онд уг асуудлыг шийдвэрлэх ажлыг ахалж, тус оны аравдугаар сард Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Г.Ёндонгоор /УУХҮ-ийн сайд/ УИХ-д өргөн бариулсан. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгтээ яаралтайгаар хэлэлцүүлэх үед 3 асуудлыг онцгой анхааруулсан байгаа юм.
1. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарах онгоцны түлшээ тэгээд яах юм бэ. Энийгээ эхлээд яриач ээ!
2.Оросууд 49 жилийн хугацаатайгаар үргэлжүүлье гээд байгаа юм байна. Энэ асуудлыг яах юм бэ гэж.
3. Хамтарсан компани 60, 40-ийн харьцаатай байна гэснээ Оросууд гэнэт 40 хувь бага байна гэсэн асуудлыг гаргасан учраас уг төслийг хойшлуулах саналыг Г.Ёндон тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт хэлж байжээ.
2021 оны арванхоёрдугаар сард нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах товтой байсан учраас тэр үед дахин ярилцъя, энэ асуудлыг айлчлалын үеэр ярилцах гол сэдэв болгож, боломжийг ашиглахаар шийдсэн байна.
-Ерөнхийлөгчийн айлчлалаас ирээд уг асуудлыг дахин УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж дэмжүүлсэн байна. Улмаар, 2022 оны гуравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар ОХУ-д ажилласан. Тухайн үед дотоодод шатахууны хомсдол үүсэж, үнэ хэлбэлзэлтэй байсан үе. Энэ үеэр ОХУ-ын талтай шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар яриа хэлэлцээ хийх гэж явахдаа агаарын хөлгийн түлшний хангамжийг хариуцсан хамтарсан компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.
-Г.Ёндон сайдын 2021 оны аравдугаар сард өргөн барьсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2022 оны долдугаар сарын 4-нд гэнэт хэлэлцэв. Гэнэт гэсэн нь бас учиртай. 2022 оны долдугаар сарын 5-6-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр "асуудлыг шийдэж байгаа шүү" гэдгээ Монголын Засгийн газар, УИХ үйлдлээрээ илэрхийлсэн хэрэг. С.Лавровын айлчлалын маргааш нь УИХ-аар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд намрын чуулганаа өндөрлүүлсэн байдаг.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байсан.
Харин үүнийг өөрчилж 7.2-т "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” болгохоор оруулж ирсэн юм.
2022 оны арванхоёрдугаар сар
-Ингээд Г.Ёндон сайдын эхлүүлсэн хуулийн өөрчлөлтийг УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр баталсан /Энэ үед УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болсон байв/. Монголын дарга нар онгоцны түлшний хангамжийг Оросуудын бүрэн хяналтад оруулах хууль эрх зүйн замыг нь ингэж засаж өгсөн гэсэн үг. Хэрэвзээ Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т дээрх өөрчлөлтийг оруулаагүй бол ОХУ-ын төрийн өмчит "Роснефть Аеро" өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудлын түлшний хангамжийн цогцолборыг хариуцан ажиллахыг туурга тусгаар улсынхаа хуулийн хүрээнд хязгаарлах боломжтой байх байсан.
-Хууль эрх зүйн хүрээнд ОХУ-ын компани Монголд давуу эрхтэй үйл ажиллагаа явуулах эрх нээгдсэн учраас хамтарсан компани байгуулах ажил өнөөдөр ид өрнөж, олны шүүмжлэлийг дагуулж байгаа нь энэ.
"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн гол зорилго нь хамтарсан компани эрхлэх таатай орныг бүрдүүлэхэд чиглэж байгааг тодотгожээ. Энэхүү 5 хуудас бүхий 12 зүйлтэй хэлэлцээрийн баримт бичигт маш ноцтой зүйлсийг тусгасан нь нийтэд ил тод болсон. (хэлэлцээрийн 4, 5, 7, 9 зүйлд маш ноцтой агуулгууд бий. Зурагт дэргэрэнгүй харуулав.)
Гэсэн ч Монголын дарга нар, эрх баригчид энэ чигээр нь батлах нь тодорхой.
Ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-ын айлчлалаас өмнө энэ асуудлыг бүрэн шийдэхээр зэхэж байгаа аж. Ер нь хэлэлцээрийг баталсан батлаагүйгээс үл хамааран Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийг Оросууд шууд өөрсдийн компаниараа дамжуулан удирдах, оролцох хуулийн эрхийг нээгээд өгчихсөнд асуудал байгаа юм.
Онгоцны түлш нийлүүлэх, хангамжийг хариуцан ажиллах хамтарсан компанийн 60 хувийг Монголын "Эрчис Ойл", 40 хувийг Оросын "Роснефть Аеро" эзэмшинэ гэж талууд тохирч байгаа ч явцын дунд Оросууд барьцаа ахиулна, цаашлаад онгоцны түлшний зах зээлээс автобензиний зах зээл рүү орох эрсдэл ч бий. Өнгөц харахад, Монгол Улс угаасаа 100 хувь ОХУ-аас шатахуун, агаарын түлшээ авдаг учраас чанарын ялгаагүй гэж харна. Гэвч туурга тусгаар Монгол Улсын аюулгүй байдал улам л алдагдах эрсдэлтэй. Хэдий гаднаас түлшээ авдаг нь үнэн ч дотоодын зах зээлд дүрэмгүй тоглох эрхийг гаднын төрийн өмчит компанид шилжүүлж байна гэсэн үг. Муугаар бодвол Монгол Улсын газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход айлаас /ОХУ/ манай түлшийг манай онгоцны буудалд ашиглаач гэж гуйх дээрээ тулж мэднэ. 1949 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр УБТЗ-ыг Оросууд хэрхэн өөртөө нэгтгэж, өнөөдрийг хүртэл зулгааж, тавьж явуулахгүй байгааг бүгд харж байгаа. Энэ бүхнийг Монголын дарга нар бүгд мэддэг, ярьдаг хэрнээ ОХУ-ын хүслийг биелүүлэх ажлыг өөрсдийн гараар гүйцэтгэдэг нь гунигтай.
Ц.Туваан сайдын "Миний оронд хэн ч байсан энэ асуудлыг хийнэ" гэж хэлсэн нь үнэн. Учир нь, сайд хэн байх нь хамаагүй, бүгд Оросын хүслийг гүйцэлдүүлдэг. Энэ удаа ялгаа нь МАН-ын дарга нар энэ асуудлын галыг засагт хамтарсан АН-ын сайд нар дээр дуудаж байгаад ах нартаа бэлэг барьж байгаа бололтой.