Б.Даваасүрэн олон улсын тэмцээнээс медаль авсан Монголын анхны тэргэнцэртэй сэлэмчин боллоо. Тодруулбал, Хонгконгт 2025 оны дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “2025 Para Fencing Satellite Tournament” тэмцээн болж, дэлхийн 7 орны олимп, дэлхийн чансаатай 70 орчим тамирчин хурд, хүч авхаалж, самбаагаа сорилоо. Энэхүү тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцож, B ангилалд мөнгөн медалийн эзэн болсон юм. Б.Даваасүрэн нь Монгол Улсын тэргэнцэртэй туялзуур сэлмийн тэмцээний дөрвөн удаагийн аварга юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Паралимпад оролцох эрхэм зорилготой бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байна
-Юун түрүүнд танд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хэр урт хугацаанд бэлдсэн бэ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Баярлалаа. Олон улсын тэмцээнээс анхны медалиа авлаа. Энэхүү тэмцээнд оролцохдоо бүтэн жилийн бэлтгэлийн формтой байсан болохоор мөнгөн медалийн эзэн боллоо. Ер нь долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй байсан. Түүнчлэн, гуравдугаар сарын 20 хүртэл хүчний бэлтгэл хийгээд булчингаа амрааж, сэлмийн бэлтгэлдээ түлхүү анхаарсан. “2025 Para Fencing Satellite Tournament” тэмцээнд нэгдүгээр сараас эхэлж багш нартайгаа төлөвлөгөө гаргаж бэлдсэн болохоор ямартай ч амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан.
-Өрсөлдөгч тамирчдын хувьд хэр байсан бэ. Учраа таарсан тамирчдаас хэн нь хамгийн амаргүй байв?
-Өмнө нь Азийн наадам, Азийн аваргаар таарч байсан тамирчидтайгаа нэг хэсэгт орсон.Тийм болохоор аль болох алдаа бага гаргаж бэлтгэл дээрээ давтаж байсан техник дасгалуудаа сайн хийж өрсөлдөгчөө хожсон. Хэсэгтээ зургаан тулаан хийж 5 ялсан.
-Багш нар нь тэмцээний өмнө болон тэмцээний үеэр юу гэж захисан бэ?
-Энэ тэмцээнд оролцохдоо дасгалжуулагчгүй явсан болохоор интернэтээр холбогдож зөвлөгөө авсан. Багш нар сайн амрах хэрэгтэй, бодлоо цэгцэлж урдах өрсөлдөгчөө хожоод яваад байна гэж зөвлөсөн. Тэмцээний өдөр шөвгийн дөрөв болон аваргын төлөө тулалдахад багш нартайгаа интернэтээр ярьж цуг явсан тамирчин хэлсэн үгийг нь дамжуулсан.Энэ ташрамд, Б.Хүсэлтүвшин болон Б.Гэрэлмаа багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Анх яагаад туялзуур сэлмээр хичээллэх болсон бэ. Энэ спортоор хичээллэхийн хамгийн сайхан тал нь юу вэ?
-Багаасаа л спортод дуртай хүүхэд байсан. Тодруулж хэлбэл 12 настайгаасаа одоог хүртэл спортоор хичээллэж байна. Эхлээд хөнгөн атлетик, жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан. Осолд орсныхоо дараа эмнэлэгт байх хугацаандаа тэргэнцэртэй туялзуур сэлмийн спортын талаар судалж мэдсэн. Ямар нэгэн хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг. Монгол Улсад 2018 онд тэргэнцэртэй сэлмийн холбоо байгуулагдсан цагаас хойш бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна. Иймдээ ч Монгол Улсынхаа аваргад дөрвөн удаа түрүүлсэн. Туялзуур сэлмийн спорт нь тухайн хүнээс гарч болох хурд, хүч, тэсвэр тэвчээр бүх зүйлийг шаарддаг. Энэ спортоор амжилт гаргах нь тухайн хүний сэтгэл зүйтэй асар их холбоотой.
-Туялзуур сэлмийн спортоор хичээллэж эхэлснээр танд юу өгсөн гэж боддог вэ?
-Энэ спорт надад эрхэм зорилго, сайхан хамт олныг өгсөн. Хүсэл мөрөөдөл, мөрөөдөл, багш нар, хамт олон надад байгаа учраас тууштай спортоор хичээллэж байна. Дуртай зүйлээ хийж байгаа учраас шантардаггүй. Эрүүл мэндийн шалтгаанаас болж л бэлтгэл тасалдахгүй бол бусдаар бэлтгэлээ тасалж байсан удаа байхгүй. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэр дундаа Зэвсэгт хүчний 013-р ангийн хамт олондоо баярлалаа.
-Нууц биш бол дараагийн зорилго, ойрын төлөвлөгөөнөөсөө уншигчидтай хуваалцахгүй юү?
-Солонгос улсад энэ оны есдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Үүнд л гол анхаарлаа хандуулж байна. Энэ эрчээ алдахгүй 2028 оны Лос-Анжелисийн Паралимпад эрхээ авч оролцохыг зорьж байна.
-Магадагүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцээд шантарч байгаа хүмүүс байвал тухайн хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Хүмүүст сэтгэлийн тэвчээртэй, аливаа зүйлийг даван туулах сэтгэлийн хаттай байгаасай гэж хэлэхийг хүсдэг. Шантармаар зүйлд хүнд зөндөө тохиолддог. Огцом шийдвэр битгий гаргаарай. Тайвнаар бодож даван туулаарай.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.