Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликейшн руу дөрөвдүгээр сарын 16-наас хойш нэвтрэх боломжгүй болж алдаа заасан. Тус системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликейшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын нэгдсэн лавлахаас тодруулахад “Ebarimt сайт, аппликейшнд гэмтэл гарсан тул засварлаж байна. Одоогоор хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна” гэлээ.
Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын газраас "Даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “Ebarimt” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно" гэж мэдэгдэв.
Мөн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан билээ. Гэвч иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг аппликэйшн хэвийн болох хүртэл мэдэх боломжгүй болоод байна.