Инфляцын түвшин 2024 оны гуравдугаар сард 6.2 хувь байсан бол 2025 оны гуравдугаар сард 9.1 хувь болж, 2.9 нэгж хувиар нэмэгдсэн байна. Төв банк инфляцыг 2026 он дуустал 6 хувь дээр нэмэх, хасах 2 байлгах зорилттой ажиллаж буй. Түүнчлэн, 2027 онд инфляцыг 7 хувьд тогтвортой байна гэж төсөөлж, мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн инфляцын түвшнийг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж буй талаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-Инфляцын түвшин 9.1 хувьтай байна гэдэг бага тоо биш. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Мөнгөний бодлогоос үл хамаарсан гадаад, дотоод, улирлын, цаг агаарын хүчин зүйлүүд байдаг. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацааны нийт үнийн өсөлтийг тооцож харвал, үнэ нь 120-130 хувь өссөн, мөн буурч байгаа бараа бий. Сүүлийн таван жилийн үнийн өсөлтийн гуравны нэгийг нь зөвхөн 18 бараа бүрдүүлж байна. Жил, сар болгоны инфляцад хамгийн өндөр нөлөөтэй байгаа эхний 10 бараа нь нийт инфляцын 35 хувийг тайлбарлаж байгаа. Мөн нөлөө үзүүлж буй 11-20 дахь барааг тооцвол 15-20 хувийг бүрдүүлнэ. Ингэхээр инфляцад нөлөөлж буй эхний 20 барааг тооцвол нийт инфляцын 50-60 хувь нь эдгээр бараа, бүтээгдэхүүнээр тайлбарладаг. Инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 20 бараа бүтээгдэхүүнийг харвал 8-11 нь дотоод хүнсний бүтээгдэхүүн байна. Дотоодын хүнсний бүтээгдэхүүн гэдэгт голлон нөлөөлж байгаа нь мах, сүү, гурил гээд гурван бүтээгдэхүүн бий. Гурил, мах гэдэг бүтээгдэхүүнийхээ үнийн савлагааг тогтвортой байлгахад нийт инфляцын хамгийн багадаа 30-40 хувь нь шийдэгдэнэ. Энэ үр дүнд хүрвэл инфляц 6 хувь руу автоматаар буух бололцоо бий.
-Тэгвэл гурил болон махны үнийг бууруулахын тулд юу хийх шаардлагатай байна вэ?
-Гурил болон махны үнэ эдийн засаг хэр идэвхжиж, бодлогын хүү ямар байна гэдгээс төдийлөн хамаардаггүй. Харин хэр хэмжээний ургац тариалсан, ямар цаг агаарын нөхцөлд байсан, зуд, хаваржилт, зун, намар байснаас ургац хураалт, мах бэлтгэл хамаарна. Хөдөө тариалангийн талбай, малчны хотноос Улаанбаатар хотын зах дээр авчрахад ямар нийлүүлэлтийн шат, дамжлагаар авчирч байна. Тэр дунд нь ямар хэмжээний өртөг хаана нэмэгдээд жилийн саруудад ямар байдлаар хэлбэлзүүлээд байна гэдгээс хамааралтай зүйл болж хувираад байгаа. Иймд мөнгөний бодлогоос илүү нийлүүлэлтийн тогтолцоог нь илүү сайн болгох, өртөг, нийлүүлэлтийн гинжин хэлхээг сайжруулах шаардлагатай. Мөн цаг агаарын эрсдэлийг бага байлгах, чанарыг нь алдагдуулахгүйгээр зоориндоо хадгалж жилийн турш тогтвортой нийлүүлэлтийг хангаж чаддаг тогтолцоог бий болгож чадвал инфляц, ялангуяа хүнсний үнийн дарамтаас ангижирч болохоор байна. Тэгж байж бодлогын хүү үүнийг дагаад тодорхой хэмжээнд буурна. Ингэснээр зээл, санхүүжилтийн нөхцөл, бизнесийн эргээд сайжрах бололцоо бүрдэнэ. Иймд Монголбанкны зүгээс хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөтөлбөрүүдийг арилжааны банкнууд руу зээл олгох санал тавьж байгаа.
-Инфляцын түвшин нэмэгдэхэд импортын бараа бүтээгдэхүүн хэр их нөлөөлж байна. Энэ нөлөөллийг бууруулахын тулд юу чухал вэ?
-Инфляцад нөлөөтэй хоёр дахь бүлэг бол импортын бараа бүтээгдэхүүн. Тодруулбал, импортын бараа бүтээгдэхүүнээс хүнсний бус хувцас, бүс бараа инфляцад нөлөөлж байна. Тухайн бүлгийг нь инфляцын түвшнээр нь тооцвол дундаж инфляц нь 6 орчим хувь байгаа юм. Нийт инфляцад оруулж байгаа импортын хүнсний бүс бараа бүтээгдэхүүнүүдийн нөлөө бол 2-3 хувийг бүрдүүлж буй. ҮСХ-ноос мэдээлж байгаа өрхүүдийн өргөн хэрэглээний сагсны 410 бүтээгдэхүүний 40-50 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энэ нь валютын ханш, манай улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа улсын инфляцаас хамааралтай бараа бүтээгдэхүүн байна гэсэн үг. Нийт импортын бараа бүтээгдэхүүн дотроо 40 гаруй хувийг Монгол Улс БНХАУ-ын зах зээлээс авдаг. Иймд юань, төгрөгийн ханшны нөлөө бас чухал. Хоёрдугаарт, Хятад улсын инфляц бас чухал гэсэн үг. Хятад улсын инфляц харьцангуй тогтвортой 0 орчимд хувьд байгаа. Үндсэндээ дефляцийн эрсдэл үүсэх вий гэсэн байдалтай байна.
-Хэзээ инфлцын зорилтод түвшинд очино гэж Төв банкнаас таамаглаж байна вэ?
-Энэ жилийн хувьд инфляц Монголбанкны зорилтоос давсан жил болно гэсэн төсөөлөлтэй байгаа. Тодруулбал, 2025 он дуустал зорилтоос дээгүүр байх эрсдэл бий. Үүнд, нийлүүлэлт, эрэлт, цалингийн өсөлт, бүтээмжгүй өсөлтгүй байдал нь бизнесийн зардал болж байгаатай болон бусад зохицуулалт, үнэтэй холбоотой нөлөөлөл байна. Үүнтэй уялдуулаад Монголбанкны зүгээс инфляцыг цааш өдөөхгүй, дэвэргэхгүй, давлагаалуулахгүй байх шийдвэрийг 2024 оны сүүлийн хагасаас гаргаж эхэлсэн. Инфляцын эсрэг төлөвлөгөө рүүгээ шилжсэн гэж хэлж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 байсныг 55, 50 хувь болгосон. Мөн заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн. Заавал байлгах нөөцийн дараалсан өсөлттэй холбоотойгоор төгрөгийн илүүдэл нөөцийг 1.7 их наяд төгрөгөөр татсан. Түүнчлэн, бодлогын хүүг гуравдугаар сард нэмэгдүүлсэн. Энэ бүх бодлогын арга хэмжээ инфляцыг богино хугацаанд зорилтот түвшин рүү бууруулж оруулж ирэх зорилготой. Мах, гурил, хүнсний ногоо гэх мэтчилэн бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд инфляцын савлагаа үүсгэхгүй байх, тогтвортой нийлүүлэлтийн өртгийн гинжин хэлхээг нь амжилттай бий болгох тал дээр Засгийн газрын дэмжлэг бидэнд хэрэгтэй.
-Засгийн газраас Монголбанкны инфляцыг тогтворжуулах бодлогыг дэмжих хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбар руу улсын төсвөөс хүү дээр хүүгийн татаастай зээл гарч байгаа. Эх үүсвэр нь арилжааны банкнууд юм. Хөдөө аж ахуйн салбарт гурван төрлийн хөтөлбөр яригдаж буй.
Нэгдүгээрт, Хүнсний хувьсгал хөтөлбөр 2023 оноос хойш хэрэгжиж байгаа. Дараагийнх нь Шинэ хоршоо хөдөлгөөн. Энэ жил илүү яригдаж байгаа нь Цагаан алт хөтөлбөр. Эдгээр гурван хөтөлбөр нь өөр, өөр нэртэй ч агуулга мөн чанарын хувьд их төстэй. Учир нь ковидын дараа хүнсний хангамж, аюулгүй байдлыг улс орон болгон анхаарах ёстой гэсэн дээр үндэслэсэн. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хөдөө аж ахуйн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарсан бизнесийн эрсдэл өндөр байна. Энэ орчинд хөдөө аж ахуйн салбарынхны эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нь сайжруулах шаардлага бий. Түүнчлэн, хөдөө аж ахуйн салбарын бизнесүүдийг илүү өрсөлдөх чадвартай болгох, цар хүрээг нь тэлэх агуулгатай. Үүний хүрээнд эргэлтийн хөрөнгө сайжрах ёстой. Нөгөө талаас хөрөнгө оруулалт нь шинэчлэгдэх ёстой гэсэн агуулгаар дээрх хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.
-Инфляцын түвшин өсөөд байдаг нөгөө талд өрхийн орлого сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөв?
-Өрхийн цалингийн орлого үлэмж өссөн. Тодруулбал, 2020 оны тоо статистикийг 2024 оныхтой харьцуулаад харвал цалин нэрлэсэн утгаараа хоёр дахин өссөн. Гэхдээ энэ эдийн засгийн аль салбарт ямар ажил хийж байгаа гэдгээс хамаараад харилцан адилгүй нөлөөтэй. Нэрлэсэн утгаараа цалин хоёр дахин өссөн боловч нөгөө талд нь үнийн өсөлт бас бий. Тухайлбал, 2020-2023 оны эхний хоёр улирал хүртэл үнийн болон цалингийн өсөлт харилцан уялдаатай зэрэгцээд явж байсан. Харин 2023 оны гуравдугаар улирлаас эхлээд үнийн өсөлтөөсөө цалингийн өсөлт нь давж эхэлсэн. Нэрлэсэн цалингийн өсөлтөөсөө үнийн өсөлтийг хассаныг бодит цалингийн өсөлт гэдэг. Энэ бодит цалингийн өсөлт нь 2023 оны сүүлээс хойш эерэг түвшинд хүрч өссөн. Өнөөдрийн байдлаар бодит цалингийн өсөлт 30 гаруй хувийн өсөлттэй байгаа. Нэрлэсэн цалин 90 гаруй хувийн өсөлттэй байна. Гэхдээ хүнсний хэрэглээ өндөртэй өрхүүдийн хувьд үнийн өсөлт их байгаа болохоор бодит цалингийн өсөлт бага. Харьцангуй орлого өндөртэй өрхүүдийн хувьд бодит цалин нь нэмэгдсэн нь илүү мэдрэгдсэн байх. Сүүлийн хоёр жилийн өрхийн динамикийг харвал хүнсний бус хэрэглээ маш өндөр өсөлттэй байгаа. Түүн дотор автомашин, орон сууц, тавилга ид хогшил багтаж буй.
-Төрөөс халамжийн зардлыг нь хасвал иргэдийн амьжиргааны эмзэг байдал ихсэх шинжтэй харагдаад байгаа. Тэгэхээр бодит орлогыг нэмэгдүүлж бэхжүүлэхийн тулд Төв банк хэрхэн дэмжих боломжтой байгаа вэ?
-Өрхийн бодит орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад Төв банкны оруулдаг хувь нэмэр бол инфляц. Инфляцыг тогтвортой түвшинд хадгалах ёстой. Манай инфляцад хүнсний бүлгийн инфляц өндөр байдаг. Хүнсний бүлэг нь орлогын ялгаатай өрхүүдийн амьжиргаанд харилцан адилгүй тусдаг. Иймд арилжааны банкнуудын зээлийн эх үүсвэрийг нь хэрэглээний биш бизнесийг илүү тогтвортой болгох тал руу анхаарч чиглүүлээд байгаа. Энэ нь үр дүнгээ өгөх болов уу. Банкнууд цалин, тэтгэвэр барьцаалсан хэрэглээний зээл гаргахаас илүүтэйгээр бизнесийн зээл рүү эх үүсвэр нь чиглэгдвэл ажлын байр, өрхүүдийн цалин орлого бий болно. Ингэснээр зээлээр хэрэглээгээ санхүүжүүлэх биш орлогоороо санхүүждэг тогтолцоо бий болно гэж харж байгаа. Энэ агуулгаараа Төв банк хэрэглээний зээлийг тодорхой хязгаартайгаар явуулж байгаа бодлогоо цаашдаа ч тууштай хэрэгжүүлнэ.