Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

Монголын агаарын хөлгийн түлшний зах зээл ба хамтарсан компани байгуулах шалтгаан

Монголын агаарын хөлгийн түлшний зах зээл ба хамтарсан компани байгуулах шалтгаан
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 17
УИХ-ын байнгын хороод Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж шийдвэрлэлээ. Ирэх долоо хоногт чуулганаар уг төслийг хэлэлцэн, батална. Энэ төслийг дагасан хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд нэлээд өрнөж, "Оросуудын бүрэн хараат байдалд орлоо" гэх шүүмжчлэл ч давамгайлж байна.
Харин хууль санаачлагч Засгийн газрын зүгээс Монгол Улс өнөөдрийг хүртэл агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолдог бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дундын зуучлагчгүйгээр, Орос-Монголын хамтарсан компаниар дамжуулан агаарын хөлгийг түлшээ авдаг болно гэж тайлбарлаж буй. Ингэснээр нийлүүлэлт талдаа тасалдал үүсэхгүй, өртөг зардал буурах зэрэг ач холбогдолтой гэж харж байгаа аж. 
Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өсч байна
Манай улс агаарын хөлгийн түлшний хэрэглээ сүүлийн 5 жилд тогтмол өссөн байна. Тухайлбал: 2021 онд 27,879 тонн, 2022 онд 38,492 тонн, 2023 онд 61,719 тонн байсан бол 2024 онд 82,443 тонн хүрч, 2021 онтой харьцуулахад 66 хувиар өсчээ. Цаашид аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаатай холбоотойгоор  зорчигч, ачаа тээвэрлэлт өсөх тооцоолол гараад байгаа. Жишээ нь, агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2,2 сая байсан бол 2028 онд 2,55 сая хүрэх төлөвтэй байгаа. Үүнийг дагаж агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өсөх аж.
 Агаарын хөлгийн түлшийг яагаад ганцхан ОХУ-аас авдаг вэ
Монгол Улс одоогоор газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэргүй учраас гаднаас 100 хувь импортоор авдаг. Автомашины шатахуун, дизелийн түлшийн 90 гаруй хувийг ОХУ-аас, үлдсэн багахан хэсгийг БНХАУ-аас импортолдог. Харин агаарын хөлгийн түлшээ 100 хувь Оросоос авдаг. БНХАУ-аас агаарын хөлгийн түлш импортлоход тээвэр, дэд бүтцийн асуудал хүндрэл үүсгэдэг байна. Тодруулбал, БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан импортлох боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа бөгөөд Замын-Үүд дэх шилжүүлэн ачих байгууламжид одоогийн байдлаар онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байдаггүй юм байна.
Түүнчлэн, БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандарт манай стандарттай тохирдоггүй аж. Хятадынх Жет-А стандартын түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцлон дурдаж байв.
 Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар ямар үр дүн гарах вэ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх нөхцөл, боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг хууль санаачлагч Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
 Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсэж болзошгүй юм.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компаниуд хамтарсан компани байгуулж, нийлүүлэлтийн хувьд тасалдал үүсгэхгүй, тогтвортой байдал үүснэ гэж тооцож байгаа юм байна.
Хэлэлцээр байгуулагдсанаар:
  • Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ.
  • Энэ хэлэлцээртэй хамт “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”  Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хамт хүчин төгөлдөр үйлчлэх тул манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг хангагдана.
  • Дэлхий дахинд үүсдэг газрын тосны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлын улмаас олон улсын зах зээлд газрын тосны үнийн өсөлтөөс хамаарсан агаарын хөлгийн түлшний үнэ байнга хэлбэлзэлтэй байдаг асуудал арилж,  агаарын тээврийн салбарын тогтвортой хөгжил онцгой ач холбогдолтой хууль санаачлагч танилцуулгадаа тус тус онцолжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн