Байгалийн хий хоолой дамжуулах төслийн гол захиалагч болох БНХАУ-ын зүгээс “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлэх эсэх дээр эцсийн шийдвэрээ хэлээгүй, яриа хэлэлцээний түвшинд үргэлжилж буй. Харин ОХУ болон Монгол Улсын зүгээс нэлээдгүй хүчин чармайлт гарган ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Орос дахь Хятадын Элчин сайд Жан Ханьхуэй үнэ тогтоох хэлэлцээрийн явцын талаар сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ “Орос, Хятад хоёрт “Сибирийн хүч 2” байгалийн хийг шинэ хоолойн дагуу нийлүүлэх үнийн талаар тохиролцох асуудал хялбар байх боломжтой. Учир нь анхны “Сибирийн хүч” хийн хоолой аль хэдийн ашиглалтад орсон” гэжээ.
Мөн тэрээр “‘Сибирийн хүч 2’-ын асуудлыг одоо хэлэлцэж байгаа. Бид аль хэдийнэ хэрэгжинэ гэдэг дээр тохиролцсон. Гол нь аль замаар тавих вэ гэдэг л асуудал байна. Нэг нь Монголын нутаг дээгүүр, нөгөө нь Монголыг тойроод тавигдах хувилбар байгаа” хэмээн нэмж дурджээ.
Санхүүжилтийг хэн гаргах талаар асуухад “хамтарсан төсөл” гэж тодотгон хариулсан байна. Түүнчлэн хоёр дахь хувилбар нь Забаикальскийн нутгаар хоолой тавих байж болохыг дурджээ.
“Сибирийн хүч 2” хийн хоолойн маршрутын хувьд Хятад ямар нэгэн давуу эрх олгоогүй гэдгийг онцлоод “Бид аль болох хурдан Оросын хийг авах сонирхолтой байна” гэжээ.
“Сибирийн хүч 2” хоолой нь жил бүр Баруун Сибирээс Хятад руу Монголын нутгаар дамжин 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх төлөвлөгөө бүхий төсөл юм. Төслийн хэрэгжилтийн хугацаа Оросын Газпром болон Хятадын CNPC компанийн хооронд байгуулж буй гэрээнээс хамаарна. Мөн энэхүү хоолойн Монголын нутгаар дамжих хэсэг болох “Союз-Восток” хоолойн барилгын талаар ч хэлэлцэж байгаа аж.