Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

О.Номинчимэг: Боловсролын байгууллага эцэг эхтэй харилцах гол хэрэгслээр фэйсбүүкийг сонгож байгаа нь буруу

О.Номинчимэг: Боловсролын байгууллага эцэг эхтэй харилцах гол хэрэгслээр фэйсбүүкийг сонгож байгаа нь буруу
Нийтэлсэн 1 минутын өмнө
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд үр дүнгээс үзэхэд 7-12 насны хүүхдүүдийн талаас илүү хувь, 13-18 насныхны ихэнх буюу 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд тодорхой төрлийн халдлагад өртөж байсан гэж хариулжээ.
Мөн 13-18 насны хүүхдүүдийн 71 хувь нь өдөр бүр цахим орчинд тогтмол ханддаг байна. Тэдний 96 хувь нь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк мессенжер хэрэглэдэг гэжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 89 хувь нь интернэтэд эцэг, эхийн хяналтгүйгээр, ихэвчлэн тэдний эзгүй үед холбогддог нь тогтоогдсон. Цаашлаад 87 хувь нь ямар нэгэн төрлийн цахим халдлагад өртөж байсан бөгөөд халдлагад өртсөн хүүхдүүдийн 59 хувь нь энэ тухай эцэг, эхдээ хэлдэггүй аж. Түүнчлэн 13-18 насны хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс дээш олон сошиал хаяг ашигладаг бөгөөд тэдний 61 хувь нь нэмэлт хаягаа бусадтай чөлөөтэй чатлах, 36 хувь нь эцэг, эхийн хяналтгүйгээр нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор ашигладаг хэмээн хариулжээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг багш нар гэрийн даалгавраа фэйсбүүк чатаар өгдгөөс шалтгаалан 13 настай хүүхдүүд эцэг эхээрээ фэйсбүүк хаяг нээлгэж байна, энэ өөрөө буруу үзэгдэл болж байгааг анхаарууллаа.
Тэрээр “13 настай хүүхэд насны хязгаарын улмаас фэйсбүүк хаяг нээх боломжгүй байдаг. Гэсэн ч судалгаанд оролцсон 13 хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа юм. Энэ нь сургуулийн багш нар гэрийн даалгавраа фэйсбүүк чатаар өгдөгтэй холбоотой. Иймээс эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хүүхдүүддээ фэйсбүүк хаяг нээж, даалгаврыг нь хийлгүүлж байна. Үндсэндээ боловсролын байгууллага буюу сургууль нь эцэг эхтэй харилцах гол хэрэгслээ фэйсбүүк болгон ашиглаж байгаа нь буруу зүйл юм. Үүнийг зогсоох шаардлагатай.
Боловсролын салбарт нийгмийн сүлжээг ашиглах явдлыг хязгаарлаж, үүний оронд тохирсон, аюулгүй байдлыг хангах боломжтой харилцаа холбооны платформыг ашиглах шаардлагатай юм. Цаашид хүүхдүүдийг цахим орчны эрсдэлээс хамгаалахын тулд боловсролын орчин дахь нийгмийн сүлжээний хэрэглээг зохистой болгох хэрэгтэй” гэв.
Энэхүү асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр фэйсбүүкийг сургуулийн орчинд хэрэглэхгүй байх бүрэн боломжтой гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр "13 нас хүрээгүй хүүхдүүдийн 90 хувь нь фэйсбүүк ашиглаад явж байна. Фэйсбүүкийг сургуулийн орчинд хэрэглэхгүй байх бүрэн боломж бий. Монголын дижитал компаниуд SMS, LMS гэгддэг School management system, Learning management system-ийг бүрэн оруулж ирсэн байгаа. Энэ платформ дээр суурилаад явбал хүүхдүүдэд фэйсбүүкийн мессенжерээр даалгавар өгөх шаардлагагүй болно. Тиймээс энэ бодлого руу цаашдаа шахаад явах төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн