Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ. Ингэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын 2019-2023 оны хоорондох баримт мэдээллийг хамруулан хийсэн байна.
Аудитын дүгнэлтээр хүүхэд хамгааллын зардал жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байдал буураагүй байна. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй орон тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч нийт орон тооны 30 гаруй хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байна.
2023 оны аравдугаар сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчилж байсан бөгөөд тус байгууллагын удирдлага сайдаа дагаж солигддог гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилсон юм. Түүний өмнөх дарга Т.Энхтамирыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд томилж байсан ч 10 сар ажиллуулаад л сольсон гэсэн үг.
Монгол Улсын хэмжээнд 2019-2023 оны хооронд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд улсын төсвөөс 40.1 тэрбум төгрөг баталж, үүнээс 37.6 тэрбумын гүйцэтгэлтэй байжээ. 2017 оноос хойш хүүхэд хамгааллын зориулалттай улсын төсөв тасралтгүй нэмэгдэж 2023 оны байдлаар найман тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэхдээ төсвийнхөө 32.2 хувийг л хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд зарцуулжээ. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулсан зардлыг шалгахад 2022-2023 онд 158.9 сая төгрөг, аймаг нийслэлийн хэмжээнд нийт 1.9 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна. 2019-2023 оны хооронд хүүхэд хамгааллын төсвөөс зориулалтын бусаар зарцуулсан гурван тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ мөнгөөр 2233 хүүхэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх боломжтой байж. 2019-2023 онд батлагдсан төсвийн 9 хувийг хүүхэд хамгааллын нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэрээлэн гүйцэтгэсний зардалд олгожээ.
Түүнчлэн 2019 онд хүүхэд хамгааллын батлагдсан орон тоо 996 байсан бол 2020 онд 1020, 2021 онд 1100, 2022 онд 1145, 2023 онд 1112 хүний нөөцтэй болж жил бүхэн нэмэгдэж байжээ. Нийт ажилчдын 32.3 хувь нь үндсэн чиг үүрэг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх сэтгэлзүйч, нийгмийн ажилтан байгаа бол, 67.7 хувь нь байгууллагын үйл ажиллагааг хариуцсан захиргаа, санхүү, бусад үйлчилгээний ажилтнууд байгаа учраас хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцөд дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж дүгнэжээ.
Хохирогч хүүхэд түр хамгаалах байранд шуурхай тусламжийн арга хэмжээ авдаг ч дахин хүчирхийлэлд өртөн ирдэг байна. Тухайлбал, 2023 онд 3308 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлснээс 275 хүүхэд 2 удаа, 132 хүүхэд 3, 116 хүүхэд 4 ба түүнээс дээш удаа байрлаж, үйлчилгээ авчээ.
Улсын төсвөөс гадна олон улсын байгууллагын дэмжлэгийг их авдаг байна. Тухайлбал, Дэлхийн зөн олон улсын байгууллага сүүлийн гурван жилд 2-3 сая ам.доллар буюу жилд дунджаар 6.5 тэрбум төгрөг төгрөгийг хүүхэд хамгаалалд 9 тэрбум төгрөгийг хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт зориулан зарцуулсан нь улсын төсвөөс 2 дахин их байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2019-2024 онд Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийг хэрэгжүүлсэн ч төслийн үр дүнг тооцоогүй, баримтгүй байгаа нь аудитаар илэрчээ. Үндэсний аудитын газар дээрх зөрчлүүдээ арилгах зөвлөмжийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газарт хүргүүлсэн байна.