Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Х.Булгантуяа: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэнээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ

Х.Булгантуяа: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэнээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү санхүүгийн кодыг Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж байгаа юм. “Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгаа (Global Entrepreneurship Monitor)”-ны 2024 оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын 1 нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 87 хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж байна. Гэвч тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутагдаж байгааг албаныхан хэлж байна.
Арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандан “Манай улс энэхүү санаачилгад нэгдсэнээр эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжиж байгаа явдал юм. Хамгийн гол нь бид эмэгтэй бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх гүүрийг бий болгож байна. Энэ бүхний ард та бүхний бизнесийн хамтын ажиллагаа, итгэлцэл, манлайлал бол бидний жинхэнэ амжилт юм. Тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна” гэлээ.
Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудлууд болж байгаа аж.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн