Нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногт 278 сая долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо даруй 40 гаран сая доллароор нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнд, Нарийнсухайтын бүлэг ордууд, түүн дотроо хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн нөлөөлж, 40 гаруй сая ам.долларын арилжаа нэмэгдлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Мөн энэ нь Төв банкны валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлж, 5.246 тэрбум ам.долларт хүрсэн гэлээ. Үргэлжлүүлэн экспортын ажлын хэсэг ажилдаа орохдоо валютын нөөц чухал гэдэг дээр голчилж анхаарсан гээд Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой удаах тогтоол гарлаа. Энэхүү тогтоолд хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Үүнд,
-Экспортын биет түүхий эдийг боомтуудад зөв эрэмбэлж, хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийх чиглэл өглөө.
-Биет хэмжээг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд төмөр зам дээр гартал өртгийг бууруулахыг тээврийн болон нүүрсний компаниудад үүрэг өгсөн.
Энэхүү мэдээллийн дараа сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сэтгүүлч: Нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, валютын ханшийг удирдах ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Нөөцийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулах нь Засгийн газрын үүрэг. Нөөцийг хэрхэн менежмент хийх нь Монголбанкны хариуцлага. Засгийн газрын зүгээс хийх ажлаа хийж, экспортыг нэмэгдүүлэх тал дээр ажилласаар байна.
-Сэтгүүлч: ОХУ-аас ЕАЭЗХ-ны түр хэлэлцээр, дулааны цахилгааны станцтай холбоотой шахалт хэр байна вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Оросын талаас ЕАЭЗХ-той хийх түр хэлэлцээрийг шамдуулаад байгаа юм биш. Бид өөрсдөө сүүлийн 20 жил шавдуулсан. Чөлөөт худалдаа гэдэг импорт, экспортын хоёр урсгалтай. Дотооддоо хангадаг олон бараа бүтээгдэхүүнийг хамгаалаад, том зорилго буюу ХАА-н гаралтай түүхий эдийг экспортлох бодлогоосоо ухарч болохгүй. Бүтээгдэхүүн нэг бүрээр нь хэлцэл хийж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж байгаа. Трампын тарифтай холбоотой энэ үед ЕАЭЗХ-той түр хэлэлцээ хийгээд үзье. Гурван жилийн хугацаанд болохгүй бол больж болно. Дулааны цахилгаан станцын тухайд бид ТЭЗҮ-тэй байх ёстой. Үнэлгээний хувьд зах зээлийн үнэлгээгээр л явна.