НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай хэлэлцсэн юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин танилцууллаа.

Тэрээр "Нийслэлийн гэр хорооллын 51.080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулах тооцооллыг хийсэн. 2025 онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51 мянган өрхийн үнийн урамшууллыг тооцсон. Бүх төрлийн хийн түлшид шилжих 51 мянга гаруй айл өрхийн үнийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт долоон сарын хугацаанд олгохоор төлөвлөж байна. Тодруулбал, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100 мянга, арванхоёрдугаар сард 200 мянга, нэгдүгээр сард 250 мянга, хоёрдугаар сард 100 мянга, гуравдугаар сард 50 мянга, дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна.
2025 онд ногоон бүсийн өрхүүдээр СХД-ийн 23, 21 дүгээр хороо, БГД-ийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10.850 өрх цахилгаан халаагуурт хамрагдах бол хийн халаагуурт СХД-ийн 6, 8, 9, 11 28, 30, 39, 43 хороо, СБД-ийн 12, 13 дугаар хороо болон БГД-ийн 16 дугаар хороо, БЗД-ийн 29 дүгээр хороо ЧД-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хороо, байгалийн хийн халаагуурын БЗД-ийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40234 өрхийг шилжүүлэхээр ажиллаж байна. Нийт 51.080 айлын янданг буулгана. Дээрх журмыг хэлэлцэн батлахыг хүсье” гэлээ.
Иргэн гэр байшингаа дулаан алдагдалгүй болсон тухайгаа Хорооны даргадаа бүртгүүлснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах талаар тусгажээ.