ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах албанаас хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ, хор уршгийн талаар өнөөдөр мэдээлэл хүргэлээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг: Цагдаагийн ерөнхий газарт он гарснаас хойш мансууруулах бодистой холбоотой 77 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар өссөн үзүүлэлттэй . Үүнээс 72 зөрчил нь Улаанбаатар хотод, тав нь орон нутагт бүртгэгдсэн.
Хар тамхитай тэмцэх газар Монгол Улсын иргэн гаднын иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байна гэх мэдээлэл авсан. Энэ мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж гэмт этгээдийг баривчлан, шалгахад 510 грамм мансууруулах үйлчилгээтэй, НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, 2500 хүнийг нэг удаа мансууруулах хэмжээний бодисыг хурааж авсан. Уг бодис нь сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис байсан. Тус этгээдийг цагдан хорих арга хэмжээ авч шалгаж байна. Уг этгээд өмнө нь Хар тамхитай тэмцэх газарт энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн.
Энэ мансууруулах үйлчилгээтэй бодис Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх маш хүчтэй донтуулдаг бодис юм. Тухайн бодисыг олж авахын тулд хүн ямар ч гэмт хэрэг үйлдэхэд хүрч болдог.
Мөн Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан. Уг дөрвөн этгээдийн гуравт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг этгээдийг нь хязгаар тогтоох, таслан зогсоох арга хэмжээ авсан. Уг эм нь эмчийн жороор олгогддог эм юм. Тухайн эмийг хүүхэд залуучууд мансууруулах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд уруулан хэрэглэж мансуурах тохиолдлууд илэрсэн.
Өвчин намдаах үйлчилгээтэй хоногт нэг ширхгийг уух зориулалттай эмийг 5-10 ширхгээр тарианы устай найруулж судсаар тарьж хэрэглэсэн тохиолдлууд бий. Энэ нь хүний эрүүл мэндэд маш аюултай. Энэ төрлийн гэмт хэрэг 2022 оноос бүртгэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 13 өсвөр насны хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан байна.
Сүүлийн үед хар тамхи хэрэглэгчид цагдаагийн албан хаагчдыг гүтгэж байгаа тохиолдлууд гарсан. Жишээлбэл, хураасан хар тамхиа цаашаа зарж борлуулдаг, өөрсдөө хэрэглэдэг гэх мэтээр гүтгэж байна. Энэ тал дээр мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг улирал бүр мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгадаг. Тиймээс Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй. Эдгээр хүмүүс тангараг өргөөд хар тамхитай тэмцэхийн тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж маш олон гэмт хэргийг илрүүлж байгаа.
Хар тамхитай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хар тамхийг устгах ажлыг улирал бүр хийдэг. Хар тамхи устгах бүрэлдэхүүнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар оролцож прокурорын хяналт дор устгалын ажиллагааг явуулдаг юм.