-НЭГ МОНГОЛ ХОЁР МОНГОЛ БОЛЛОО-
Ардчилсан намын эрх мэдлийг барьж буй “Нэг Монгол” хөдөлгөөн тэхий голоороо хуваагджээ. Уг хөдөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө үүсгэн байгуулагдаж, улс төрийн өрөг дэх Ардчилсан намын талд 30 гишүүнтэйгээр бууриа зассан (Женко 8, Монде 4). Лу.Гантөмөр тэргүүтэй уг фракц АН-ын тамганы хэрүүлийг нэг талд гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлж чадсан ч Үндэсний бодлогын хороо дахь байр суурь нь хэврэг байсан тул “Женко” тэргүүтэй 80, С.Эрдэнэ тэргүүтэй 60 орчим суудлыг нэгтгэж байж эрх мэдлийг гартаа авсан юм.
Нөгөө талд Ц.Элбэгдорж, С.Баярцогт тэргүүтэй 120 орчим ҮБХ-ны гишүүд нам дотроо сөрөг хүчин болон үлдсэн. Сонгуулиас хойш тарж бутарсан энэ сөрөг хүчин саяхнаас амь орохдоо удирдагчийнхаа дүрийг солин улс төрийн тавцанд гарч ирлээ. Энэ удаа тэднийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар өнгөлж байгаа аж.
Тэд “Нэг Монгол” хөдөлгөөнөөс салан тусгаарлаж байгаагаа мэдэгдэж, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нарын 10-15 гишүүнийг эгнээндээ элсүүлсэн гэх мэдээлэл байна. Тэдний зорилго намын эрх мэдлийг авах, Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож огцруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Тэмүүжинг дэвшүүлэх гэнэ. Энэхүү гурамсан зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Ерөнхийлөгч ба МАН-ын гомдогсодтой хамтарсан тоглолт хийх төлөвтэй байна. Үүний илрэл болж “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг дахин сонгогдох боломж олгохоор О.Амгаланбаатар нарын гишүүд хуулийн төсөл санаачилжээ” гэх бор шувуу нисэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Женкогийн Засгийн газар болж” хэмээн улс төрийг халааж эхлэв. Энэ нь ч санамсаргүй зүйл биш бөгөөд саяхан хуралдсан АН-ын Их хурал дээр тавьсан илтгэлдээ Бүлгийн дарга О.Цогтгэрэл намын боловсон хүчний томилгоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, нам хамтраагүй найман сайд л хамтарч байна гэх маягийн гомдлын үг чулуудсан. АН-ын жирийн гишүүдийн дунд ч энэ гомдол хүчтэй явж байгаа бөгөөд Женкогоор овоглодог П.Нүрзэд, И.Мөнхжаргал, Х.Эрдэнэбаатар нарын хүмүүс томилгооны тэргүүнд явж, нэг ёсондоо өрмийг нь хамж байгаад “Нэг Монгол”-ынхон өөрсдөө ч дургүйлхэж байгаа.
Үүнээс гадна АН-ын ҮБХ, Их хурлаар намын даргын асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч УИХ-д 42 суудал авч, засагт хамтарсан нь хангалттай гэж үзэн Лу.Гантөмөрийн эрх мэдлийг хөндөөгүй. Тэр бүү хэл Н.Ганибалыг генсекээр батламжилсан нь энэ бүтцээрээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд Лу.Гантөмөрөөр удирдуулан орох нь гэсэн мессежийг гишүүддээ өгсөн.
Н.Ганибалын хувьд Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад Газрын даргаар нь ажиллаж байсан, Женко угшилтай улстөрч. Өөрөөр хэлбэл, нам, төр аажмаар Женкогийн хүмүүст “эзлэгдэж” байгаа нь О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар нарыг Лу.Гантөмөртэй эв эвдэрч, салан тусгаарлахад түлхсэн бололтой.
-ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛЫН ТӨГСГӨЛ ИРЭВ ҮҮ-
2020 оноос хойш талцаж хуваагдаж, таван тийшээ харсан АН-ыг нэгтгэх зохиолыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх барьсан гэдэг. Түүний хувьд АН-ыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хэнд нь ч өгөх хүсэлгүй байсан тул гуравдагч хувилбарыг гаргаж ирээд АН-ын дарга болтол тордсон гэх яриа бий. Энэ нь МАН доторх эсэргүүцлийг дарж, эрх мэдлээ хадгалахад нь тэнцвэр болж өгсөн. Түүнчлэн, 126 гишүүнтэй өргөтгөсөн парламентад урт хугацаанд, тогтвортой засаглахын тулд дан ганц намын гишүүдийнхээ дэмжлэгт найдах хэрэггүй нь ойлгомжтой байв. Тиймээс тэр 2008 оны С.Баярын Засгийн газар шиг стандарт бус шийдвэр гаргаж АН, ХҮН намыг засагтаа урьж, 9 суудал хуваарилсан. Түүний энэ нүүдэл парламент дахь кнопных нь тоог нэмсэн ч, тэр чинээгээр гомдогсдын тоог ч нэмсэн төдийгүй, “Женко бүлэглэл”-ийн томилгоог хараад гомдол нь хилэн болж хувирсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл дангаараа бүрэлдэж байсан МАН дахь гомдогсдын бүлэгтэй АН-ын гомдогсдын бүлэг нэгдсэнээр бодитой сөрөг хүчин үүсч, Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн тогтвортой засаглалд илэрхий заналхийлж эхэллээ.