Төрийн хэмнэлтийн хуулийг эсрэг талаар нь ашиглаж төрийн өмчит компаниудын ажилтнуудын эрх ашгийг хохироож байгаа учир Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцлээ илэрхийллээ. Түүнчлэн, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бүтээмж, хяналтын менежерийг томилохоо яаралтай таслан зогсоохыг шаардлаа. Мөн төрийн өмчит 44 компанийг харьяалуулах "Эрчист Монгол" ХХК байгуулсныг эсэргүүцэж байгаа аж.
МЭХГУУҮЭХ: Нэгдүгээрт, Засгийн газар Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж байгааг тодорхой баримтууд дээр үндэслэн мэдээлье. Эрчим хүчний салбарт хууль биелүүлэхгүй байгаа нь хэрээс хэтрээд байна. Тэгэхээр эрчим хүчний төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд захирал, гүйцэтгэх захирал нарт Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд удирдлага, засаглал, хяналтын тохиролцоог сайжруулах, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа. Энэхүү нэрэн дор хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтад засаглалд өөрчлөлт оруулж улмаар бүтээмж, хяналтын менежерүүдийг томилсон асуудлууд бий. Энэ нь Төрийн хэмнэлтийн хуулийн 3.2-т заасан хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, 5.4-т заасан хуулийг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх үүрэг бүхий өөр нэршилтэй орон тоог бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно. Мөн Төрийн хэмнэлтийн хуулийн 1.2-т чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоохыг хориглоно гээд тус тус заасан. Гэтэл одоо орлогчийн статустай нэрийг нь өөрчлөөд албан тушаалтныг томилж байна. Энхбаяр, Сайнзориг нарын мэдээллээр бол 40 гаруй менежерүүдийг томилсон юм байна. Ер нь энэ тоо 100 хүрэх хандлагатай байгаа аж. Эрчим хүчний салбарт төрийн өмчит 27 ААН байна. Үүнд байгууллага бүр дээр улс төрийн томилгоогоор менежерүүд очиж байгаа нь ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон харилцаанд зөрчил үүсгэж буй. Засгийн газрын хуралдаанаар УИХ-аар баталсан хуулийг давсан хурлын тэмдэглэл байж болдог юм уу. Засгийн газар Үндсэн хуулиа зөрчиж, бусад хуулиудаа уландаа гишгэж байгаа асуудал байна. Ажилчдынхаа цалинг нэмье гэхээр мөнгөгүй байж эрчим хүчний салбарт орон тоо нэмснээр жилд 2-3 тэрбумын төсөвтэй албан тушаалтан томилж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн шийдвэрийг цуцлах шаардлагатай.