Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Татварын багц хуулийн төсөл иргэн, ААНБ-ын хүлээлтэд нийцэх үү

Татварын багц хуулийн төсөл иргэн, ААНБ-ын хүлээлтэд нийцэх үү
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 15
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд итгэл хүлээлгэж байна. Итгэл хүлээлгэж гэхийн учир нь тун удахгүй УИХ татварын хуулиудыг шинэчлэх, өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ. Энэ сардаа багтаан Засгийн газраас татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй. Татварын багц хуулийн шинэчлэлийн үр дүнд ажилтан, ажил олгогчийн нуруун дээрх дарамт, татварын ачаалал бага ч гэсэн хөнгөрнө гэсэн хүлээлт нийгэмд үүссэн нь нууц биш. Татварын шинэчлэлд ганц Засгийн газар гэлтгүй, УИХ-ын түвшинд анхаарал хандуулж, гишүүд хэсэг бүлгээрээ татварын хуулийн төсөл өргөн барьсаар байна. Өнгөрсөн намрын чуулган завсарлах үед УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, татварын хуулийн төслүүдийн талаар иргэн, ААНБ-ын саналыг сонсож, нэгтгэх ажлыг зохион байгуулсан. Иргэн, ААНБ-аас Ажлын хэсэгт 180 мянга гаруй санал ирүүлж, татварын багц хуулийн төсөлд тусгах ажлууд хийгдэж дуусжээ. Удахгүй Ажлын хэсгийн саналуудыг тусгасан татварын багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм. Ингээд ХХОАТ, ААНОАТ, НӨАТ-ын тухай хуулиудад ямар гол өөрчлөлтүүд орж байгааг одоо үйлчилж байгаа хуультай харьцуулж товчхон тоймлоё.
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
  • Одоогийн хууль
-Сарын 0-10 сая хүртэлх төгрөгийн цалин орлоготой иргэн нийт орлогоосоо 10 хувиар татвар төлдөг. Сарын 10-15 сая төгрөгийн орлоготой бол 10 саяас давсан орлогодоо 15 хувиар, харин сарын 15 сая төгрөгөөс дээш орлоготой бол 20 хувиар орлогын татвар төлдөг.
  • Шинэ хуулийн төсөлд
-Хувь хуний орлогын албан татварын шатлалыг боловсронгуй болгохыг зорьсон байна. Ингэхдээ ХХОАТ төлөгч бүх иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг 100 хувь хөнгөлүүлэх эрхийг нээх аж. Өөрөөр хэлбэл, нэг иргэн жилд 9.6 сая төгрөгийн орлогоо татвараас чөлөөлүүлнэ гэсэн үг. Энэ хөнгөлөлтийг хасаад иргэний сарын цалин орлого 0-10 сая төгрөг бол 10 хувиар, 10-15  сая төгрөг бол 12 хувиар, 15-20 сая бол 14 хувиар, 20-25 сая бол 16 хувиар, 25-30 сая бол 18 хувиар, 30 саяас дээш давсан орлогод 20 хувиар татвар ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, одоогийн дагаж мөрдөж байгаа гурван шатлалыг зургаа болгох замаар хувь хүнд ирэх цалин орлогын татварын ачааллыг бууруулахыг зорьжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
  • Одоогийн хууль
-Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагууд жилийн орлогоосоо хамаарч гурван шатлалттай татвар төлж байна.
  • 0-6 тэрбум төгрөгийн орлоготой ААНБ 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар орлогын албан татвар төлдөг.
Хөнгөлөлтийн хувьд жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг.
  • Шинэ хуулийн төсөлд
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг гурван шатлалтай болгохоор төлөвлөжээ. Ингэхдээ 0-6 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгж байгууллага 10 хувиар, 6-10 тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувиар, 10 тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгж байгууллагууд давсан орлогодоо 25 хувиар орлогын татвар төлөхөөр тусгасан байна. Шинээр 15 хувийн шатлалыг нэмснээр ААНБ-ууд 159 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болох аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 25 хувиар төлдөг байсан ААНБ-ууд 15 хувиар орлогын албан татвар төлдөг болно гэсэн үг юм.
Татварын хөнгөлөлтийн хувьд жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААНБ-ууд 1 хувийн татвар төлнө. Одоо мөрдөж байгаа 1.5 тэрбум төгрөгийн босгыг нэмэгдүүлсэн ч ААНБ-ууд нэг хувийн татварын хөнгөлөлтийг гурван жил эдлэхээр хуулийн төсөлд тусгах аж.
Учир нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагууд улам бүр жижгэрэх хандлага ажиглагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нэг хувийн татварын хөнгөлөлтөд 76 мянган аж ахуйн нэгж хамрагддаг байна. Эдгээр компанийн эзэмшигч, өмчлөгчийн мэдээллийг шүүхэд 1200 гаруй хүн 54 мянган компани эзэмшиж байгаа тооцоо судалгаа гарчээ. Энэ нь татвараас зайлсхийх зорилгоор нэг хүн олон жижиг компани байгуулан ажиллаж байгааг илтгэх баримт юм. Иймд, 1 хувиар татвар төлөх аж ахуйн нэгж байгууллагад гурван жил л хөнгөлөлт эдлүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид харж байгаа аж.
НӨАТ-ын тухай хууль
Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуулиар жилийн 50 хүртэлх сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлоготой хуулийн этгээдийг НӨАТ-аас чөлөөлдөг. Харин 50 саяас дээш төгрөгийн  бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар НӨАТ ногдуулдаг.
Засгийн газраас өргөн барих НӨАТ-ын тухай хуулийн төсөлд НӨАТ суутган төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгохоор тусгасан байна. Харин УИХ-ын Ажлын хэсгийн зүгээс НӨАТ-ын босгыг бүрмөсөн байхгүй болгож, бүх иргэн, аж ахуйн нэгж НӨАТ-аа тэгш шударга төлдөг болох механизмыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Мөн НӨАТ-ын сугалааг зогсоож, иргэдийн худалдан авалтаас хамаарч НӨАТ-ын буцаалтыг шатлалтай олгохыг зорьжээ. Тухайлбал,
  • 0-500 мянган төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ын суутгалыг 100 хувь
  • 500-800 мянган төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ын суутгалыг 50 хувь
  • 800 мянгаас дээш төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТ-ын суутгалын 20 хувийг буцаан олгохоор тусгаж байгаа аж.
Түүнчлэн, НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах байдлаар тусгаж байгаа аж.
Татварын багц хуулийн шинэчлэлээр дээрх гурван хуульд гол өөрчлөлтүүд орно. Хууль санаачлагчдын зүгээс татварын шинэчлэл хийгдсэнээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа аж.
Нийгмийн даатгалын шимтгэл
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хамгийн том дарамт болох нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлыг татварын хуулиудаар бус Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд шийднэ. НДШ-ийг бууруулах талаар нэр бүхий УИХ-ын гишүүд хамтран хуулийн төсөл боловсруулж байгаа ч тэдгээр төсөл нь татвар, шимтгэлийн хувь хэмжээг огцом бууруулах зэргээр хэт сэтгэлийн хөөрлөөр, амьдралд хэрэгжих боломжгүй зэрэг сул тал бий.
Ямартай ч татварын хуультай зэрэгцэн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа нь мөн сайшаалтай. Төсөлд ажил олгогчийн НДШ-ийг ойролцоогоор 3 хувиар бууруулах, иргэдийн нэг удаагийн шинжтэй орлогоос шимтгэл суутгахгүй байх зэрэг өөрчлөлтийг тусгаж байгаа юм байна.
Тун удахгүй татвар болон нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх нь тодорхой байна. Харин Засгийн газраас өргөн барих шинэчлэл нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээлтэд нийцэх үү гэдэг нь хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болох болов уу.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн