Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сурвалжилга: “UMD” ХХК нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглаж 1500 гаруй хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсаар байна

Сурвалжилга: “UMD” ХХК нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглаж 1500 гаруй хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсаар байна
Нийтэлсэн 2 минутын өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласнаас болж олон иргэн амь насаараа хохирсон тохиолдол гарсаар байна. Замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, хууль үйлчилдэггүй онцгой эрхтэй этгээдүүдийн буруутай үйл ажиллагаанаас Онцгой байдлын алба болон түргэн тусламжийн үйлчилгээг иргэд авч чадахгүй, цаг алдах эрсдэл их гарч байгааг албаныхан байнга сануулах болсон.  Жишээлбэл, Дүнжингаравын уулзварт гарсан галын кейсээс бид харж болно. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө СБД 9-р хороонд орон сууцанд гал гарч, орц гарцыг машинууд хааж тавьснаас болж галын машин орж чадахгүй байгаа маш харамсалтай дүр зургийг бид харсан. Нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашигласнаас болж галын машин байрлалаа эзэлж чадахгүй нэлээд хугацаанд саатсан.  
СБД, 1-р хороонд орших тус газрыг чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 2-ны захирамжаар зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан хашаа, автомашины зогсоолыг буулгах шийдвэр гарсан. Мөн Онцгой байдлын байцаагчийн буулгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг шаардсан гурван шатны шүүхийн шийдвэр хүртэл гарсан байна. Харин уг авто машины зогсоолыг барьсан “UMD” ХХК өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Монголын хуулийг үл тоож иржээ.  
Хэрвээ тухай бүсэд ажиллаж, амьдардаг иргэд гал түймэр, эсвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага үүсвэл 2019 оных шиг нөхцөл байдал үүсэх вий гэдэгт санаа зовж байгаагаа учирлалаа. Тиймээс ойр хавийн оршин суугч, аж ахуй нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг UMD ХХК-аас шаардлаа. 
undefined
-Оршин суугч: UMD компани гарцыг зогсоол болгож ашиглаад олон жил болж байна. Үүгээр орж гарах хөдөлгөөн хаалттай. Нөгөө талаараа чихэлдээд гардаг. Хэдэн жилийн өмнө гал гарахад галын машин ирээд орж чадахгүй бараг цаг хүлээсэн. Галын болон түргэний машин орж гарахад их хэцүү. Уг нь чөлөөтэй зам явж байх ёстой юм билээ. Хэдэн жилийн өмнө хойд талаар улсын төсвөөр зам тавьсан. Би энэ хавьд зургаан жил амьдарч байна. Энэ замаар явган явахад ч хүндрэлтэй байдаг. Өмнө нь энэ хавьд гал гараад юу болсныг нь харж байсан. Хүний эд хөрөнгө шатаж, амь нас нь онц ноцтой эрсдэлд байхад галын машин орж чадахгүй байна гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Хотын захиргаанаас эрх бүхий хүмүүс ирээд зогсоолыг хааж, нийтийн эзэмшлээр ашиглуулахаар чөлөөлдөг. Гэвч дахиад л зогсоол болгоод ашиглаж байдаг. Шүүхийн шийдвэр гарсныг нь ч хүндэтгэж үздэггүй. Энэ байгууллага солонгос эзэнтэй. Машин зогсоох зогсоолгүй байж жуулчин авдаг. Зам дээр 2-3 автобусаа зогсоогоод зам хаачихдаг.  
undefined
-Аж  ахуй нэгжийн төлөөлөл В.Зоригт: Нийтийн эзэмшлийн талбайгаа чөлөөтэй байлгахгүй бол ямарваа нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд  гал командын машин орж ирэх ямар ч боломжгүй. Олон машин зогсоогоод гарц тагласан байна. Тэгэхээр заавал чөлөөлөх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид өөрсдийн эрүүл аюулгүй байдлаа хангах, хамгаалахын тулд үүн дээр дуугарах ёстой. Энэ газрыг чөлөөлөх ёстой. Шүүхийн гурван шатны шийдвэр нь гарсан юм байна. Одоо болтол чөлөөлөхгүй байгаа. Үүн дээр арга хэмжээ авч өгөөч гэж холбогдох шатны хүмүүсээс хүсэж байна.  
undefined
-“Аж  ахуй нэгжийн төлөөлөл Ж.Ариун: Аюулгүй байдал номер нэгт байх ёстой. Гэтэл аюулгүй байдлыг хангах боломж алга байна. Хоёрдугаарт, улсын шийдвэр гарсан байхад яагаад үл тоогоод байгаа нь сонин байна. Бид тухайн шийдвэрийг биелүүлэх ёстой. Үүнийг шийдэж өгөх хэрэгтэй байна. Бид олон хүнийг ажиллуулж байгаа. Тухайн хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Бүх  л бүтэн улс учраас стандарт гэж бий. Стандартаа хэрэгжүүлэхийн тулд арга хэмжээ авах хэрэгтэй байна. 
undefined
Мөн тухайн талбайд галын гидрант хэсэг байрладаг аж. Хэрвээ ямар нэгэн байдлаар дахин гал гарвал галын машин орж ирэхэд хүндрэлтэйгээс гадна галын гидрантыг түргэн шуурхай ашиглаж, ус татах боломжгүй нөхцөл байдалтай байна. Ойр орчимд 1500 гаруй хүн амьдарч, ажилладаг бөгөөд эдгээр хүмүүсийн эрх зөрчигдсөөр байна.  
undefined

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн