Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын өндөр тарифын нөлөөнд өртсөн орнуудад 90 хоногийн завсарлага өгөхөөр болсноо зарласан ч Хятадтай хийж буй худалдааны дайн улам хурцдаад буй. Харин БНХАУ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 145 хувийн татвар ногдуулах шийдвэрт хариу барьж, АНУ-ын бараанд ногдуулах татварыг 84 хувиас 125 хувь болгон нэмэгдүүлжээ. Ийнхүү дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг нураах эрсдэлтэй худалдааны дайн улам даамжирсаар байна.
Их гүрнүүдийн худалдааны дайн Монгол Улсад хэрхэн нөлөөлөхийг Монголбанкнаас тодруулахад “АНУ, БНХАУ-ын худалдааны дайн мөд зогсохгүй дүр зураг ажиглагдаж байна. АНУ-ын тарифын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй зарласан бодлогын арга хэмжээнүүд олон улсын харилцааны гэрээ хэлэлцээр явж байгаатай уялдуулаад зарим шийдвэр нь хойшилж байна. Үүнтэйгээ холбоотойгоор тарифын бодлого ямар хэлбэрээр, ямар түвшинд хэрэгжих нь тодорхой бус байгаад байна гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн 30-40 хувийг бүрдүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр нөлөөлтэй татварын хэмжээ цаана яригдаж байгаа. Одоогийн 100 гаруй хувийн татвар гэдэг бидний хэзээ ч сонсож байгаагүй татварын түвшин. Татварын тарифын бодлогуудын хувь хэмжээг харвал Азийн бүс нутагт илүү өндөр нөлөөлөлтэй байхаар яригдаж байна.
Тодруулбал, Вьетнам, Солонгос, Камбож гээд дундаж 20-25 хувийн татвараас давж 30-40 хувийн татвар ногдуулахаар ярьж байна. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг тойрсон нийлүүлэлтийн сүлжээнд холбогдсон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцож байгаа улс орнуудад илүү үр дагавартай гэсэн үг. Хэрвээ энэ байдлаар цаашаа үргэлжилж хэрэгжвэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах нэлээд том сөрөг үр дагавар гарна гэж ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор манай худалдааны нөхцөл муудахаар байна.
Хөнгөнцагаан, ган 25 хувийн татварын тарифтай болж байна. Түүнчлэн, энэ оны төгсгөлд зэсийн татварын тариф 25 хувь гэж яригдаж буй. Одоо 90 хоног тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Нүүрсний үнэ өнгөрсөн онд 101 сая ам.доллароор БНХАУ-руу зарж байсан бол өнөөдөр 75 ам.доллароор худалдаалагдаж байна. Монголбанкны зүгээс 2026 онд 75 сая ам.доллар болно байх гэсэн төсөөлөлтэй байсан. Зэсийн үнэ нэмэгдэж байсан ч буцаад буурч байна. Бид цаашдаа нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Алтны үнэ нэмэгдэх төлөвтэй ажиглагдаж буй. Нефтийн үнэ, төмрийн хүдэр, гангийн тариф буурч байна” гэлээ.
Үргэлжлүүлэн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас худалдааны дайны нөлөө Монголын эдийн засагт хэзээнээс мэдрэгдэж эхлэхийг тодрууллаа.
Тэрээр “Монгол Улсад их гүрнүүдийн худалдааны дайн шууд болон дам байдлаар нөлөөлж буй. Тодруулбал, энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг руу орж ирж байгаа долларын ханш, экспортолж буй бараа бүтээгдэхүүнд, коксжих нүүрсний урсгалд нөлөөлж байна. Хамгийн гол нөлөөлөх том суваг бол эрдэс бүтээгдэхүүний үнэ. Мөн БНХАУ-ын эдийн засаг манай экспортын хамгийн том зах зээл. Тодруулбал, нийт дүнгээрээ БНХАУ-ын эдийн засаг бол Монголын нийт худалдааны эргэлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа том эдийн засаг. Түүнчлэн, манай импортын бараа бүтээгдэхүүнээ авдаг хоёр дахь том зах зээл бол АНУ” гэв.