Open iToim app
Нийтлэл | 3 мин уншина

"Төрийн бүтээмжээр халхавчилсан улс төрийн авлигал цэцэглэж байна"

"Төрийн бүтээмжээр халхавчилсан улс төрийн авлигал цэцэглэж байна"
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа л төрийн бүтээмжийг сайжруулж, цомхон бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллана гэж улиг болтлоо ярьж буй. Гэвч Засгийн газар өнгөн дээрээ төрийн бүтээмжийг сайжруулна гэчхээд үйлдэл нь хулгай үүрлэх албан тушаал, улс төрийн авлигын схемийг бүрдүүлж байгааг нэр бүхий гишүүд шүүмжилж байна. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн бүх түвшинд чиг үүргийн давхардлыг арилгах ажлыг эхлүүлсэн гэж мэдээлж байгаа ч зарим ТӨК-иудыг нэгтгэх, нийлүүлэх нэрээр хэн нэгэнд зориулсан албан тушаал бий болгож байна уу гэх хардлагыг ч үүсгээд байна.
Хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь төрийн өмчийн компаниудад “хяналтын менежер, “бүтээмжийн менежер” гэсэн орон тоог шинээр бий болгож буй явдал юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 120 гаруй төрийн өмчийн компани ажиллаж байгаа гэвэл ойролцоогоор 300 орчим хүн "хяналтын менежер", "бүтээмжийн менежер" нэрээр албан тушаалд томилогдох бололтой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, З.Мэндсайхан нар Ерөнхий сайдад “төрийн өмчийн компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер нэрээр хэчнээн хүн томилсон" талаар асуулга тавихад өнөөдрийн байдлаар 42 хүнийг томилсон гэж мэдээлжээ. Удахгүй 100 гаруй хүнийг нэмж томилно гэх мэдээлэл байгааг дурдсан байна.
Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүд ямар эрх ямба эдлэх вэ
  • Албан тушаалын статус: Орлогч даргатай дүйцүүлэн авч үзнэ.
  • Сарын цалин: 6-7 сая төгрөг
  • Бусад хангамж: Өрөө болон машинаар хангана.
Гол асуудал нь хяналтын болон бүтээмжийн менежерээр томилогдсон хүмүүсийн олонх нь улс төрийн намуудын /МАН, АН, ХҮН нам/ төлөөллүүд бөгөөд төрийн болон нийтийн албанд ажилласан туршлага бага байгаа юм. Тэд төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтгүй томилогдож байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас томилсон менежерүүд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бус үр ашиггүй зардлыг өсгөх, төр улам томрох улс төрийн авлигалын тод жишээ гэж зарим гишүүн шүүмжилж байна.

Хуулиар заагаагүй байхад Засгийн газрын дэргэд 30 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөл, хороо байгуулжээ

Үүнээс гадна Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш Засгийн газрын түвшинд 57 хороо, зөвлөл байгуулан ажиллаж байгаа аж. Үүнээс хуулиар тухайлан заагдаагүй 10 хороо, 4 зөвлөл байгуулсан бөгөөд нийт 90 орон тоо нэмж, жилдээ 30 тэрбум төгрөгийн төсөвтэй байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хатуу шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Засгийн газраас Төрийн өмчийн компанийн ил тод, бүтээмжтэй байдлыг сайжруулах хүрээнд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийн төслийг УИХ дээр миний бие ахалж ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийн өргөн мэдүүлэхдээ төр цомхон, эдийн засгийн харилцаанд оролцохгүй, хувийн хэвшлийн хийж чадах асуудал дээр төр бизнес хийхгүй, төрийн өмчийн компаний үрэлгэн данхар бүтцийг байхгүй болгоно гэдэг зүйл ярьж хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл хуулийн төслийг батлах, хэлэлцэх хүрээнд ажлын хэсэг гарч ажиллаж байхад оруулж ирсэн бодлогынхоо эсрэг, төрийн өмчийн компаниуд дээр маш их хэмжээний үрэлгэн данхар бүтцийг улс төрийн авлига хэлбэрээр бий болгож байна гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн