Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдлаас болж улсын эмнэлгүүд өрөнд орж, эм эмчилгээ тасрах эрсдэлд орсон гэж байсан. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар эмийн компаниудад өртэй хэвээрээ байна. Манай эмнэлэг гэхэд 14 орчим тэрбум төгрөгийн өртэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн жилийн 9 тэрбум төгрөгийн авлагатайгаа нийлээд 26 тэрбум төгрөгийн авлагатай байна. Санхүүжилт өнгөрсөн жилийнхтэйгээ ижилхэн байна. Өнгөрсөн жил ЭМДС-ийн 280 тэрбумын өрийг дарлаа гээд, эмнэлгүүд санхүүжилт нэмэгдсэн гэж баярлаж байсан бол санхүүжилтийг 20-40 хувь бууруулж гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн хүрсэн түвшнээс санхүүжилтийг бууруулсан гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жилийн санхүүжилт дутагдалтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс дахиад буурч байгаа нь эрүүл мэндийн салбарт маш хүнд цохиолт болж байна. Үүнийг дагаад эмнэлгийн ажилчид тусламж үйлчилгээгээ иргэдэд бүрэн дүүрэн хүргэж чадахаа болино. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн дутмагшил үүсээд, эмчлүүлж байгаа иргэдийн тоог тодорхой түвшинд барина л гэсэн үг. Товчхондоо бол улсын төсвөөр ажилладаг байхад эхний 14 хоног тусламж, үйлчилгээ үзүүлчихээд дараагийн 14 хоногт санхүүжилт байхгүй гээд суудаг байсан байдал руугаа орох гээд байна. Энэ эрсдэлийг одоо л зогсоохгүй бол болохгүй гээд ажиллаж байна.
-Хаанаас ямар шийдвэр гаргаад өнгөрсөн жилийн санхүүжилтээс 20-40 хувь бууруулсан юм бэ?
-Санхүүжилтийг гүйцэтгэлээрээ ЭМДЕГ-тай гэрээлж авч байгаа. Тэр гэрээний дүн буурч байгаа л гэсэн үг. Учир нь ЭМДЕГ байгаа санхүүжилтэндээ эмнэлгүүдтэй гэрээ хийж байгаа юм. ЭМДЕГ-ын санхүүгийн байдлаас шалтгаалж өнгөрсөн жилийнхээс бага дүнгээр гэрээ хийнэ гэж тайлбарлаж байгаа. Байхгүй мөнгийг өр үүсгээд байгууллагтай гэрээ хийж чадахгүй гэдэг тайлбарыг хэлээд байгаа юм.
-Санхүүжилтийг бууруулснаас болж танай байгууллагад яг ямар эсрдэл үүсээд байна вэ. Худалдаж авч чадахаа байсан эм, эмнэлгийн хэрэгсэл байна уу?
-ЭМЯ, ЭМДЕГ-аас хавдарын тусламж үйлчилгээг хязгаарлахгүй гэж хэлж байгаа. Гэхдээ ингэж хэлсэн ч бид байгаа мөнгөндөө тааруулж л үйлчилгээгээ үзүүлнэ.
Тиймээс энэ асуудлыг ЭМЯ, ЭМДЕГ шийдэх байх гэж найдаж байна.
Тоног төхөөрөмжийн хувьд ХСҮТ дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын түвшинд тусламж үйлчилгээ үзүүлэх гэж хичээж байгаа. Хөрөнгө оруулалтын олон жилийн дутагдалтай байдлаас шалтгаалаад үр дагаврууд үүсэж байгаа. Тухайлбал, рентиген аппарат эвдэрсэн учраас бид дандаа зөөврийн аппаратаа ашиглаж байна. Мөн CT, MRI гэдэг манай ХСҮТ-д тулгамдсан асуудал байдаг. Үүнийгээ арай гэж зохицуулаад шинээр авах гээд ажилллаж байна.
Архи, тамхи, чихэрлэг зүйлсийн татварыг нэмэгдүүлээд үүнийгээ эрүүл мэндийн салбарт шилжүүлэхэд энэ бүх асуудал шийдэгдчих юм. Гэтэл бид бүхэн тамхи, архиар хордуулж байна. Тамхиар хордуулж байгаа хэрнээ татвар авахгүй чөлөөтэй зарж байна. Тамхи, архи, чихэрлэг зүйлээс үүдэлтэй өвчлөл ДНБ-ий 10-аас дээш хувийн ачааллыг буцаагаад эрүүл мэндийн салбарт үзүүлж байна. Ийм их дарамт үзүүлж байгаа хортой бүтээгдэхүүнийхээ татварыг нэмж, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо явуулахгүй байна гэсэн үг.
Н.Эрдэнэхүү
-Туяаны ганцхан ширхэг аппараттай. Тэр нь эвдэрчихээр иргэдийн эмчилгээ тасарч байгаа талаар хүмүүс бичсэн байсан. Үүнийг дахиад нэмээд авчих санхүүжилт байдаггүй юм уу?
-Туяаны аппарат асар их үнэтэй. Засвар үйлчилгээний төлбөрт жилд хоёр тэрбум төгрөг төлдөг. Байнгын үйлчилгээтэй явж байгаа ч эвдэрдэг. Сэлбэгээ захиалаад авчрахад 14 хоног ч гэдэг юм уу тодорхой хугацаа ордог. Энэ нь өвчтөний тусламж үйлчилгээнд нөлөөлдөг. Ийм асуудал гаргахгүйн тулд бид засварын компанид нь шаардлагаа тавиад ажиллаж байгаа. Энэ мэтчилэн тусламж үйлчилгээнд тоног төхөөрөмжийн бэлэн байдал түүний тогтвортой байдал бас тулгамдсан асуудал болчихоод байгаа.
Ер нь ковидоос өмнө эрүүл мэндийн салбарын санхүүжилт маш муу байсан. Эрүүл мэндийн салбарын нэмэгдсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацааны хоцрогдлыг нөхөж чадахгүй байна гэж бид үзэж байгаа. Гэхдээ дутуу хөрөнгө оруулалтуудыг гаднын зээл тусламж бусад зүйлээр нөхөх гэж оролдоод байгаа юм. Үүний нэг нь манай туяа эмчилгээний салбар. 2019 онд Австарийн Засгийн газрын тусламжтай одоогийн ашиглаж байгаа туяаны аппаратыг суулгасан. 2023 онд дахин нэгийг суулгасан. Бид өөрсдөө авч чадахгүй тоног төхөөрөмжөө ийм хэлбэрийн санхүүжилтээр нөхнө гэж бодож байгаа.
Ер нь цаашдаа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Засгийн газрын тайлангаар 2.9 хувь буюу гурван хувийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна гэсэн. Гэтэл хамгийн багадаа 5, 6 хувь байх ётсой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувьд ч хүрэхгүй байгаа учраас эрүүл мэндийн салбар ийм байдалтай байна. Ийм санхүүжилтээр иргэд чанартай, өндөр тусламж үйлчилгээ үзүүл гэж шаардаж байна. Гэтэл энэ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн цалин, орчин, тоног төхөөрөмж, байшин сав нь ямар байгаа билээ гээд бодох ёстой. Гэхдээ энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө хичээл зүтгэлээр шинэ технологи оруулъя, шинэ арга хэрэглье гээд зүтгэж байгаа. Үүний хэрээр манай тусламж үйлчилгээний чанар ахисан. Эрүүл мэндийн салбарын хувь Монгол Улсын тогтолцоо тийм дор ордог улс биш.
-Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг нэмэх шаардлагатай юу. Төрөөс даадаг маш олон иргэн байдаг шүү дээ?
-Бодлогын хувьд хоёр л арга байдаг. Нэгд, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 5, 6 хувьд хүргэх. Хоёрт, эрүүл мэнд муудахад иргэд санхүүгийн дарамтад ороход хамгийн их нөлөөлдөг салбар. Тиймээс үүний эсрэг бодлого байх ёстой.
Санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд татварын бодлогоо зөв ашиглах хэрэгтэй байна. Архи, тамхи, чихэрлэг зүйлсийн татварыг нэмэгдүүлээд үүнийгээ эрүүл мэндийн салбарт шилжүүлэхэд энэ бүх асуудал шийдэгдчих юм. Гэтэл бид бүхэн тамхи, архиар хордуулж байна. Тамхиар хордуулж байгаа хэрнээ татвар авахгүй чөлөөтэй зарж байна. Тамхи, архи, чихэрлэг зүйлээс үүдэлтэй өвчлөл ДНБ-ий 10-аас дээш хувийн ачааллыг буцаагаад эрүүл мэндийн салбарт үзүүлж байна. Ийм их дарамт үзүүлж байгаа хортой бүтээгдэхүүнийхээ татварыг нэмж, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо явуулахгүй байна гэсэн үг. Тэгэхээр УИХ, Засгийн газар үүн дээр анхаарал тавьж, татварын бодлогоо явуулах хэрэгтэй.
-Энэ бүхний холбоосыг эмнэлгийн дарга нар хийх байх. Бидэнд ийм шийдэл, санхүүжилт хэрэгтэй байна гэдгээ төрд хүргэх байх. Та бүхний үгийг сонсож байна уу?
-Эмнэлгийн дарга нар эмнэлгийнхээ тусламж үйлчилгээг л маш сайн хийх ёстой. Нэгэнт өвдөөд ирсэн хүнд чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хамгийн гол асуудал нь төвүүд гэж ажиллаж байгаа бол нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг өнгөрсөн жил баталсан ч хэрэгжээгүй байна. Санхүүжилт байхгүй хэвээрээ л байна. Нийгмийн эрүүл мэнд гэж хамгийн чухал асуудал гэдгийг УИХ, Засгийн газар бүгдээрээ ойлгосон гэж бодож байгаа. Өвчин тусахаас өмнө урьдчилан сэргийлдэг, нийгмийн эрүүл мэндэд оруулсан 1 ам.доллар эргээд хичнээн ам.долларын ашиг улс оронд авчрах вэ гэдэг нь ч тодорхой байгаа.
Гэтэл чихрийн үнийг нэмж алуулах гээ юү гэдэг үг хэлж байгаа. Чихрийнхээ үнийг нэмэхэд эрүүл мэнд яаж сайжрах вэ, үр дүн ямар байх вэ гэдгийг бид маш сайн ойлгох ёстой. Ойлгоогүй учраас чихрийн үнийг нэмж ард түмэнд алуулах гээ юү гэдэг юм ярьж байгаа юм. Чихэрлэг ундааны үнэ нэмснээр ус уудаг, эрүүл өсөх хүмүүсийг бий болгоно. Харин ч чихрийн шижингийн эм, тарианд зарцуулах мөнгөнөөс гадна иргэдийнхээ чанартай амьдрах он жилүүдийг уртасгах боломжууд байгаа гэдгийг энэ хүмүүст гаргаж өгөх ёстой юм байна.