Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд уг төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн юм.Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Олон улсын туршлагаас харахад 2004-2019 оны хооронд зээлжих зэрэглэлийн онооны системд шилжсэн 28 улсад зээлийн хүү дунджаар 3.2–3.4 хувиар буурсан байдаг. Жишээ нь, АНУ 1989 онд энэ системд шилжихэд зээлийн хүү хоёр хувиар буурсан. Вьетнам улс 2000 оны эхээр ижил системд орсон бөгөөд тухайн үед тэдний дундаж жилийн зээлийн хүү 18 хувь байсан бол энэ үзүүлэлт 12–14 хувь хүртэл буурсан юм.Банкны зээлийн хүүгийн бүтцийг авч үзвэл 63 хувь нь эх үүсвэрийн зардал, 15 хувь нь эрсдэлийн зардал, 22 хувь нь банкны дотоод үйл ажиллагааны зардал эзэлдэг. Үүнээс харахад бид эрсдэл болон дотоод зардлыг бууруулснаар зээлийн хүүг багасгах боломжтой.Хэрэв хууль батлагдаж иргэн бүр зээлжих онооны системд хамрагдвал зээлийн эрсдэл илүү тодорхой болно. Одоогийн байдлаар эрсдэл тодорхойгүй тул банкнууд өндөр хүү тогтоож, муу зээлдэгчийн алдагдлыг сайн зээлдэгчээр нөхдөг буруу тогтолцоогоор явж байна. Харин онооны систем нэвтэрснээр зээлийн судалгаа хийх хугацаа багасаж, зардал буурч, үр дүнд нь зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх юм.