УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 2020 оноос гурав дахь үе шатдаа хэрэгжүүлж буй “Монголын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах” төслийн талаар буруу, зөрүү ойлголтыг залруулах мэдээлэл хийлээ.
Тэрээр “Би Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулсан хүн. Тэтгэвэртээ гараад Монголынхоо төрийн өмчийн сургуулиудад Шинэ Монгол сургуулиас олсон туршлага, нөү хаугаа дамжуулах, сургуулиудын менежментийг сайжруулах тал дээр төсөл хөтөлбөр санаачилсан. Тодруулбал, 2020 ондоо сумын хоёр, аймгийн төвийн хоёр, Улаанбаатар хотын гэр хорооллын хоёр, төвийн хоёр сургууль гээд найман сургууль дээр нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдүгээр үе шатаа явуулсан. Бид 2023-2024 оны хичээлийн жилд 60 сургуульд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Төсөл хөтөлбөрүүд амжилттай явагдаж үр дүнгээ өгч байгаа учраас сонгуульд боловсролын салбарыг төлөөлөөд нэр дэвшээч, энэ төсөл хөтөлбөрөө далайцтай хийгээч гэсэн хүсэлт ирсэн. Ингэхдээ та санаачилсан хөтөлбөрөө манай намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулаач гэсэн. Ингээд миний бие долоон сард УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дараа нь есдүгээр сард төслийн гуравдугаар үе шат буюу 120 сургуульд далайцтайгаар хэрэгжүүлээд явж байгаа. Сургууль гэдэг салангид удирдлагатай байгууллага. Боловсролын реформ хийе гэвэл сургуулийн реформ хийх хэрэгтэй гэдгийг олон улсад ч ярьдаг. Нэгж сургууль сайжирч байж боловсрол сайжирна. Монгол Улсын хөгжлийн гарц нь боловсрол. Боловсролд оруулдаг хөрөнгө оруулалт хэд дахин арвижиж буцаж ирдэг” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрээр яагаад тус хөтөлбөрийг санаачлах болсон, хэтдээ юунд хүрэхийг зорьж байгаагаа тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Би Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хянах, цаашлаад сургуулийн менежментийг сайжруулах, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх ажлын хэсгийг ахалж буй. Энэ хүрээндээ суурь судалгаануудыг хийсэн. Ялангуяа төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд ямар байдалтай байгааг статистик судалгаанууд сайн хийсэн байгаа. Ерөнхий сайдад хоёр удаа болон Боловсролын, Сангийн сайдад судалгаагаа танилцуулсан. Үүний үр дүнд Ерөнхий сайд, Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Боловсролыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд бид 10 зүйлийг хийх ёстой гэсэн судалгааны үр дүн гарсан.
Нэгд, хөрөнгө оруулалт хийж, сургуулиудын хүртээмжийг дээшлүүлэх шаардлагатай байна. Миний тооцоогоор 157 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж байж ачааллыг багасгана. Одоо нэг ангид 40, 50, 60-иас дээш давсан хүүхэд суралцаж байна. Иймд 2028 он гэхэд нэг бүлэгт 40-өөс доош орох тооцооллыг гаргасан. Цэцэрлэгийн хувьд 1.5 дахин илүү ачаалал авахгүйгээр болгоё гэдэг шийдлийг хэлсэн. Үүнийг дагаад багш нарын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа.
Хоёрт, шилдэг хүүхдүүд, төгсөгч төрөлх сургуульдаа багш болох хөтөлбөрийг хэрэгжүүлье. МУБИС-аас эхлээд багш бэлтгэх сургуульд сурч байгаа хүүхдүүдэд суралцах үед нь цалинтай оюутан болгоё. Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 онооноос дээш авсан сурагчдыг шилдэг оюутан гэж үзээд тэтгэлэг өгье. Мөн төгсөхөд нь ипотекийн зээлээр хангая. Түүнчлэн, таван жил үр дүнтэй ажиллавал Азийн багшаа сайн бэлддэг орнууд руу магистрт сургая. Түүнийг нь дэмжье. Буцаж ирээд таван жил ажиллавал төлбөрөөс нь чөлөөлье гэдэг юм уу эдийн засгийн хөшүүрэг ашиглая. Нөгөө талаасаа багш гэдэг мэргэжлийн сайхныг мэдэрдэг төсөл хөтөлбөрүүдийг цогцоор хийе.
Гуравдугаарт, сургуулиудын барилгын хүртээмж дээшлээд, багш нар нь хангагдаад ирвэл менежментийг нь дээшлүүлье. Сургуулийн захирлуудыг бэлтгэдэг болъё. Сургалтын орчныг нь сайжруулж сургууль шиг сургууль болгоё. Мөн зүрх сэтгэлийн боловсрол буюу хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сурагчдыг өргөн хүрээнд хамруулъя.
Би сургуулийн соёл, төсөл хөтөлбөрийн талаар судалдаг. Судалгааныхаа үндсэн дээр Шинэ Монгол сургуулийг 24 жил удирдаад ирсэн хүн. Энэ туршлага улсын сургуулиудад явах тооцооллыг хийсэн. Би 61 насандаа УИХ-ын гишүүн болсон. Надад Монголынхоо бүх сургуулийг Шинэ Монгол сургууль шигээ болгох мөрөөдөл байгаа. Шинэ Монгол сургуульд мөнгөөр хэмжигдэхгүй менежментийн тэргүүн туршлагууд бий. Энэ бүхнийг төрийн сургуулиудад нэвтрүүлье гэж бодож байна. Зарим хүн үүнийг авлигал, эрх ашгийн сонирхол байна гэж ярьж байгаа. Гэвч тийм асуудал огт байхгүй гэдгийг хэлье.
П.Наранбаяр сайд манай сургуульд ажиллаж байсан. Ажиллаж байснаар нь хүмүүсийг хооронд нь ашиг сонирхлын зөрчилтэй, хамаарал холбоотой гэж холбовол Монгол Улсад бүх хүн холбогдох байх. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Шинэ Монгол төв гээд төрийн сургуулиудыг сайжруулдаг төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагын данс руу 1.2 тэрбум төгрөг шилжсэн. Нэг сургуульд 10 сая төгрөгийг зарцуулдаг. Би энэ төслөөс ашиг олох гээд байгаа юм биш. Энэ мөнгөөр 32 долоо хоногийн туршид сургуулиудад менежментийг сайжруулах 188 цагийн сургалт орж байна. Тодруулбал, долоо хоногт гурван цагийн хичээл ордог. Түүний дараа гэрийн даалгавар өгдөг, шалгадаг. Мөн тухайн сургуулиудаа жилд хоёр удаа тойрч эргэж байна. Томилолтын зардал нь орно. Сургуулиудаа жилд нэг удаа хүлээж авч байгаа. Би УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаанд Монголынхоо бүх төрийн өмчийн сургуульд хүрэхийг хүсэж байна. Өмнө бид 60 сургууль дээр ажиллахад бидний санхүү дутсан. Жүр үр компани манай төслийг дэмжиж, нэг ажилтны цалинг бүтэн жилээр нь дааж 30 сая төгрөгөөр дэмжсэн. Тухайн компанийн захирлыг би танихгүй төслөө танилцуулахад л дэмжихээр болсон. PC Mall компани компьютероор, Шинэ сонголт компани тавилгаар, Их нүүдэл компани платформоор дэмжлээ. Хүмүүсийн дэмжлэг байж энэ төсөл анх хэрэгжсэн. Тухайн сургуулиуд өөрсдөө үр дүнгээ ярих байх. Баталгаатай нэг зүйл хэлэхэд сургуулиудын 90 хувь нь төсөлд хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаа. Харин 10 хувь нь өөрчлөлт, шинэчлэлийг эсэргүүцэж буй. Шинэчлэл гэдэг сургуулиудас маш их хүчин чармайлт шаарддаг. Одоо 120 сургуульд төсөлд хамрагдаж байгаа. Тэгэхээр 20 сургуулийн төлөөллийг нэг анги болгож цахимаар чиглүүлэгч багштай ажиллаж байна.
Энэ төсөл бол УИХ гишүүн болохоос өмнө 2020 оноос эхлүүлсэн миний мөрөөдөл байгаа юм. Үүн дээр Шинэ Монгол сургуулийнхаа хамаг л сайн хүмүүсийг ажлаас гаргаж ажиллуулж буй. Учир нь ажлаа сайн мэддэг, гардаж хийдэг хүмүүс үүнийг хийх ёстой. Ийм байж үр дүнд хүрнэ. Өмнө нь төслөө хэрэгжүүлсэн 60 сургуулиас 40 сургуулийг Шинэ Монгол сургууль шиг болсон гэж хэлж чадна. Бүх сургуулиуас тайланг авсан.
Энэ төсөл дээр манай охин ажилладаг гээд шүүмжилж байна. Миний охин Нагоягийн их сургуульд боловсрол судлалаар доктор хамгаалаад ирсэн Г.Суурь гэж хүн бий. Мэргэжлийн хүн учраас энэ төсөлд ажиллаж байгаа. Энэ төсөлд 2.5 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Оюуны өмчийн газраас Шинэ Монгол сургуулийн менежмент, хөтөлбөрийг үнэлээд 3.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн патент бий. Энэ төслийн хүрээнд сургуулиудад туршлага хуваалцахад ямар нэгэн байдлаар патентын төлбөр аваагүй.