Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Дэлхийн улсуудын хотын төв дэх үерийн хамгаалалтын шийдлүүд

Дэлхийн улсуудын хотын төв дэх үерийн хамгаалалтын шийдлүүд
Нийтэлсэн 2 минутын өмнө
2023 оны үерийн үеэр Сэлбийн далан сэтэрч, айлууд усанд автаж, хүмүүс завиар явахаас өөр сонголтгүй болчхоод байхад шуудайнд шороо хийж овоолохоос өөр арга, техник манай улсад байсангүй. Тиймээс эхний ээлжид Сэлбэд 700 метр газар үерийн хамгаалалтын далан барих зайлшгүй шаардлага үүссэн.
Х.Нямбаатар хотын дарга болохдоо Улаанбаатар хотыг гэнэтийн үерээс хамгаалах “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн ажил болох Сэлбийн далангийн барилга угсралтыг эхлүүлсэн. Тодруулбал, Сэлбэ голын дагуу хамгийн сайн хийцлэлээр 1.4 км үерийн түшиц хана барих төсвийг нийслэлээс шийдэж, 2024 оны зургаадугаар сарын сүүлээр “Билгүүн Монгол” ХХК ажлыг гүйцэтгэж байгаа.
Хотын төвд үерээс хамгаалах хана, далан барих нь хязгаарлагдмал орон зайтай орчинд хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Зөв төлөвлөлттэй, гоо зүйн хувьд нийцсэн, технологийн шийдэлтэй далан барьснаар үерийн аюулаас сэргийлээд зогсохгүй, хотын нэг хэсэг болон зохицох тохиолдол бий.
Хамгийн гол нь үерийн далангийн төлөвлөлт дээрээ нарийн анхаарч барих хэрэгтэй. Ингэхдээ үерийн эрсдэлийн загвар дээр тулгуурлан далангийн өндрийг тогтоох бөгөөд далангийн дагуу ногоон байгууламж, явган хүний зам, зам талбай төлөвлөдөг байна. Мөн гарц, хаалга, үргэлжлүүлэх суваг, насосны систем зэрэг дэд бүтцийн хэсгүүдийг хамт төлөвлөдөг байна. Тэгвэл олон улсад үерийн хамгаалалтыг дараах байдлаар хийж байна.
АНУ, Сент Луис – Миссисипи мөрөн
Хотын төв ба голын хооронд өндөр бетон хана барьсан байдаг. Зарим замыг үерийн үед хааж болдог томоохон үерийн хаалтуудтай. Насосны станц, далантай хослуулсан систем ашигладаг. Ингэснээр хүчтэй үерийн үед ч хотын үндсэн дэд бүтцийг хамгаалдаг.
undefined
Япон, Сайтама, Касукабе
Хотын дотор үерийн хамгаалалтын хана ба далангууд байдаг. Ухаалаг хяналтын систем ашиглан хаалгуудыг удирдах, насосуудыг ажиллуулах боломжтой.
Японы Касукабе хот дахь “G-Cans” гэх газар доорх үерийн ус зайлуулах байгууламж нь 6.3 км урт хонгил, 5 том босоо нүх, онгоц багтахуйц том усны танктай. Хар шуурга, хүчтэй борооны үед илүүдэл усыг хотын хүн ам ихтэй хэсгээс холдуулдаг ажээ.
undefined
Лондон, Их Британи – Темза мөрөн
Лондон хотын хувьд усны түвшин нэмэгдэх үед хаагддаг хөдөлгөөнт хаалтуудтай. Эдгээр хаалтууд хотын төв хэсгийг шуурганы давлагаа болон далайн усны түвшин нэмэгдэхээс хамгаалдаг.
10 ширхэг ган хаалттай, нийт урт нь 520 метр уг хаалтууд дугуй хэлбэртэй, эргэж нээгдэж хаагддаг загвартай. 1000 жилд нэг удаа тохиохуйц хүчтэй шуурганд тэсвэртэй уг далан 1984 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхий дээрх хамгийн том хөдөлгөөнт үерийн хамгаалалтын байгууламжуудын нэг юм.
undefined
Өмнөд Солонгосын үерээс хамгаалах систем
Сөүл хотод голын хоёр талд хамгаалалтын далан, түшиц хана, үерийн хаалт болон ус шахах станцуудыг байгуулсан байдаг. Тус хотын хувьд үерийн хамгаалалтын өндөр технологитой системтэй бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээг ашиглан үүндээ хяналт тавьдаг.
Японы адилаар Солонгос улсад ч газар доорх ус зайлуулах суваг, ус хадгалах байгууламж бий. Эдгээр системүүд нь борооны усыг хуримтлуулснаар гол болон сувагт ачаалал үүсгэхгүйгээр хотын гудамжийг үерийн уснаас хамгаалдаг.
undefined
Чонгечон гол, Сөүл
Хотын төвд байрлах авто замын доор байсан голыг сэргээн засварлаж, цэвэр агаартай парк болгон өөрчилсөн. Үерийн хашлага, насос, ус мэдрэгч бүхий системтэй. Мөн хиймэл суваг, ус хуримтлуулах байгууламжууд барьж, гэнэтийн үерээс сэргийлдэг аж. Бодит цагийн хяналтын систем нь борооны улиралд усны урсгалыг хянадаг. Уг гол их хэмжээний хур бороо орсон ч эргэн тойрон дахь хотын хэсгийг үерт автуулахгүй гэдгээрээ онцлог юм.
undefined
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн