Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Б.Түвшин: Ажилчин зөвхөн цалингаасаа л НДШ төлж, бусад орлогоосоо дахин суутгуулдаггүй болох ёстой

Б.Түвшин: Ажилчин зөвхөн цалингаасаа л НДШ төлж, бусад орлогоосоо дахин суутгуулдаггүй болох ёстой
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 10
УИХ-ын зарим гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, сүүлийн гурван сарын турш энэхүү төсөл дээр ажиллаж байгаа юм. Гишүүд хуулийн төслийн судалгаагаа хийж байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг багасгах тал дээр түлхүү ажиллаж байгаа аж.
undefined
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Ерөнхий зарчим бол нийгмийн даатгалын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Гэхдээ энэ зорилгыг хэрэгжүүлэхдээ ажил олгогч, бизнес эрхлэгчдэд хэт их ачаалал үүрүүлбэл тэд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, өөрөө ч, даатгалын сан ч мөн хохирно. Ачаагаа тааруулах хэрэгтэй. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс гурван зарчмын шинжтэй шинэчлэлийг багтааж байгаа.
Нэгдүгээрт, хөдөлмөрийн харилцаа буюу цалин хөлс, түүнтэй адилтгах тогтмол орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг авах нь зүйтэй. Харин иргэний хуулийн дагуу байгуулдаг ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах зэрэг гэрээнүүд болон тэдгээртэй адилтгах нэг удаагийн ажил үйлчилгээний орлогоос албан журмаар даатгуулах зохицуулалтыг хуулиас хасах санал гаргасан.
Хоёрдугаарт, байгууллагаас ажилтандаа олгодог унаа, түлш, хоолны хөнгөлөлт, байрны ашиглалтын зардлын хөнгөлөлт зэрэг нь ажилтны орлогыг нэмэгдүүлж байгаа бус, нийгмийн хамгааллын шинж чанартай дэмжлэг учраас эдгээрээс нийгмийн даатгалын шимтгэл авах зохицуулалтыг зогсоох хэрэгтэй. 
Гуравдугаарт, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тодорхой тогтоох шаардлагатай. Үүний тулд даатгуулагчийн сарын цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоох санал дэвшүүлж байгаа юм.
Энэхүү өөрчлөлтүүд нь ажил олгогчдын ачааллыг зохистой байлгаж, нийгмийн даатгалын тогтолцоог илүү шударга, үр ашигтай болгоход чиглэж байгаа. Төсөлд тусгасан зохицуулалтуудын үр дүнд Нийгмийн даатгалын санд төвлөрөх шимтгэлийн хэмжээ нийтдээ ойролцоогоор 300 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолж байна. Эхний зохицуулалтын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл 40 орчим тэрбум төгрөгөөр, хоёрдугаар заалтаар 60 орчим тэрбум төгрөгөөр буурах юм. Харин гуравдугаар зохицуулалтаар 200 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан.
Эдгээр зохицуулалтын эерэг нөлөөллөөр ажлын байр олноор нэмэгдэх урьдчилсан судалгаа бий. Тухайлбал, эхний зохицуулалтаар 875, хоёрдугаар зохицуулалтаар 1000 гаруй, гуравдугаар зохицуулалтаар 10,000 гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна.
Ажлын байр нэмэгдсэнээр хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, хүн амын орлогын албан татварын орлогоор Нийгмийн даатгалын санд үүсэх хасалтыг нөхөх бүрэн боломжтой. Эдгээр ажлын байрнаас бүрдүүлэх орлогын албан татвар 300 тэрбум төгрөгийг нөхөж чадна гэсэн тооцоолол гарсан юм. Ингэснээр 10 гаруй мянган хүн шинээр ажлын байртай болж, улсын эдийн засагт идэвхжил бий болохын зэрэгцээ бизнес эрхлэх таатай орчин бүрдэх юм.
undefined
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сард “D-Parliament” платформ дээр нийтэлсэн. Гэвч уг төслийн агуулга өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй бөгөөд илүү дэлгэрүүлэн хэлэлцэх шаардлагатай болсон тул уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн төлөөлөл, тэр дундаа аж ахуйн нэгжийн захирлууд, нягтлан бодогчид, аудиторууд оролцож, шинэчлэлийн талаар өөрсдийн байр суурь, санал бодлыг илэрхийллээ. 
Мүүрь аудитын мэргэжлийн үйлчилгээ хариуцсан захирал У.Оюунаа: Ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг баталгаат түвшний доод хэмжээний 10 дахин их хэмжээтэй тэнцүү байна гэж хуулийн төсөлд тусгасан. Өнөөгийн байдлаар баталгаат түвшний доод хэмжээ 792,000 төгрөг байгаа тул, нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулах цалин хөлсний дээд хэмжээ нь 7 сая 920 мянган төгрөг болж байна. Энэ нь 7 сая 920 мянган төгрөгөөс дээш цалинтай ажилтнуудад шимтгэл нэмж ноогдуулахгүй гэсэн үг юм.
Гэвч энэхүү заалт нь нийгмийн дундаж давхарга, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд наалдац багатай. Харин өндөр цалинтай олон ажилтантай, Монголын топ 100 аж ахуйн нэгжүүд зэрэг томоохон компаниудад илүү хамааралтай заалт болсон. Энэхүү зохицуулалт нь чинээлэг давхаргад хамаарч, харин дундаж болон бага орлоготой бизнес эрхлэгчдэд онцгой дэмжлэг үзүүлэхгүй байна.
Одоогийн байдлаар ажил олгогч нь ажилтны цалин дээр үндэслэн 11.5 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалд төлдөг. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ихээхэн ачаалал үүсгэж байгаа. Хэрэв эдгээр аж ахуйн нэгжүүд, дундаж орлоготой иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа бол ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах нь илүү үр дүнтэй шийдэл болох юм.
Мөн өмнөх зохицуулалтаар ажил гүйцэтгэх гэрээ, хоолны мөнгө, түлшний хөнгөлөлт зэрэг хөдөлмөрийн бус харилцаанаас ч нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг байсан нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст эдийн засгийн хүндрэл авчирч байв. Иймд эдгээр зохицуулалтыг хуулиар чөлөөлж, хүчингүй болгох нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд болон дундаж давхаргын иргэдэд чухал дэмжлэг болно гэж бодож байна.
Браво авто гадаадын хөрөнгө оруулалттай компанийн санхүү эрхэлсэн орлогч захирал Б.Бадамцэцэг: Манай байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын тээврийн байгууллага юм. Нийгмийн даатгалын хуулийн хэлэлцүүлгээр дэвшүүлж буй ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг ижил түвшинд байлгах саналыг бид дэмжиж байгаа.
Манай компанид Монгол болон гадаад улсын жолооч нар ажилладаг бөгөөд тэдгээрийн зарим нь хөдөлмөрийн гэрээгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр буюу Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллаж байна. Эдгээр жолооч нар нэг удаагийн тээвэрт нэг сараас дээш хугацаагаар ажилладаг тул цалин хөлс нь харьцангуй өндөр байдаг. Жишээлбэл, 3-4 сая төгрөгөөс дээш цалинтай жолооч нарт компанийн зүгээс ажил олгогчийн зүгээс 14.5 хувь, даатгуулагчаас 11.5 хувь буюу нийт 24 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байна. Энэ нь компанид санхүүгийн ачаалал үүсгэж, алдагдалд хүргэх эрсдэл дагуулж байна.
Мөн гадаад жолооч нарын хувьд нөхцөл байдал бүр ч онцлогтой байдаг. Жишээ нь, Беларусь улсын жолооч Хятад улсад тээвэр хийхдээ Монгол Улсаар дамжин өнгөрөх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд тэдгээр гадаад жолооч нар Монгол Улсад 11.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болдог. Гэсэн хэдий ч тэд нар эргээд энэ шимтгэлийн үр шимийг эдлэх боломжгүй юм. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхгүй, тэтгэвэр, тэтгэмж хүртэх боломжгүй, ажиллах эрх нь богино хугацаатай учраас нийгмийн даатгалын үр өгөөж нь баталгаагүй. Эдгээр жолооч нарын төлсөн шимтгэл нь тухайн хүний хувьд ямар ч ашиг өгөхгүй бөгөөд энэ хэмжээний санхүүгийн зардлыг байгууллага өөрийн дотоод ажилтнуудын нийгмийн хэрэгцээ, хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулсан бол илүү өгөөжтэй байх боломжтой байсан.
Манай компани сард дунджаар 40-60 сая төгрөгийг нийгмийн даатгалд төлж байгаа бөгөөд энэхүү өндөр зардлын үр ашиг, үр өгөөж нь одоогийн хуулийн зохицуулалтаар тодорхойгүй, буцаан нөхөн олговор авах боломжгүй байдалд байна. Түүнчлэн жолооч нар ажлаас гарах, эсвэл нас барсан тохиолдолд ч өмнө нь төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл ямар нэг байдлаар тэдэнд эсвэл тэдний ар гэрт нөлөөлөхгүй байгаа нь хуулийн зохицуулалт дутуу байгааг харуулж байгаа юм.
Нандинбродерс группийн дотоод аудитор Д.Оюунтуяа: Нийгмийн даатгал төлөхийн үндсэн зорилго нь иргэн тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах боломжтой болох явдал юм. Гэтэл өнөөдөр тэтгэвэр тогтоох тогтолцоонд шударга бус байдал үүссэн. Нийт 25 жилийн турш шимтгэл төлж ажилласан иргэний тэтгэврийг зөвхөн дараалсан сүүлийн таван жилийн шимтгэлийн дүнгээр тогтоож байгаа нь олон жилийн хөдөлмөрийг нь үнэлдэггүй, шударга бус хандлага юм.
Мөн нийгмийн даатгал нь сайн дурын биш, заавал төлөх зохицуулалттай байгаа нь зарим иргэнд санхүүгийн хувьд хүндрэлийг үүсгэж байна. Шимтгэл төлөх хугацаа урт байсаар атал зөвхөн сүүлийн таван жилийн дүнг үндэслэн тэтгэвэр тогтоож буй энэ нөхцөл нь иргэд болон ААН-үүдийн хувьд урт хугацаанд шимтгэл төлөх сонирхлыг бууруулж, зөвхөн сүүлийн таван жил өндөр төлбөл хангалттай гэх хандлагыг бий болгожээ.
Түүнчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж байгаа ажил олгогч нь ажилтнаа өвдсөн үед тэтгэмжийг даатгалын сангаас авах ёстой. Гэвч бодит байдал дээр зарим тохиолдолд ажил олгогч өөрөө тэтгэмжийг олгож байгаа нь мөн л шударга бус байдал үүсгэж байна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том дарамт болдог татварын хоёр гол төрөл нь Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Нийгмийн даатгалын шимтгэл юм. Энэ хоёр татварын ачаалал хэт өндөр байгаа тул олон ААН-үүд НӨАТ-аа бүрэн тайлагнахгүй байх, татвараас зайлсхийх хандлагатай байгаа. Иймээс эдгээр татварын уялдаа холбоог сайжруулж, ялангуяа жижиг дунд аж ахуй нэгжүүдэд илүү уян хатан, дэмжлэгтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж бодож байна .
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн