Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай зөвшилцөх саналыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ. Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжсэн юм. Ингээд өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжлээ.
Түүнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгон Ерөнхий прокуророор томилсон бөгөөд зургаан жил тасралтгүй ажилласан. Дахин сунгасан учраас тэрээр ирэх зургаан жил ажиллахаар болов.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн