Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

МҮЭХ : Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг НД-ын хамрах хүрээнээс хасахыг эсэргүүцлээ

МҮЭХ : Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг НД-ын хамрах хүрээнээс хасахыг эсэргүүцлээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 10
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлж мэдээлэл хүргэлээ.
МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал: МҮЭ-ийн холбооноос гэхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн есөн хүний гурвыг бүрдүүлдэг. Тиймээс даатгуулагчийг төлөөлсөн байгууллагын хувьд бид байр сууриа илэрхийлж байгаа юм. Б.Түвшин нарын гишүүд хамтран дөрвөн асуудал дээр Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан дөрвөн өөрчлөлтөөс нийт 2025 оны нийгмийн даатгалын төсөвт 725 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр зохицуулалтыг оруулж ирсэн байна. Нийгмийн даатгалын суурь хууль нь хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд нас барсных нь дараа эцсийн замд нь үдэж өгөх хүртэл хүний амьдралын бүхий л том харилцааг зохицуулдаг хууль юм. Тиймээс энэ хуулийг нэлээд сайн бодож, хэлэлцүүлж байж асуудлыг шийдэх нь зүйтэй.
Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах ёстой. Мөн улс төрөөс ангид байлгахыг эрмэлзэх хэрэгтэй юм. Монгол Улсад албан бус ажиллагсдын 500 мянга гаруй нь хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ болон ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Хэрэв хуулийн өөрчлөлт оруулбал эдгээр хүмүүсийн нийгмийн хамгааллыг яах вэ гэдэг асуудал бий болно. Ажил олгогчийн нийгмийн даатгалын албан журмын нийгмийн даатгалын дээд хэмжээг тогтоосноор Нийгмийн даатгалын сангийн орлого буурах эрсдэлтэй гэж харж байгаа.
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачилга гаргах нь урт хугацаанд Нийгмийн даатгалын тогтолцоог тогтвортой байлгах үндэслэлийг бүрдүүлэх ёстой. Нийгмийн даатгалын удирдлагыг Нийгмийн даатгалын хуулиараа гурван талын бүтцээрээ байна гэж хуульчилсан. Тиймээс Нийгмийн даатгалтай холбогдсон шийдвэр гаргахад аливаа зүйлийг хуулийн дагуу хамтын удирдлагын зарчмын дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр эхэлж хэлэлцүүлж байж бусад асуудлуудыг нарийн тооцоолсон мэргэжлийн хороогоор үнэлгээ дүгнэлт гаргаж байж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.
МҮЭ-ийн холбоо олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоог дэмжиж байгаа. Тиймээс хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг Засгийн газраас яаралтай өргөн барих шаардлагатай юм. Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Их хурлын гишүүдэд өргөн барихаас гадна Засгийн газар мөн өргөн барихаар ажиллаж байна гэсэн мэдээ байгаа. 2024 оны байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 108.3 мянган аж ахуй нэгжүүд байна. Үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 4.6 мянган ААН байна. Энэ нь нийт ААН-үүдийн 2.6 хувийг эзэлж байгаа юм.
МҮЭ-ийн холбооноос гол эсэргүүцэж байгаа зүйл бол гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг Нийгмийн даатгалын хамрах хүрээнээс хасна гэдгийг ойлгохгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийг Нийгмийн даатгалын хүрээнээс хасаж НДШ төлөхгүй болгохыг УИХ-ын гишүүд юу гэж үзсэн бол. 2024 оны тайлан мэдээнээс харахад 60.7 мянган ААН-үүд даатгалд хамрагдаж байгаа. 1 сая 200 мянган албан журмын даатгал төлөгч байна. 200 мянга орчим сайн дурын даатгал төлөгч байгаа. Сайн дурын даатгал төлөгч нь 13.5 хувиар төлж байгаа юм.
Даатгалын хувь хэмжээг бууруулснаар ямар ач холбогдолтой юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдэд гар дээр очиж байгаа цалин хөлс нь ахиу юм шиг харагдаж болох юм. Гэтэл Нийгмийн даатгал гэдэг бол тухайн хүний өвдөх зовох, ажилгүй болох, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, тэтгэвэрт гарах үед нь төрөөс даатгалыг нь хариуцдаг зүйл. Тиймээс Их хурлын гишүүд асуудал дээр нухацтай хандаж, урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоог алдагдуулахгүй байх шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн