Open iToim app
Ерөнхийлөгч | 2 мин уншина

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг хэлэлцэнэ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг хэлэлцэнэ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 9
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-д танилцуулахаар болжээ. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралд Ерөнхийлөгч зөвшилцөх саналаа танилцуулж, дараа нь УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэх юм байна.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд үүрэгт ажилдаа орж байсан бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа өчигдрөөр дуусгавар болсон юм. Түүнийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нэр дэвшүүлэн томилсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улираан томилох саналтай байгаа аж. Ерөнхий прокурорыг зургаан жилийн хугацаатай томилдог.
Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 61 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 онд Ерөнхий прокуророор томилогдсон юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн