УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа билээ. УИХ-аас Татварын асуудлаар иргэн, ААН байгууллага, мэргэжлийн холбоодоос санал авч, хуулийн төсөлд тусгах Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж ажилласан. Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг мэдээлэл хийж, татварын багц хуулийн төслүүдэд ямар гол саналуудыг өгсөн талаараа мэдээлэл хийв. Ажлын хэсгийнхний хувьд Татварын багц хуулийн төсөлд нийт дөрвөн их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх саналыг хүргүүлсэн байна. Хамгийн гол нь татварын бодлогоо зөв системд оруулах замаар жижиг дунд бизнес болон дундаж давхаргынхныг дэмжихэд чиглэснийг тодотголоо.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг: Ажлын хэсэг саналуудаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Засгийн газар татварын хуулийн төслүүдийг өргөн барьтал мэдээлэл хийхгүй гэж бодсон ч сүүлийн үед өдөр болгон шахуу нэг гишүүн эсвэл хэсэг бүлэг гишүүд татварын хуультай холбоотой төслүүд өргөн барьж байгаа учраас мэдээлэл хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Ер нь аль нэг татварыг бууруулаад явчихаар тогтолцоо өөрөө нурдаг. НӨАТ бол бүртгэлийн татвар учраас аль болох тэлэх, бүхий л үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээс НӨАТ-аа авч байж иргэн, хуулийн этгээдийн орлогыг хянаж, мэддэг болно. Харин энэ системдээ тулгуурлаад өгөх ёстой хөнгөлөлтийг нь олон шатлалтай өгдөг байхыг зорьсон.
НӨАТ дээр ААН-үүдийн хувьд хоёр том өөрчлөлт орно. ААН-үүд мөнгө орж ирснийх нь дараа НӨАТ төлдөг болмоор байна гэдгийг байнга хэлдэг. Үүнийг шийдэж байгаа. Нөгөө нь аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасагдуулалт хийх боломжгүй, зөвхөн элэгдлээ л хасуулдаг байсан. Тэгвэл энэ удаа НӨАТ-ын хасагдуулалт хийх эрхийг олгож байгаа. Нэг ёсондоо тухайн аж ахуйн нэгж байшин барилга худалдах, худалдан авахад элэгдлээ тооцуулахаас гадна тухайн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой НӨАТ-аа хасагдуулснаар эргээд хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой болно.
Иргэний хувьд 10 сая хүртэлх төгрөгийн орлогод орлогын албан татвар суутгахгүй буюу 0 байхаар тооцож байна. Түүнээс дээших дээр хоёр, хоёр хувийн өсөлттэй байхаар оруулж ирж байна.
Төрөөс гарч байгаа бүх мөнгө ибаримт дээр тулгуурлаж гаргадаг болно. Ингэснээр эргээд төрийн урсгал зардал НӨАТ-тай болно. Хамгийн том ажил олгогч, худалдан авагч нь НӨАТ-тай болохоор бүгд баримт өгдөг болно. Ингэснээр хувь хүний орлогыг тодорхойлж, татварын хөнгөлөлтийг нь олгоод явна.
ААН-үүдийн хувьд жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол 90 хувийг нь буцаан олгож байсныг 2.5 тэрбум болгоо нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, жилийн 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд нэг хувиар орлогын албан татвар төлнө гэсэн үг гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ татвар бууруулах төслүүдэд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй, учир нь өнөөдрийг хүртэл барьж ирсэн системээ, тогтолцоогоо нураах эрсдэлтэйг Х.Ганхуяг анхааруулав.