Open iToim app
Парламент | 4 мин уншина

Ц.Сандаг-Очир: Ерөнхий прокурор хүн өмнөх Б.Энх-Амгалан прокурор шиг итгэл төрүүлэхүйц ажиллах ёстой

Ц.Сандаг-Очир: Ерөнхий прокурор хүн өмнөх Б.Энх-Амгалан прокурор шиг итгэл төрүүлэхүйц ажиллах ёстой
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 9
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай зөвшилцөх саналыг УИХ-д оруулж ирлээ. Үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж, МАН-ын бүлэг дэмжсэн байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналын хэлэлцэж, гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ямар үндэслэлээр Б.Жаргалсайханыг улираан томилж байгаа вэ. Шүүх дээр хэргүүд очиж байна. Миний мэдэхээр 40 саяар торгуулаад гараад байдаг болчихлоо. Өнөөдөр гэхэд ногоон автобусны хэрэгтэй холбоотой хүмүүс ямар ч ялгүй гарч байна. Үүний цаана чинь баахан тохирол байгаа л даа. Шүүхийн үйл ажиллагаа мэдээж гурван шаттай, дуусаагүй байгаа байх. Харин прокурор бол хууль сахиулахыг, хэн нэгэн хүнд ял завшуулахгүй байх талаас нь ханддаг байх.  Нөгөө талаас та бүхэн ял эдлүүлэхэд хяналт тавьдаг. Гэтэл ял эдэлж процесс юм чинь юу болоод байна аа. Ялтан нь амралтын газар галч хийгээд явж байна ш дээ. Яагаад ийм байна вэ, хэн хариуцах юм бэ?
undefined
ЕТГ-ын дарга Г.Занданшатар: Прокурорын тухай хуульд заасны дагуу хуульч мэргэжлээр 10-аас дээш жил ажилласан, 35 нас хүрсэн прокурорын байгууллагад ажилласан хүнийг Ерөнхий прокуророор томилж байна. Өмнөх ерөнхийлөгчийн үед буюу 2019 онд томилогдсон Б.Жаргалсайханыг хуулийг дээдэлж, зарчимтай, нууртай ажиллаж байна гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч дахин Ерөнхий прокурорт нэр дэвшүүлсэн.
undefined
Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Миний ойлгож байгаагаар хоёр хэргийн асуудал яригдаж байна. Нэг дэх нь ногоон автобусны хэрэг. Нийгэмд нэлээд шуугиан тарьсан хэргийн нэг. Надад болон нийтэд ил болсон мэдээллээр бол прокурор өөрийнхөө шүүхэд шилжүүлсэн зүйл хэсгүүдээр ялласан. Харин шүүх цагаатгасан гэсэн мэдээлэл өнөөдөр гарч байна. Тэгэхээр шүүх өөрсдийн дотоод итгэлээр энэ асуудлыг шийдэж байгаа. Прокурор өөрийнхөө итгэлээр энэ хэргийг гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Тиймээс дараа дараагийн шатны шүүхийн үйл ажиллагаа нь шүүх хуралд оролцсон прокурорын үйл ажиллагаанаас хамаарна.
Батдөл гэх иргэний тодорхой болсон хэргийн талаар та асууж байх шиг байна. Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст харуул хамгаалалт дээр ажиллах зөвшөөрлийг олгодог. Тухайн хүний хувьд нэг сарын хугацаанд заагдсан газарт ажиллаж байсан. Харин прокурор шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр анги байршлыг сольсон.
-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргээс тоо баримт асууя. Танай прокурор дээр хэрэг буцаагддаг. Нөгөө талд шүүхийн шатанд хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болдог. Танайхаас яллах дүгнэлт үйлдүүлээд явсан хэргийн хэдэн хувь нь шүүх дээр шийдэгдэж, хэд нь буцаагдаж, хэрэгсэхгүй болж байна вэ.
Таны өмнөх прокурор Б.Энх-Амгалангийн хэлж ярьж байсныг сонсоод маш их бахархаж байсан. Монгол төрийн хууль сахиулах байгууллагуудын өндөр албан тушаалтнууд ингэж асуудал ханддаг бол болж байна гэж бодсон. Хууль, шүүх, прокурорын байгууллагад итгэх итгэл тэр зэргээр нэмэгдэж байсан. Тэр хүн чуулганы танхимд орж ирээд төрийн ордон, энэ танхимаас шударга ёс эхлэх ёстойг, улстөрчийг хариуцлагатай байхыг сануулж, “бай”-гаа оносон үг байсан. Б.Энх-Амгалан прокурор асуудалд тэгж хандаж байсан. Хоёрт, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдоржийг шалгаж өг гээд прокорорын байгууллагын албан тушаалтнуудыг бүрэлдэхүүнээр нь суулгаж байгаад хэлж байсан. Тэгэхэд Б.Энх-Амгалан прокурор “үгүй ээ, ийм юм байдаггүй юм аа” гэдэг зүйлийг ярьж асуудалд хандаж байсан. Энэ хоёрхон жишээнээс харахад, төрийн хууль цаазын хүмүүс асуудалд ингэж хандах ёстойг харуулж байлаа. Таны бүрэн эрхийн хугацаанд ийм асуудал гарав уу. Ямар нэгэн нөлөөлөх асуудал гарч байсан уу. Ийм нөлөөлөх байдал гарвал та хууль цаазын талд шударгаар байж чадах уу?
-Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Прокурор бол төрийн тусгай албан хаагч. Өргөсөн тангарагтай, үүнээсээ няцахгүй ажиллах үүрэгтэй. Манай бүх прокурор энэ тангаргаа үнэнчээр барьж ажиллаж байгаа гэж боддог. Ажилласаар ч байгаа. Миний хувьд томилгооны, хэргийн ямар ч нөлөөлөл байхгүй. Энэ нь өөрөө прокурорын байгууллагын бие даан ажиллах суурь нь юм.
2019 онд авлигатай холбоотой 78 хэргийг шүүхэд шилжүүлж ажиллаж байсан. Тэгвэл 2024 оны байдлаар авлигатай холбоотой 306 хэрэг шүүхэд шилжүүлж ажилласан байна. Энэ нь өөрөө прокурор хэргийг шилжүүлж, үндсэн үүргээ биелүүлж ажилласныг илтгэнэ. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хэд хэдэн тоо баримт бий. 2022 онд 188, 2023 онд 93, 2024 онд 222, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 64 хэрэг гээд нийт 667 авлига албан тушаалын хэрэг шүүхэд шилжүүлсэн байна.
undefined
Ингээд Хууль зүйн байнгын хороооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 буюу 68 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улираан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн