Open iToim app
Түмний нэг | 8 мин уншина

Түмний нэг: Хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлж буй Ц.Гансүхийн гэр бүлийг онцолж байна

Түмний нэг: Хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлж буй Ц.Гансүхийн гэр бүлийг онцолж байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 10
Хөгжмөөр дамжуулан нийгэмдээ гэрэл гэгээ, сайн сайхныг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй  Ц.Гансүхийн гэр бүлийг энэ удаагийн “Түмний нэг” буландаа онцолж байна. Ц.Ганcүх нь УДБЭТ-ын удирдаач, түүний гэргий Б.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын багш юм. Тэд ханилан суугаад 27 жил болж байгаа бөгөөд таван хүүхэдтэй. Тэдний том охин хуульч мэргэжилтэй, мөн бага наснаасаа хийл хөгжмөөр хичээллэж байсан. Бага дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ хөгжим тоглодог бөгөөд Монгол Улсын Консерваторт сурдаг аж.
Ц.Гансүх, Б.Энх-Амгалан нар “Хүн хүүхдэдээ хамгийн сайхан зүйлээ л өвлүүлэхийг хүсдэг. Хөгжим сурсан хүн бүх талын авьяастай байдаг. Хөгжим тоглоно гэдэг тархины фитнес. Тархийг хөгжүүлэх хамгийн зөв чиглэл хөгжим тоглох гэдгийг биеэрээ мэдэрсэн болохоор хүүхдүүддээ ч гэсэн мэдрүүлэхийг зорьдог” гэдгийг онцолсон юм. Ингээд Ц.Гансүхийн гэр бүлтэй ярилцсанаа хүргэе.
-Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ, хөгжимтэй холбоотойгоор танилцаж байсан уу?
-Нөхөр: Эхлээд миний шавь байлаа. Дараа нь эхнэр болсон доо \инээв\.
-Эхнэр: Бид 1998 онд анх танилцаж байсан. Нөхрийнхөө хөгжим гоё тоглож байгааг нь хараад багшаа болгоё гээд танилцаж байсан. Манай хүн надаас найм ах. Амьдрал цаанаасаа хөтөлдөг юм билээ. Яг л бусдын адил таталцлын хүчээр нэг л мэдэхэд гэр бүл болоод олон хүүхэдтэй болсон. Ер нь бид хөгжмийн урлаг дотор “чанагдсан” гэх юм уу. Энэ урлагийн сайхныг мэддэг, үүгээрээ ч бахархдаг, биширдэг. Тийм учраас энэ гоё зүйлээ хүүхдүүддээ өвлүүлэхийг хүссэн. Хамгийн үнэтэй өв юм даа. Нөхөр бид хоёр адилхан Новосибирскийн консерваторт сурсан. Манай хүн магистр, би баклавр, магистраа хамгаалсан. Дараа нь манай нөхөр Итали, Болгарт удирдаачийн сургууль төгссөн. Хөгжмийн хүмүүс дотогшоогоо даруухан байдаг. Тиймдээ ч бараг л ярихгүйгээр ойлголцоно шүү.
-Гэр бүлийнхэн нь бүгдээрээ хөгжмийн боловсролтой болох нь ямар давуу талтай вэ?
-Эхнэр: Хүмүүс хөгжим тоглохын эцсийн үр дүн нь тайзан дээр гараад тоглох гоё гэдэг. Гэхдээ миний харж байгаагаар хөгжим сурах үйл хамгийн чухал. Тухайн аяыг тоглож сурах гэж тэмдэгтүүдтэй ажиллаж, сурч чадахгүй бол шаналаад зовоод, сурахын тулд хичээж байгаа нь л хамгийн чухал. Тэр болгонд хүн өөрийгөө сорьж байдаг. Хаана ч очиж тоглоод ямар ч шагнал авч болно. Шагнал авахгүй ч байж болно. Манай охин Г.Индра дэлхийн том зохиол болох хамгийн ур чадвар шаардсан Сибелиусийн хийлийн концертыг тоглох гэж байгаа нь мэргэжлийн тоглооч нар тоглодог бүтээлийг арваннэгдүгээр ангийн хүүхэд тоглох гэж байна гэдэг бидний хамтдаа зүтгэсэн үр дүн гэж харж байна.
-Нөхөр: Дэлхийн тайзан дээр аавынхаа нэрийг дуудуулахад хамгийн сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж.

Хөгжмийн урлагийн гоё, сайхныг мэдэрсэн учраас "баян" явдаг

undefined
-Хөгжмийн урлагийн амт гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?
-Эхнэр: Бид маш олон зохиолчдын бүтээлүүдийг тоглодог. Тухайн бүтээлийг тоглох тоолонд тэр хүнийг зохиолоор нь мэдэрдэг. Бид ном уншаад тухайн зохиолчтой танилцдагтай л адилхан. Ямар гоё өргөн цар хүрээтэй, яаж тухайн хүнээс ийм гоё аялгуу гардаг байна гээд мэдрээд амтанд нь орохоор урлаг үнэхээр агуу мэдрэмжийг өгдөг. Хөгжимчин болохоор цалин багатай гэдэг. Үгүй ээ, цалин үнэндээ тийм чухал биш. Урлагийн гоё, сайхныг нь мэдэрсэн хүмүүс театрт ажиллаад байгаа. Хөгжмөөр хичээллэнэ гэдэг өөр арлын гоё амт. Түүнийг нь мэдэрсэн болохоор баян явдаг. Урлагийнхан цаанаа нэг өөр гэдэг нь тэр гоё амтыг өөрсдөдөө оршоосон байдаг. Хүүхэд болгон түүнийг мэдрээсэй, хойч үе маань тийм байгаасай гэж маш их хүсдэг. Тийм болохоор хүүхдүүдээ багаас нь хөгжим тоглож сургасан.
-Хөгжмийн урлагаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монголд хэр байгаа гэж хардаг вэ?
-Нөхөр: Монголд энэ тал дээр маш хангалтгүй байдаг гэж хардаг. Бидний сурч байсан Орос, Узбекстан гээд улсад хүүхдэд зориулсан театр, урлагийн байгууллага маш их байдаг. Намайг бага байхад Монголд хэд хэд байдаг байсан. Жишээлбэл, Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн болон Хүүхэлдэйн театр гээд байсан. Сурагчдын амралтаар бид бүх театраар зочилж, цагийг өнгөрүүлдэг байлаа. Одоо тийм газар байхгүй байна.
-Эхнэр: Бодлогоор боловсролыг дэмжихэд анхаарах хэрэгтэй байна. Боловсрол гэхээр тоо, монгол хэл болчхоод байна. Уг нь үгүй байхгүй юү. Урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэн бодох, бүтээлч сэтгээг нь хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хөгжим урлагийн цаана сэтгэн бодох, мэдрэх, энэрэхүйн сэтгэлийн бясалгал нэг талаараа явж байдаг.
-Танай гэр бүлийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
-Нөхөр:Хөгжимчин хүний наад захын бэрхшээл байна. Орой гэртээ ирээд л 22.00 цаг хүртэл бүгдээрээ өрөөнүүддээ хуваагдаад л хөгжмөө давтана. 
-Эхнэр: Ариун цэврийн өрөө, ноотныхоо тавиурыг булаацалдана. Нэг нь давтах болохоор бүгдээрээ л давтдаг. Давтсан уу, өнөөдөр багш нь юу гэсэн бэ, давтаарай гэдэг манай гэрийнхний өдөр тутмын яриа. Би төрхийн өмнөх хоёр сар, төрсний дараах хоёр сар чөлөө аваад л ажилдаа буцаад ордог байлаа. Хань сайтай болохоор арыг минь бат даадаг. Мөн аав, ээж их тусалж дэмждэг.
-Хосын харилцаагаа бат бөх байлгахын нууц нь юунд байдаг гэж хардаг вэ?
-Нөхөр: Хамгийн гол нь харилцан бие биедээ итгэх хэрэгтэй. Итгэл л их чухал.
-Эхнэр: Хөгжмийн ачаар зарим зүйлийг ярихгүйгээр ойлгодог. Өнөөдөр бага зэрэг ууртай, баяртай байна гээд мэдрэмж дээрээ бүх зүйлийг зохицуулна. 
-Хүүхдүүдээ цаашид ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Эхнэр: Заавал хөгжмийн хүн бол гэж шаардахгүй. Хөгжмийн ертөнцийг ойлгоод л авчихвал цаашдаа юу хийхээ өөрсдөө мэднэ биз гэж боддог. Гэтэл манай Г.Индра хөгжимчин болно гээд л явж байна. Дараагийнх нь өөрсдөө л мэдэг. Ер нь чадлаараа хичээгээд бүгдийг нь 18 нас хүртэл нь энэ урлагт  сургана. Өөрсдөө ямар ч сонголт хийсэн бид чадах бүхнээрээ л тэднийгээ дэмжинэ гэж боддог.
Тэдний охин Г.Индра, хүү Г.Тэнгис хийл хөгжим тоглодог. Харин бага охин Г.Инга нь төгөлдөр хуур, бага хүү Г.Түшиг нь виолончель /морин хийл/хөгжим тоглодог аж. Тэднээс ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ гэж асуухад бүгд л хөгжимчин гэж хариулав.
  • Хоёр дахь охин Г.Индра: Ноотыг бүгдийг нь төгс цэвэр гоё дуугаргахын тулд маш их хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг болохоор тэр нь хэцүү. Гэхдээ би хичээж байгаа. Гэрээсээ өглөө 08.00 цаг гэж гараад давтсаар байгаад орой 23.00 цаг гэж харьдаг. Гэртээ байдаг өдрүүддээ дүү нартаа зориулж, дүү нартаа мэддэг чаддагаа заахыг хичээдэг. Болохгүй байгаа бүх зүйлд нь туслахыг хичээдэг. Ээж хэзээд хэцүү үеүүдэд дэмжиж тусалдагт маш их талархдаг. Ер нь их урам зориг, хүч өгдөг.
  • Бага хүү Г.Түшиг: Би таван настайгаасаа эхэлж хөгжим тоглож эхэлсэн. Манай гэрийнхэн бүгдээрээ хөгжимчин болохоор би бас хөгжим тогломоор санагдсан. Хөгжим тоглож эхлэхэд бусадтайгаа адилхан болсон юм шиг мэдрэмж төрсөн. Өнгөрсөн жил Талант энэ жил Брамсын нэрэмжит тэмцээнд оролцоод тус тус хоёрдугаар байр эзэлсэн.
  • Бага охин Г.Инга: Дөрвөн настайгаа хөгжим тоглож эхэлсэн. Ах, эгч нарынхаа хөгжим тоглож байгааг хараад хөгжим тоглож сурмаар санагдсан. Энэ жил Бээжинд болсон Брамсын нэрэмжит уралдаанд оролцож нэгдүгээрт байранд шалгарсан. Хөгжим тоглох гоё.
  • Том хүү Г.Тэнгис: Нэгдүгээр ангиасаа Консерваторт сурч байгаа. Ээж миний мэргэжлийн багш. Америкийн Крешендо уралдаанд оролцож нэгдүгээр байрт орсон. Мөн Бээжинд болсон Брамсын нэрэмжит уралдаанд нэгдүгээрт байрт шалгарсан.Тайзан дээр хөгжим тоглоход бахархалтай, айдастай, сонирхолтой, олон хүний дунд өөрийнхөө юу хийж чаддагийг харуулахад үгээр хэлэхийн аргагүй гоё санагддаг. Илүү чадвартай, мундаг болно гэж боддог. Хөгжмөөр дамжуулж өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гаргадаг. Учрыг нь тайлж чадахгүй, болохгүй бол ээжээсээ асуудаг. Гэр бүлтэйгээ хамт хөгжмөөрөө дэлхийг тойрох зорилготой байгаа. Миний хөгжим тоглох бүх бололцоог хангаж өгдөг аав, ээждээ талархдаг.
-Ер та хоёр олон хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан уу?
-Эхнэр: Төлөвлөж байгаагүй. Гэхдээ хүнд зөн совин, мэдрэмж, хүсэл тэмүүлэл, бодол байдаг. Анхны охиноо төрүүлснээсээ есөн жилийн дараа дараагийн хүүхдээ төрүүлсэн. Тэр хооронд их сургуулиа төгсөнө, гадагшаа явна гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд л одоо хүүхэдтэй болох сон гэж бодсон. Амьдрал бодлын дагуу л хөвөрсөн дөө. Ер нь хүн юу бодно түүнийгээ дууддаг гэж яг үнэн. Толгойд юу байна тэр үйлдлээр гарч ирнэ.
-Ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Нөхөр: Ажил бол ажил. Гэрийн ажил бол гэрийн ажил гээд зохицуулдаг. Хэн нь завтай байна тэр нь гэрийнхээ ажлыг хийдэг. Эхнэр зав муутай, олон хүүхдэд хичээл заана. Би зав гарах бүрд ар гэртээ анхаарч, эхнэртээ туслахыг байнга хичээдэг. Одоо хүүхдүүд том болсон болохоор гэрийнхээ ажилд туслаад харьцангуй гайгүй байгаа.
-Эхнэр: Би хүүхдийнхээ хичээл, хөгжим тоглох тал дээр илүү анхаардаг. Манай нөхөр миний ар талыг бат даадаг. Арын бүх ажлыг манай нөхөр хариуцаж байгаа. Гэхдээ зун болохоор амралтаа авна/инээв/. Одоо хүмүүс мундаг болжээ. Хүүхдүүддээ хөгжмийн боловсрол олгохыг их зорьдог болж. Би өдрийн таван хүүхдэд хичээл тусгайлан заадаг. Мөн орой гэртээ хариад өөрийнхөө хүүхдүүдэд хичээлээ давтахад тусалдаг.
-Эхнэр нь багш болохоор магадгүй шавь нарын тань эцэг эхчүүд энэхүү ярилцлагыг уншиж байгаа байх. Тэдэнд болон нийт эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгвөл?
-Эхнэр: Эцэг эх болгон үр хүүхдэдээ сайн анхаараасай, цаг зарцуулаарай гэж зөвлөмөөр байна. Хүүхдүүдэд эцэг эх нь л хэрэгтэй байдаг. Эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ их анхаардаг бол хүүхэд нь сайн сурдаг. Ээж, аав нар хариуцлагатай байж үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулаасай. Монгол хүүхдүүд авьяаслаг, цаанаа л нэг бядтай, өөр байдаг. Тэгэхээр бид монгол хүүхдүүдийнхээ хөгжлийн талаар чадлаараа л хичээх хэрэгтэй байна.
Урлагаар дамжиж холбогдсон Ц.Гансүхийн гэр бүлийн хүсэл, мөрөөдлийн багахан хэсгийг уншигч танд хүргэхийг зорилоо. Гэр гийгүүлэгч Б.Энх-Амгалан нь “Ла Си До” сургалтын төвийг үүсгэн байгуулсан бөгөөд тус сургалтын төвийн нийт 8 сурагч энэ сарын 14-нд маш чухал тоглолтод оролцох ажээ. Энэхүү тоглолтын онцлог нь Б.Энх-амгалан багшийн шавь нар нь дэлхийд алдартай хөгжмийн зохиолуудыг Монгол Улсын филармонийн танхимд симфони найрал хөгжимтэй хамтран тоглох юм. Хөгжимчин гэр бүлийн хийж бүтээж буй, бүтээхээр зорьж буй үйл нь Монголын хүүхэд залуучуудын хөгжил, Монголын сонгодог урлагийн салбар хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
undefined

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн