Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Н.Учрал: Х.Баттулгын 90 хувийг нь эзэмшдэг Камекс ХХК-ийг 4 үндэслэлээр шалгуулна

Н.Учрал: Х.Баттулгын 90 хувийг нь эзэмшдэг Камекс ХХК-ийг 4 үндэслэлээр шалгуулна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 9
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тэрээр Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг хэзээ хуваарилах болон Төгрөг нуурын ордын талаар мэдэгдэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн 26,4 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг хуваарилсаар ирсэн. Нийт иргэн, аж ахуй нэгжид 730 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгоод байна. Түүнчлэн, 2024 оны ногдол ашгийн гурав дахь удаагийн 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 93499 төгрөгийг олгохоор дөрөвдүгээр сарын 4-ний өдөр шийдвэрлэсэн. Иргэдийн санал асуулгын үр дүнд үндэслээд маргааш өглөөнөөс 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг хуваарилах ажлыг хэрэгжүүлнэ. Цаашдаа Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулаад заавал бэлэн мөнгөөр тараахгүй, сонголттой болгоно. Жишээлбэл, хуулийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийн хувьцааг эзэмшүүлэх зэрэг олон хувилбаруудтай болгоно.
Хоёрдугаарт, миний хувьд Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордууд дээр санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийлээ. Энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг татсан Төгрөг нуурын орд газарт ч мөн шинжилгээ хийсэн. Төгрөг нуурын орд нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үндэстэн дамнуулан олон схем үүсгэсэн, хутгасан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацаа олгосон. Өнөөдөр хугацаа нь дуусаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ямар нэгэн бичиг ирээгүй, үйлдэл хийгээгүй. Засгийн газарт мэдээлэл ирүүлээгүй. 
Хэвлэл мэдээллээр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадвал 100 хувь аваарай” гэж хэлсэн байна. Өнөөдөр би хариуцлагатайгаар та хэлсэн үгэндээ эзэн байгаарай гэж хэлье. Та нотол гэсэн би нотолж байна.
Нэгд, надад хөдөлшгүй нотлох баримтууд байна.
Хоёрт, албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна.
Гуравт, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна.
Баримт өөрөө ярьдаг гэж үг бий. Энэ материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан “Камекс” ХХК Төгрөг нуурын энержи компанийн хувь эзэмшигч гэдгийг нотолсон баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлсэн. Компаниас компани дамнасан, оффшороос оффшор үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор Төгрөг нуурын ордыг зарсан. Хонгконгийн бирж дээр байгаа 507 хуудас баримт мэдээлэл энэ хайрцагт байна. Эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно.
Монгол Улсад авлигад автагдаагүй, мэдлэг боловсролтой шинэ үеийн шилдэг санхүүч, хуульчид шинжээчид ажилладаг юм шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Төгрөг нуурын ордод дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшигч, Төгрөг нуур энержи компанийн хувьцаа эзэмшигч “Камекс” ХХК нь:
  • Татвар төлөхөөс зайлсхийсэн,
  • Мөнгө угаасан,
  • Залилсан,
  • Авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар эдгээр материалуудыг ЗГХЭГ-ын даргын хувиар хүргүүлж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн