Ерөнхийлөгч асан Х.Баттулга стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнуулан 250 сая ам.доллароор зарсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдээд байгаа бөгөөд энэ асуудлаа шийдэх 7 хоногийн хугацаа өгсөн.
Тэрээр "39 стратегийн орд газар дотор “Төгрөг нуурын орд” хамаардаг. “Төгрөг нуурын орд”-ыг 1983 оноос хойш хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөц байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүн дээр олон компани хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. УИХ-ын чуулган дээр миний яриад байгаа зүйл үнэн. Үүн дээр “Төгрөг Энержи” компани дөрвөн лиценз эзэмшдэг. Хүмүүс янз бүрийн мэдээлэл дээр буруу ташаа ойлголт өгч байх шиг байна. Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоон хоногийг хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" гэсэн юм.
Тэгвэл энэ хугацаа маргааш дуусна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өгсөн 7 хоногийн хугацаа дуусахаар ямар хариуцлага тооцох вэ Н.Учрал сайд аа. Ер нь ганц Х.Баттулга ч гэлтгүй стратегийн ордод бүртгэх олон орд газар улстөрчид, гишүүд, сайд нартай хамаарал бүхий байгаагаас гадна тэднээр дамжиж гаднын иргэдэд шилжсэн. 2007 онд стратегийн орд газарт бүртгүүлэх УИХ-ын тогтоолыг одоо хүртэл хэрэгжүүлээгүй нь ч тэдэнтэй, тэдний лоббитой холбоотой. Харин хэрхэн хэлэлцээр хийж, төрд авах вэ гэдэг нь одоо ч тодорхойгүй байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал стратегийн орд болон үүсмэл ордын 34, 50 хувийг төрд авах хүрээнд стратегийн болон үүсмэл ордуудтай холбоотой бүх мэдээллийг цуглуулсан. Гэхдээ ганц нэгхэн орд газрыг ярьж, улсын хэрүүл болгож байхаар бүгдийг нь зарлаад, хэлэлцээрээ хийх нь зүй ёсны хэрэг. Стратегийн орд газрын 34, 50 хувийг төрд авч, Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхийг иргэд олон нийт дэмжиж байгаа. Гэтэл өөрт авсан мэдээллээ ашиглаж ганц нэг ордын талаар ярьж, олон нийтийг талцуулж болохгүй.
Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордны тухайд тус орд Төв аймгийн Баян сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайтай. Одоогоор ордын талбай хэмжээ 20-30 км хэмээн тооцоолсон. Ордын нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн бөгөөд эрчим хүчний нүүрсний нөөцийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн эрдэмтэд үздэг. Төгрөг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг байна. Үүнээс хамгийн том нь Cамех ХХК. Уг компанийг Х.Баттулга 2007 онд УИХ-ын гишүүн байхдаа үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлдэг билээ. Нээлттэй мэдээллийн санд тус компанийг /2006-08-17/-нд үүсгэн байгуулж, 2016 онд "Эксим Кредит" ХХК-ийн хувь эзэмшилд шилжүүлж, Гадаад худалдаа, зуучлал чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн мэдээлэл байгаа юм. Өнөөдрийн байдлаар тухайн компанийн эцсийн өмчлөгч Боожоогийн Норовсамбуу гэсэн мэдээлэл байна.