Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ-тай 50 гаруй улс худалдааны хэлэлцээ эхлүүлэх хүсэлт гаргажээ

АНУ-тай 50 гаруй улс худалдааны хэлэлцээ эхлүүлэх хүсэлт гаргажээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 7
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ тарифын бодлогоо зарласнаас хойш 50 гаруй улс Цагаан ордонд хандаж худалдааны хэлэлцээ эхлүүлэх хүсэлт гаргасан талаар тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд мэдэгдлээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 6 их наяд ам.доллароор унасан явдлыг хамгаалан, эдийн засгийн үр дагаврыг бууруулахыг оролдсон байна.
Трампын эдийн засгийн зөвлөхүүд эдгээр тарифыг дэлхийн худалдааны зах зээл дээр АНУ-ын байр суурийг ухаалгаар дахин тогтоож буй алхам хэмээн ярьж байгаа аж. Тэгвэл Ази тивийн хөрөнгийн зах зээл даваа гарагт таагүй эхлэх төлөвтэй байгаа юм.
Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн лхагва гарагт тарифыг зарласнаас хойш 50 гаруй улс АНУ-тай хэлэлцээ эхлүүлсэн гэж хэлсэн ч эдгээр улс орны нэрийг дурдаагүй бөгөөд хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Олон улстай зэрэгцэн хэлэлцээ хийх нь Трампын засаг захиргаанд логистикийн бэрхшээл учруулж, эдийн засгийн тодорхойгүй байдал удаан үргэлжлэх шалтгаан болж магадгүй юм.
Мөн Бессент хөрөнгийн зах зээлийн уналтыг хэтрүүлэн дүгнэхгүй байхыг уриалж, тарифтай холбоотойгоор эдийн засгийн хямрал болно гэж үзэх шалтгаан байхгүй хэмээгээд, АНУ-ын ажлын байрны өсөлт хүлээлтээс давсан болохыг онцолжээ.
JPMorgan-ийн эдийн засагчдын тооцоолсноор эдгээр тарифууд АНУ-ын жилийн ДНБ-ийг өмнөх 1.3 хувийн өсөлтийн таамгаас 0.3 хувийн бууралтад хүргэж болзошгүй гэж үзэж байна. Мөн ажилгүйдлийн түвшин одоогийн 4.2 хувиас 5.3 хувь хүртэл өсөх төлөвтэй байна.
Тарифын тохиролцоо
АНУ-ын гаалийн байгууллагууд бямба гарагаас эхлэн олон орноос импортлогдох бүх бараанд 10 хувийн тариф ногдуулж эхэлсэн. Тухайн улс орнуудад хамаарах “харилцан” өндөр тарифууд 11-50 хувийн хооронд хэлбэлзэж, лхагва гарагт хүчин төгөлдөр болох юм.
Зарим улс орон аль хэдийн АНУ-тай хэлэлцээ хийж, тарифаас зайлсхийх сонирхлоо илэрхийлжээ. Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-те ням гарагт АНУ-тай хийх хэлэлцээний үндсийг "тэг тариф" байхаар санал болгож, худалдааны саадыг арилгаж, Тайваний компаниудын АНУ дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ амлав.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяаху даваа гарагт Трамптай уулзах үеэр 17 хувийн тарифыг цуцлуулах талаар ярилцана гэж мэдэгдсэн.
Энэтхэгийн нэгэн төрийн албан тушаалтан Reuters-д мэдээлэхдээ 26 хувийн тарифт хариу арга хэмжээ авахаар төлөвлөөгүй бөгөөд АНУ-тай тохиролцох хэлэлцээ үргэлжилж байгаа гэжээ.
Харин Итали дахь Трампын холбоотон Ерөнхий сайд Жоржиа Мелони Европын холбооны бараанд ногдуулах 20 хувийн тарифын улмаас хохирсон бизнесүүдийг хамгаална гэдгээ мэдэгджээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн