Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 6.4, зөрчил нь 65 хувиар өсжээ

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 6.4, зөрчил нь 65 хувиар өсжээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 7
Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэж буй хүмүүсийн 91.2 хувийг 13-35 насны хүүхэд, залуус эзэлж байна.
2024 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 6.4 хувиар, зөрчил нь 65 хувиар өсжээ. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд 15-20 насны 18 хүүхэд мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсоноос найм нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байжээ. Сүүлийн таван жилд нийт 58 сурагч энэ төрлийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн байна. Мөн мансууруулах бодисын улмаас 10 хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар хуруугаа тайруулсан тохиолдол бүртгэгдсэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлсэн юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий иргэд, донтох эмгэгтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Мондэм төвөөс хэр их хүн тус төвд хандан эмчилгээнд хамрагддаг болон эмчилгээ хийлгэсэн хүмүүсээс хэд нь эдгэрсэн талаар тодрууллаа.
Мондэм төвийн захирал Ц.Өлзийбаяр: Манай байгууллагад мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид ажиллаж, донтолттой иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Япон улсад ийм төрлийн сэргээн засах төв 80 орчим байдаг бол манай улсад энэ тоо хязгаарлагдмал байгаа нь донтогч иргэдэд хүрэх үйлчилгээний хүртээмжийг багасгаж байгаа юм.
Мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн хувьд олон нийт, тэр дундаа цагдаагийн байгууллагад өөрийн хүсэлтээр хандаж, гармаар байна гэж шууд хэлэх тохиолдол тун ховор. Тиймээс сайн дурын, нууцлал хангасан байгууллагууд олон байх нь донтогчид бидэнд хандах магадлалыг нэмэгдүүлдэг. Манай байгууллагын хувьд бидэнд хандсан иргэдийн хувь хүний нууцыг 100 хувь хадгалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах аюулгүй, нээлттэй орчныг бүрдүүлдэг.
Олон улсын жишгээр донтолтоос бүрэн салах хугацааг дунджаар гурван жил гэж тооцдог. Манай төв энэ хугацаанд тогтмол хамтран ажиллах боломжгүй ч, дор хаяж нэг жилийн хугацаанд тухайн хүнийг дахин хэрэглэхээс сэргийлэх чиглэлээр хяналт тавин, дэмжлэг үзүүлж ажилладаг. Эмнэлгээс гарсныхаа дараа үйлчлүүлэгч манай төвд ирж зөвлөгөө, дэмжлэг авах бүрэн боломжтой.
Донтолтоос салах эмчилгээнд урт хугацааны, шат дараалсан үйл явц байдаг. Манай төвийн хувьд эхний ээлжид 30-90 хоногийн хугацаанд эмийн эмчилгээг хийдэг. Үүний дараа үйлчлүүлэгчийг зургаан сарын хугацаанд хяналтад байлгаж, дэмжлэг үзүүлдэг.
Эмчилгээний үр дүн харьцангуй сайн байгаа. Олон улсын жишгээр энэ төрлийн эмчилгээний үр дүнг 60 хувиас дээш байлгах зорилт тавьдаг. Манай төв ч мөн адил 10 хүн хүлээж авбал дор хаяж зургаан хүнийг эдгэрэх шатанд оруулах зорилго тавин ажиллаж байна. Жишээ нь, манай төвд хэвтэж эмчлүүлсэн 40 хүнээс 32 хүн нь эдгэрэх шатандаа орсон нь үр дүнтэй эмчилгээ болж чадсан гэдгийг харуулж байгаа.
Эмчилгээний үр дүнгийн 80 орчим хувь нь тухайн хүний өөрийн оролцоо, хүсэл зориг дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, донтолтоос гарах хүсэлтэй байх нь хамгийн чухал. Үүнээс гадна ар гэрийн дэмжлэг болон эмнэлэг, сэргээн засах төвийн тусламж чухал үүрэгтэй юм.
Сүүлийн жилүүдэд донтолттой холбоотой асуудал залуужих хандлагатай болж байгаа. Манай төвд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь 15-34 насныхан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлэл болон бидний ажиглалтаас харахад өсвөр насныхан дунд мансууруулах бодис хэрэглэх тохиолдол ихэссэн байна.
Олон улсын судалгаагаар нэг донтогчийн ард далд таван хэрэглэгч байдаг гэж үздэг. Манай төвөөс донтогч иргэдтэй ганцаарчилсан болон бүлгийн уулзалтууд хийхэд энэ таамаглал Монголд ч мөн хамааралтай болох нь харагдаж байгаа. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид мансууруулах бодис хэрэглэдэг нэг хүүхдийн ард таван хэрэглэгч байх магадлал маш өндөр юм.
Манай байгууллага жилдээ 100-150 хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Гэвч бодит байдал дээр манай төвд 2000-3000 хүн хандаж зөвлөгөө, тусламж хүсдэг ч, тэднээс зөвхөн 40 хүн л хэвтэн эмчлүүлэхээр ирсэн байдаг гэлээ.
Мансууруулах бодисын хэрэглээ нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгмийн амьдралд ноцтой хор уршиг учруулдаг. Иймээс Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөгөөг хүргэсэн юм.
Ганц удаа хэрэглэх нь ч аюултай: Мансууруулах бодисыг зөвхөн нэг удаа хэрэглэх нь донтолт үүсгэх, улмаар амьдралд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Нийгмийн дарамт, сонирхлоос болгоомжил: Найз нөхдийн шахалт, сонирхол зэрэг шалтгаанаар мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хууль эрх зүйн хариуцлага: Мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, худалдаа нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Мөн мансууруулах бодисын хор уршиг, эрсдэлийн талаар мэдлэгтэй байж, өөрийгөө болон бусдыг хамгаалах нь чухал юм.
Сэжигтэй тохиолдолд мэдээлэх: Хэрэв та мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх ёстой юм. Цагдаагийн байгууллагаас эдгээр зөвлөгөөг дагаж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэйг зөвлөлөө.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн