NTV телевизийн “Анализ шоу- засаглал ба зах зээл” нэвтрүүлэг энэ долоо хоногийн дугаартаа “Стратегийн орд ба төрийн эзэмшил” сэдвийг хөндсөн юм. Манай сайт уг нэвтрүүлгийн мэдээллийн хамтралаар ажиллаж байгаагийн хувьд зочдын хөндсөн гол мессежийг тоймлон хүргэж байна. “Анализ шоу-Засаглал ба зах зээл” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа нар оролцлоо. Тэдний хувьд уул уурхайн салбарт олон жил ажилласан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд гэх нэршил хэзээ орсон, цаашлаад 2008 онд С.Баярын Засгийн газар “Энержи ресурс” компанид Ухаа худаг ордын лицензийг үнэхээр хууль зөрчиж олгосон эсэх асуудлыг хөндлөө.
Стратегийн орд гэх ойлголт хаанаас гарч ирэв
-УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Стратегийн орд гэдэг ойлголт нь манай улсын хууль тогтоомжид 2006 оноос орж, "ДНБ-ий 5 хувиас илүү нөлөөлөх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болон үйлдвэрлэх боломжтой орд" гэж тодорхойлсон.
2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өнгөрсөн парламентаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд нийт ард иргэдэд байгалийн баялгийн хүртээмжийг тэгш жигд олгох боломжийг бүрдүүлсэн. Энэ дагуу стратегийн орд гэх нэр томьёонд хамаарч байгаа ордууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх гэж байх шиг байна. Өнөөдрийн байдлаар орд тус бүр өөр, өөрийн онцлогтой байгаа. Зарим нь хувийн хэвшлийн хөрөнгөөр, зарим нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
-Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа: Монгол Улсад өнөөдрийг хүртэл гурван удаа Ашигт малтмалын тухай хууль гарсан. 1994 он, 1997 он, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиуд юм. Миний хувьд 1992 оноос хойш Ашигт малтмалын тухай хуультай зууралдаж ирсэн. 1994 оны хуульд стратегийн ашигт малтмал гэсэн нэр томьёо байсан. Стратегийн орд биш, харин ашигт малтмал гэж нэрлэж байв. Гол шалгуур нь нөөц байсан юм.
Сүүлд 2006 оны Ашигт малтмалын хууль гарахад ямар нөхцөл байдал бий болсон гэвэл гадаад талд үнэ өсөөд, урьд нь ашиггүй байсан, социализмын үед нээсэн ордууд ашигтай болж эхэлсэн. Хоёрт, түүнийг дагаад Монголын гудамжинд популизм өрнөсөн. Тэр үед нийтийн баялгийн 51 хувийг төр, ард түмэнд байх ёстой гэсэн иргэний нийгмийн хөдөлгөөний шахалтан дор "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэсэн дэлхийд байхгүй нэр томьёо бий болж, гарсан.
2006 оны хуульд стратегийн орд гэдгийг: Үндэсний аюулгүй байдал, орон нутаг, улсын эдийн засаг, хөгжилд нөлөөлөх ДНБ-ий таван хувь гэж заасан. Энэ заалтыг 2009 болон 2010 оны өөрчлөлтөөр хураангуйлсан.
Өнөөдрийн байдлаар "Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжил эсхүл ДНБ-ийн таваас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ" гэж заасан. Миний ойлгож байгаагаар стратегийн ордын томьёонд Монголын бүх орд орох боломжтой.
2006 оны хууль гарсны дараа 2007 онд УИХ-ын тогтоолоор нэгдүгээр жагсаалтаар 15 ордыг стратегийн ашигт малтмалын орд ангилалд багтаагаад, хоёрдугаар жагсаалтад байсан 39 ордыг хэлэлцэхгүй орхиж байсан. Сүүлд нь нэг орд нэмэгдсэн гээд 16 орд байдаг. Энэ нь голдуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, өнөөдөр ашиглаад явж байгаа томоохон ордууд бий.
Стратегийн ордын төрийн эзэмшил гэж юуг хэлээд байна вэ
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Стратегийн ордын хувь эзэмшлийн асуудал нь одоо тухайн ордыг ашиглаж байгаа компанийн хувь эзэмшилтэй холбогдоод байгаа юм. Ер нь олон улсад төр хувь эзэмшээд амжилт олсон гурван л хэлбэр бий.
50/50 хувь эзэмших/Дэлхийд ийм цар ганц жишээ л байдаг/
Манай улсын томьёолсон 34/51 хувь чухам яаж яваад гараад ирснийг мэдэхгүй. 100 долларын ашиг хүртвэл 34 хувийн ашгийг нь тухайн улсын төр авах гээд байгаа юм. Тэгвэл 100 долларын алдагдал хүлээвэл яах вэ гэдэг асуултыг мөн дагуулж байгаа. Байгалийн баялаг, уул уурхай чинь үргэлж нэмэхтэй байдаг зүйл биш шүү дээ.
Саяхан бид "Орано майнинг"-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд дэвшилттэй нэг зүйл гарч ирсэн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хувь эзэмшлийг орлуулсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татварын орлогоороо хувь хишгээ ард түмэнд өгч байна гэж ойлгох ёстой. Улсын төсвөөс зам, тэтгэвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүх зардлыг төлж байгаа.
Стратегийн ордууд дээр хувь эзэмшиж буй компаниуд бизнесийн зарчмаар явж, татвараа төлөөд худалдааны харилцаа хийгдсэн бол үүн дээр нэмж яриад байх зүйл байхгүй. Мөн хууль эргэж үйлчлэх үү, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Хөрөнгө оруулаад эрсдэлээ хүлээгээд явж байгаа компаниудтай хэлэлцээр хийгээд явахаар өөр гарцгүй л харагдаж байна.
Манай дотоодын хөрөнгө оруулалт стратегийн том хэмжээний ордуудыг хөдөлгөх хэмжээний бяр тэнхээ сууж амжаагүй байна. Гадаадынхантай л хамтарч хийхээс өөр гарц байхгүй юм.
-Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа: Төр нийтийн өмчтэй, стратегийн ач холбогдолтой ордын өгөөж гэж 2006 оны хуульд бий. Стратегийнх нь задгай байдаг. Өгөөж гэдгийг хэн ч тодорхойлоогүй бөгөөд аргачлал байхгүй. Явж, явж өгөөж нь 34, 50 гэсэн тоон дээр очоод стратегийн ашигт малтмалын орд гэх нэртэй ордыг ашиглаж байгаа компанийн хувь эзэмшлийг авах тухай асуудал яригдаж байгаа. Ашигт малтмалын хуулийн 5.1, Үндсэн хуулийн 6.2 харвал ашигт малтмал нь (орд) төрийн өмч хэвээрээ байгаа юм. Ийм байхад 34 эсвэл 51 хувийг хувааж авна гэдэг нь өөрөө хууль эрх зүйд нийцэхгүй л асуудал болоод байна.
Энержи ресурс ХХК-д стратегийн ордын лицензийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн үү
Н.Алгаа: Энд түүх ярьж таарна. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа 1998 онд BHP гэж үндэстэн дамнасан корпорац Тавантолгой тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Тэд 10 сар судалж, өрөм тавиад социализмын үед хийсэн судалгаанууд бүгд батлагдсан. Харин дэд бүтэц байхгүй учраас эдийн засгийн хувь үр ашиггүй гэж үзсэн. Тухайн үед коксжих нүүрсний үнэ тонн нь 40 ам.доллар буюу үнэхээр ашиггүй байлаа. Ингээд Монголоос гарсан. Лицензийг нь дотоодын хувийн хэвшлийн компани авсан.
Одоогийн Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын тэмдэглэлээр Ухаа худаг ордыг Энержи ресурст шилжүүлсэн байна гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар Тавантолгойн бүлэг ордын 4 лиценз Энержи Ресурст байсан. Харин С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийгээд "Та нар хувьд байсан юмыг хадгалсан байна, ТЭЗҮ хийсэн, өрөм тавьсан гээд их мөнгө зарсан байна" гэдгийг нь хэлсэн. Хуулиар бол төр 50 хүртэлх хувийг авах ёстой байсан ч С.Баяр Ерөнхий сайд Тавантолгой бүлэг ордын 96 хувийг төрд авсан. Тэгэхээр тэр лицензээс Засгийн газар, компани хоёр хэлэлцээ хийгээд хамгийн солбицол багатайг нь компанид үлдсэн. Нөгөөхийг нь буюу солбицол ихтэйг нь төрийн компанид өгсөн. Тэгэхээр Ерөнхий сайд С.Баяр бас хууль зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-д өгсөн лиценз нь яг адилхан зарчмаар өгсөн хууль бус юм. Нэг хуулийн зарчмыг хоёр өөрөөр тасалж аваад, байсан лицензийг нь солилцлоор багасгаад шилжүүлснийг хууль бусаар олгосон гэж яриад байна гэж ойлгосон. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойд солилцлоор хуваасан 96 хувь нь эрх зүйн талаасаа хууль бус болж таарна.
Г.Дамдинням: Алтангэрэл сайдын хэлсэн Ухаа худагийн лицензийг Энержи ресурст олгосон нь Үндсэн хууль зөрсөн гэдэг мэдээллийг үзсэн. Хууль оруулж ирнэ гэж байсан ч одоог хүртэл оруулж ирээгүй байна. Тухайн үеийн буюу С.Баярын Засгийн газар 2007-2009 онд ажиллахдаа хоёр том төслийг хөдөлгөсөн. Нэг нь Оюу толгой. Нөгөө нь Тавантолгойн бүлэг ордын асуудал. Өнөөдрийн хуулиар 18 жилийн өмнөх үйл явдлыг шүүнэ гэвэл хуулийн үндсэн зарчим гэдэг зүйл алдагдана. 2007 онд хувийн хэвшилд 100 хувь байсан зүйлийг өнөөдрийн хуулиар шийднэ гэвэл төр 50 хувь л авч, хувийн хэвшил 50 хувиа авч үлдэх ёстой. Гэтэл тухайн үед 4 хувийг хувийн хэвшилд үлдээгээд, 96 хувийг төр авсан ш дээ. Тэгэхээр өнөөдрийн хуулиар 46 хувийг дахиад хувийн хэвшилд буцаан өгөх ёстой болно. Тэгэхээр хувийн хэвшилд буцааж 46 хувийг нь өгөөд тэндээс нь хэн нэгэн эрх ашигтай хүн хувь авах гээд байгаа юм биш үү гэдэг хардлага бас төрөөд байна.
Сайд нь тухайн үед хийсэн гэрээ байхгүй байна гэсэн. Гэрээ нь байхгүй зүйл дээр дүгнэлт хийгээд УИХ-ын тогтоол гаргахаар өргөн барина гэдэг нь өөрөө УИХ-д тогтоол өргөн барих бүрдэл байхгүй гэсэн үг.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзнэ үү.