Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэр эсэхийг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал: Цахим мөрийтэй тоглоом нь залилан, үндэстэн дамнасан мөнгө угаалт тул хуулийн төслийг баталж, асуудлыг яаралтай шийдвэрлэх нь чухал юм. Сүүлийн гурван жилийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 578 сая ам.доллар гадагшаа урссан байна гэдгийн цаана энэ хэмжээний өр монгол айл өрх, залуучуудад үлдэж байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Ази Номхон далайн бүс нутгийн 46 оронд судалгаа хийхэд, 21 улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэрэг энэ төрлийн үйл ажиллагааг хуулиараа хорьсон байна. Хуулиар хорихоор гүйцэтгэх засаглал, хууль хяналтын болон харилцаа холбооны салбарын байгууллага, технологийн компаниуд хамтарч ажиллах боломж бүрдэж, энэ хэрээр шуурхай арга хэмжээ авдаг тул цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй нийгэмд үзүүлж буй хор хохирол багасдаг. Иймд хуулийн төслийг баталснаар асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадахгүй ч, ажиллах боломж бүрдэх болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт: Зөвшөөрлийн тухай хуульд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын асуудлыг хөндсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ төрлийн тоглоомыг ерөнхий агуулгаараа зөвшөөрсөн гэсэн үг. Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал нь хуульд хөндөгдөөгүй бол зөвшөөрөгдөнө гэсэн агуулгатай. Тиймээс энэхүү асуудлыг хөндөхгүй бол цахим мөрийтэй тоглоом эрхлэгчид зөвшөөрөл ч авахгүй үйл ажиллагаа явуулах эрх үүсэх юм. Тиймээс төсөлд тэрхүү заалтыг хориглохоор тусгах шаардлага үүсэж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан: Цахим мөрийтэй тоглоом газар аваад, энэ төрлийн үйл ажиллагаанд залуучууд ихээр өртөж байгаа шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой тул эдийн засгаа тэлэх, ажилгүйдлээ бууруулах асуудалд давхар анхаарах нь зүйтэй юм. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуультай хамт Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т "Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно” гэсэн заалт байдаг. Харин хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом сурталчлах, эсхүл цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгөхөөр тусгасан байна. Энэ нь хэн нэгэн мөрдөн байцаагчийн хүсэлтээр хүний хувийн мэдээллийг задруулах нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй тул хуулийн төслийг буцаах нь зүйтэй.

Зөвшөөрлийн тухай хууль зөвхөн зөвшөөрөл олгох харилцааг л зохицуулдаг. Цахим мөрийтэй тоглоом, технологийн дэвшилтэй холбоотой ямар ч бооцоот тоглоом гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймд энэ төрлийн харилцааг зохицуулсан анхдагч, бие даасан хуулийн төслийг боловсруулах боломжтой. Зөвшөөрлийн тухай хуульд хориглосон заалт оруулж ирэх нь логикийн хувьд алдаатай гэсэн саналуудыг хэлжээ.