АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүх импортын бараанд 10 хувийн суурь тариф тогтоож, "хамгийн их зөрчилтэй" гэж тодорхойлсон олон оронд илүү өндөр татвар ногдуулахаар болсноо зарлалаа. Эдгээрээс дурдвал Европын Холбоонд 20 хувь, Хятадад 34 хувь, Вьетнам 46, Их Британид 10 хувь, Японд 24 хувь, Энэтхэгт 26 хувь, Лесотод 50 хувь, Камбожид 49 хувийн татвар тус тус ногдуулах юм байна. Монгол Улсын хувьд суурь 10 хувийн татвар ногдуулах орнуудад багтав.
Тэгвэл Трампын тогтоосон шинэ тариф Монгол Улсад шууд бус нөлөө үзүүлэх хэдий ч тодорхой салбаруудад мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах магадлалтай байна. Үүний гол нөлөөллийг дараах байдлаар авч үзье.
Ашигт малтмалын экспортод үзүүлэх нөлөө
Монгол Улс нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмалаа голчлон Хятадад экспортолдог. АНУ Хятадын бараанд 34 хувийн татвар ногдуулж байгаа нь Хятадын эдийн засаг, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Үүний улмаас Хятадын үйлдвэрлэл буурах, Монголын нүүрс, зэсийн эрэлт багасах, үнэ унах эрсдэл биднийг хүлээж байна. Тиймээс Трампын татварын нэмэгдэл Монголын экспортын орлогод сөргөөр нөлөөлөх юм.
Хятадын эдийн засгийн удаашрал = Монголын барааны эрэлт буурах
Хэрэв Хятадын эдийн засаг тарифаас болж удааширвал тус улсын нийт импортын эрэлт дагаад буурах магадлалтай. Монгол Улс зөвхөн ашигт малтмал бус, мөн мах, ноолуур, бусад түүхий эдээ Хятадад экспортолдог. Хятад улс эдийн засгийн өсөлтөө сааруулахад Монголын эдгээр бүтээгдэхүүний үнэ буурч, худалдаа хумигдах эрсдэлтэй.
Инфляц ба импортын үнийн өсөлт
Монгол Улс цахилгаан бараа, автомашин, тоног төхөөрөмж зэрэг олон бүтээгдэхүүнээ Хятадаас импортолдог. Харин АНУ-ын тарифын нөлөөгөөр Хятадын үйлдвэрлэгчид өөрсдийн зардлыг өсгөж, үнийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Үүний улмаас Монголын зах зээл дээрх импортын барааны үнэ өсөх, үүнтэй холбоотойгоор инфляц нэмэгдэх эрсдэл бий.
Монгол Улс Трампын тарифын шууд нөлөөнд өртөхгүй ч Хятадын эдийн засагтай нягт холбоотой учраас дам нөлөөг мэдрэхгүй байхын аргагүй юм.