2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч тухайн жилийн хаваржилт хүндэрсэн тул төл бойжилтын хувь өмнө жилээс 14.9 хувиар буурч, улсын хэмжээнд 80.9 хувьтай гарчээ. Түүнчлэн оны эхэнд байсан нийт малын 6.7 хувьтай тэнцэх буюу 4.8 сая мал зүй бусаар хорогдсон байна.
Монгол Улсын Үндсэн хуульд мал сүргийг үндэсний баялаг хэмээн үзэж, төрийн хамгаалалтад байхыг хуульчилсан байдаг. Гэвч мал сүргийг хамгаалах асуудалд сөргөөр нөлөөлж буй нэг том хүчин зүйл бол мал хулгайлах гэмт хэрэг юм. Улсын хэмжээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх хувийг өвлийн улиралд, мал хулгайлах гэмт хэрэг эзэлдэг байна.
Статистик мэдээллээс үзэхэд, 2022 онд мал хулгайлах гэмт хэрэг баруун бүсэд 142, хангайн бүсэд 206, төвийн бүсэд 159, зүүн бүсэд 235 бүртгэгджээ. Харин 2023 онд энэ төрлийн гэмт хэрэг баруун бүсэд 156, хангайн бүсэд 147, төвийн бүсэд 99, зүүн бүсэд 203 болж өөрчлөгдсөн байна.
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар, Сүхбаатар аймагт нийт 33 малын хулгайн гэмт хэрэг, 34 орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээрийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тус аймагт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 56.9 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтээр Сүхбаатар аймаг улсдаа тэргүүлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг их хэмжээгээр үйлдэгдэж байгаагийн илрэл гэж үзэж болох юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Үүнд адуунд чип суулгах, замын хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэд зөвлөлийн хурлыг тогтмолжуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж үзсэн байна. Мөн иргэд олон нийтэд хандсан уриалга, сэрэмжлүүлгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран түгээх нь гэмт хэргийн гаралтыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэжээ.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг дөрвөн дэд зөвлөл байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий дэд зөвлөл юм. Энэ зөвлөл 2023 онд байгуулагдсан бөгөөд 2024 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, үр дүнтэй ажиллана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудал зүүн бүсийн хэмжээнд онцгой анхаарлын төвд байна. Зүүн бүс нь бусад бүсүүдтэй харьцуулахад мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг илүү цогц хэлбэрээр зохион байгуулдаг онцлогтой. Зүүн бүс малын хулгайн эсрэг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хяналтын хаалт хаана байрлуулах, шалгалтыг хэрхэн явуулах зэрэг асуудлыг цогц байдлаар төлөвлөж хэрэгжүүлдэг. Зүүн бүсийн нөхцөл байдалд нийцүүлэн гэмт хэргийн статистик мэдээллийг сайжруулах, мал хулгайлах гэмт хэргийг бүрэн таслан зогсоох чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөгдсөн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын санаачилгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ хуралдаанаар зүүн бүсэд үйлдэгдэж буй малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлыг тусгайлан хэлэлцэх юм.
Нэмж дурдахад 2024 оны судалгаагаар Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 298.3 мянган иргэн мал аж ахуй эрхэлж байна. Малчдын тоо өмнөх оныхоос 6.7 мянгаар буурсан юм. Нийт малчдын 179.4 мянга нь эрэгтэй, 118.9 мянга нь эмэгтэй аж. Энэ нь малчдын тоо жил ирэх тусам багасаж, мал аж ахуй эрхлэх иргэдийн тоо буурч байгааг илтгэж байна.