Монголын баримт шалгах төвийн “БаримТАд нэгд” гишүүнчлэлийн хөтөлбөрийн нээлт өчигдөр/2025.04.02/ болсон билээ. Энэ үеэр “Хуурамч мэдээллийн хор нөлөө, түүнээс сэргийлэх, олон нийтийн мэдээллийн боловсролд хувь нэмэр оруулахад чиглэсэн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг өрнөсөн. Тус хэлэлцүүлэгт худал мэдээлэлтэй тодорхой хэмжээнд нүүр тулж тэмцэж буй салбар бүрийн төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр ярьсан онцлох мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
Г.Пэлжидмаа: Худал мэдээллийн эсрэг тэмцэхэд үнэнч хэрэглэгчдийн итгэл хамгийн дэмтэй байдаг
”Сүү” ХК-ийн Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа: ”Сүү” ХК-ийн талаар 2024 онд гүтгэлгийн чанартай худал мэдээлэл тараасан гурван удаагийн тохиолдол гарсан. Энэ дундаас “Миний Монголын сүү хорт хавдар үүсгэдэг” гэсэн худал мэдээлэл хамгийн их тархсан. Маш олон хүний хөдөлмөр, үнэ цэнийг үгүйсгэж байгаа үйл явдал болсон.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сард худал мэдээлэл бидний өмнө нь огт харж байгаагүй Facebook Medee.mn гэсэн сувгаар цацагдсан. Мэдээлэл гарсан даруйдаа хурдан тархаж 2000 хариу үйлдэлтэй болж 24-25 мянган удаа түгээгдсэн. Тухайн мэдээллийн агуулга нь Сүү ХК-ийн бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэх химийн хортой бодис, Хятадаас хуурай сүүг импортоор оруулж ирдэг гэсэн. Энэхүү агуулгуудыг батлахдаа Нийгмийн эрүүл байгууллагын мэргэжилтний нэлээн өмнө TV5 телевизэд өгсөн инстант кофены хуурай сүүний талаар ярьсныг хэсэгчилэн оруулсан. Мөн ХХАХҮ-ийн өмнөх сайдын импортын хуурай сүүний мэдээллийг оруулж түгээсэн байсан. Сүү ХК 1958 оноос хойш 60 жил сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх төрлийн стандартыг нэвтрүүлсэн, үйлдвэрлэлийн шат дамжлага болгоныг ил тод мэдээлэлдэг. Худал мэдээлэл хүчтэй тархахад бидний үнэнч хэрэглэгчид дэмтэй байсан. Бидний хувьд энэ гүтгэлэг, худал мэдээллийн цаана эзэн холбогдогч хэн бэ гэдгийг олж тогтоохыг эрмэлздэг. Худал мэдээлэл нь цахимаар цацагдсан тул Цагдаагийн байгууллагын Кибер аюулгүй байдлын хэлтэст хандахаар харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт гомдол гарга гэсэн. Түүнийх нь дагуу гомдол гаргахаар буцаагаад Кибер аюулгүй байдлын хэлтэс рүү албан тоот явуулж харилцдаг юм билээ. Ер нь их удаашралтай, хүнд сурталтай байна. Учир нь 9 сард тухайн хэрэг болоод өнөөдрийг хүртэл прокурор болон Цагдаагийн байгууллагад хандахад ямар нэгэн хариугүй байна. Эзэн холбогдогч нь олдоогүй. Эцсийн дүндээ Сүү ХК-ийн үнэнч хэрэглэгчид өөрсдөө бүтээгдэхүүнээ хамгаалсан гэж үзэж байгаа.