АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт бүх импортын бараанд 10 хувийн суурь татвар тогтоож, АНУ-ын гол худалдааны түншүүдийг оролцуулан олон оронд илүү өндөр татвар ногдуулах татварын төлөвлөгөөгөө танилцууллаа. Ийнхүү Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа эхлүүлсэн худалдааны дайн улам ширүүсэж байна.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын олон арван жилийн турш баримталж ирсэн чөлөөт худалдааг дэмжих бодлогыг эрс зөрчиж байгаа бөгөөд шинжээчид үүний үр дагавар АНУ дахь үнийн өсөлт, дэлхийн болон Америкийн эдийн засгийн удааширлаар илрэх болно гэж анхааруулж байна.
Трампыг татварын төлөвлөгөөгөө зарласны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл уналтад орлоо. Хөрөнгө оруулагчид эдгээр татваруудын дэлхийн эдийн засаг, инфляц болон компанийн ашиг орлогод үзүүлэх нөлөөг таамаглаж, олон долоо хоногийн турш тогтворгүй байдал үүсээд байсан юм. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ хоёрдугаар сараас хойш бараг 5 их наяд ам.доллароор буурчээ.
"Энэ бол бидний эдийн засгийн тусгаар тогтнолын тунхаглал" гэж Трамп Цагаан ордны "Сарнай цэцэрлэг"-т болсон арга хэмжээний үеэр хэлэв.
Цагаан ордноос "хамгийн их зөрчилтэй" гэж тодорхойлсон улсууд, үүнд Европын Холбоо, Хятад, Вьетнам, Лесото зэрэг орноос орж ирэх бараанд илүү өндөр татвар тогтоохоо мэдэгдлээ. Трампын мэдэгдсэнээр Хятадын импортод 34 хувийн татвар ногдуулах ба үүн дээр өмнө нь тавьсан 20 хувийн татвар нэмэгдэнэ. АНУ-ын ойрын холбоотнуудад ч өршөөл үзүүлсэнгүй. Европын Холбоо л гэхэд 20 хувийн татвартай болж байна.
Харин Их Британиас орж ирэх бараанд 10 хувь, Японоос орж ирэх бараанд 24 хувь, Энэтхэгийн бүтээгдэхүүнд 26 хувийн татвар тус тус тогтоожээ. Хамгийн өндөр тарифыг жижиг улсуудын бүтээгдэхүүнд ногдуулах ба Лесотогоос импортлох бараанд 50 хувь, Вьетнамын бараанд 46 хувь, Камбожийн бараанд 49 хувийн татвар ногдуулах юм байна.
Сүүлийн жилүүдэд Вьетнам, Камбож зэрэг улсууд Хятадаас хамаарлаа багасгах зорилгоор олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлээ өсгөж байсан ч Трампын шинэ тариф тэдний эдийн засагт том цохилт болох нь гарцаагүй боллоо.
АНУ-ын хоёр том худалдааны түнш болох Канад, Мексик аль хэдийн 25 хувийн тарифтай байсан тул нэмэлт татварт хамрагдахгүй. Дөрөвдүгээр сарын 9-өөс хэрэгжиж эхлэх өндөр татварт нийт 60 гаруй улс хамрагдах бол 10 хувийн суурь татвар энэ бямба гарагаас эхлэх аж.
Трамп энэ татварыг "харилцан адилгүй худалдааны нөхцөлд" хариу арга хэмжээ авах зорилготой гэж тайлбарлажээ.
Гэхдээ зэс, эм, хагас дамжуулагч, мод, алт, эрчим хүч, АНУ-д байдаггүй тодорхой ашигт малтмал зэрэг бүтээгдэхүүнүүдэд эдгээр татварууд хамаарахгүй болохыг Цагаан ордон мэдэгдэв.
Цаашид нэмэлт татварууд тогтоох төлөвлөгөөтэй байна
Цагаан ордны албан тушаалтны хэлснээр Трамп цаашид хагас дамжуулагч, эм болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмал зэрэгт шинэ тариф тогтоохоор төлөвлөж байгаа аж.
Түүний зөвлөхүүд эдгээр татварууд АНУ-д стратегийн чухал үйлдвэрлэлийг сэргээх болно гэжээ. Гэвч бие даасан эдийн засагчид эдгээр татвар дэлхийн эдийн засгийг сааруулж, хямралын эрсдэлийг нэмэгдүүлж, АНУ-ын дундаж өрхийн амьжиргааны зардлыг хэдэн мянган доллароор өсгөж болзошгүйг анхааруулж байгаа юм.
Бизнес эрхлэгчид ч Трампын худалдааны бодлогоос үүдэн урьдчилан төлөвлөхөд бэрхшээлтэй болж байгаагаа илэрхийлсээр байна. Тарифын талаарх санаа зовнил дэлхий даяар үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг сааруулж, харин хэрэглэгчид үнэ өсөхөөс өмнө худалдан авалт хийхийг эрмэлзэж байгаа тул автомашин болон бусад импортын барааны борлуулалтыг өсгөж байна.
Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд АНУ-ын дундаж тариф сүүлийн хэдэн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрэхээр байна.