УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа "Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл"-ийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцсэн ч гишүүд эсэргүүцсэн учир баталж чадалгүй хойшлуулсан.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаараа тус журмаа хэлэлцэн батална гэсэн мэдээлэл байсан ч батлаагүй байна. Харин бүлгийн дарга Л.Мөнхбаатар албаны нууц задруулж, бүлгийн хуралд хаалттай хэлэлцсэн асуудлыг сэтгүүлчдэд задалсан гишүүдийг олж, тогтоохоор ажиллаж байна. Хэрвээ иймэрхүү зүйл дахин давтагдвал улс төрийн хариуцлага яриад явна гэжээ. Түүнчлэн журмыг яваандаа батлах бөгөөд бүлгийн дэд дарга А.Ариунзаяад санал нэгтгэгдэж байгаа аж. Гишүүд журамд оруулах саналаа бүлгийн дэд дарга А.Ариунзаяад бичгээр өгч байгаа гэнэ.
Бүлгийн гишүүдийн үнэлгээний журмаар бүлгийн гишүүдэд оноо өгч, Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй, эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх юм. Уг журмын төсөлд хамгийн их оноогоо хасуулсан буюу удаа дараа бүлгийнхээ гаргасан шийдвэрээс эсрэг байр суурь илэрхийлж, оноогоо хасуулсан гишүүддээ нам цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ямар нэгэн албан тушаалд томилохгүй байхаар тусгажээ. Мөн бүлэг дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтад оролцоогүй гишүүдээс ч оноо хасахаар төсөлд тусгасан байна. Журмын төслийн 6.2-т нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 10 гишүүтэй бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж анхааруулга өгнө, 6.3-т анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж тусгасан гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ бүлгийн удирдлагын зүгээс бүлгээр хэлэлцэж байгаа бүх асуудалд бус нам нэгдсэн байр суурьтай байх ёстой чухал асуудлуудад үнэлгээний журмыг ашиглана хэмээн мэдэгдэж байгаа. Гэхдээ нэгэнт л журмыг баталбал чухал асуудал дээр бус бүхий л зүйл дээр журмаа баримтална.
Дэлхийн улс орны жишгийг ч харахад коммунист дэглэмтэй улс орны эрх баригч нам үнэлгээний журамтай байдаг аж. Улс төрийн намын гишүүдэд оноо өгөх албан ёсны систем дэлхий даяар төдийлөн түгээмэл биш ч, эрх баригч нам дотоод хяналтаа хэрэгжүүлэх, гишүүдийнхээ үнэнч байдлыг үнэлэх тогтолцоо бүхий улс орнууд байдаг.
Хятад – Коммунист намын үнэлгээ, хяналтын систем
Хятадын Коммунист Нам гишүүдийнхээ үнэнч байдал, намын бодлого мөрдлөгө, ажлын гүйцэтгэлийг “кадрын үнэлгээний систем”-ээр хэмждэг. Намын шугамаар явж, бодлогоо дагасан хүмүүс тушаал дэвшиж, эсэргүүцсэн хүмүүс хяналтад орж, ажлаасаа халагдах зэрэг арга хэмжээ авдаг.
Хойд Солонгос – Намын үнэнч байдлын тогтолцоо
Хөдөлмөрийн Намын гишүүдийг улс төрийн үнэнч байдлаар нь үнэлдэг. Намын удирдлагын шийдвэрийг дагавал өндөр албан тушаалд томилогдох, эсэргүүцвэл шийтгэгдэх, бүр цаашлаад хоригдох эрсдэлтэй.
Орос – “Нэгдсэн Орос” намын дотоод хяналт
ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намын гишүүд намын бодлогыг дагах ёстой. Албан ёсны онооны систем байхгүй ч, намын бодлогыг эсэргүүцвэл улстөрчид сайд болох, дахин сонгогдох, улс төрийн карьер ахих боломжоо алдах эрсдэлтэй.
Сингапур – Ардын Үйл Ажиллагааны Намын дотоод үнэлгээ
Сингапурын эрх баригч намын гишүүдийн намын бодлогыг дагах байдал, ажлын гүйцэтгэлийг хатуу үнэлдэг. Албан ёсны онооны систем байхгүй ч үнэлгээний дүнд карьерын ахиц тодорхойлогддог.
УИХ дахь МАН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдах бөгөөд тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийх юм байна.