Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Н.Сувдмаа: Улаанбурханаар өвдөж байгаагүй болон вакцинд хамрагдаагүй 10-14 насныхан илүү өвдөж байна

Н.Сувдмаа: Улаанбурханаар өвдөж байгаагүй болон вакцинд хамрагдаагүй 10-14 насныхан илүү өвдөж байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 1
Улаанбурхан нь амьсгалын замаар дамждаг, халдварлах чадвар өндөртэй вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол 2019 оноос хойш огт бүртгэгдээгүй байсан. Гэвч энэ оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний тохиолдол илэрсэн юм.
undefined
Одоогоор 185 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд байршлаар нь тодруулбал, Улаанбаатар хотод 83,  Хэнтийд нэг, Өмнөговьд 13, Дундговьд 23 тохиолдол бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд голомтлон гарч байгаа бөгөөд 10-14 насныхан хамгийн ихээр өвчилж байна. Уг өвчнөөс вакцинаар сэргийлэх бүрэн боломжтой юм. Улаанбурхан өвчний дэгдэлтийн энэ үед юуг анхаарах ёстой болон энэ өвчинтэй холбогдох мэдээллийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Н.Сувдмаагаас тодрууллаа.
-Улаанбаатар болон бусад аймгуудад Улаанбурхан өвчний тархалт хэр их байна вэ?
-Улаанбурхан өвчний хариу арга хэмжээ, голомтод авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гээд тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхэжсэн явж байгаа. Өвчний тархалт одоогийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан 185 тохиолдол байна. Үүнээс аймгуудад болон Улаанбаатар хотын эмнэлэгт 120, гэрээр 14, эдгэрсэн 51 тохиолдол байна. Сэжигтэй 141 тохиолдол байгаа юм. Эдгээр голомтод хавьтал болсон 7220 гаруй хавьтлыг тодруулаад, тодруулсан хавьтлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Вакцинжуулалтад хамрагдаж байгаагүй, өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй хүмүүсийг яаралтай вакцинжуулалтад хамрагуулах хэрэгтэй.
-Хүүхдийн бие дээр тууралт гарсан ч шинжилгээ нь сөрөг гарсан тохиолдлууд байна гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?  
-Одоогоор бол манайд ийм тохиолдол гарч ирээгүй байна. Улаанбурхан өвчний гол эмнэлзүйн шинж тэмдэг нь тууралт юм. Толбот гүвдрүүт тууралт гарч, дээрээсээ доошоо үе шатлалтай гардаг. Нэг халуураад, нэг болих шинж тэмдэг үзүүлдэг юм. Хүүхдийн биеийн онцлогоос хамаарч тууралт их бага хэмжээгээр гардаг. Энэхүү өвчнийг цочмог тууралттай хам шинж дотроо орох олон тууралттай өвчнүүдээс ялган оношилдог. Ижил төстэй тууралт гарч болно гэхдээ тэрийг лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчний үүсгэгч вирусийн лабораторид тодорхойлж гол шинжүүд нь байгаа эсэхийг нягталдаг. 
-Цаашдаа тархалт өндөр хэвээр байвал өндөржүүлсэн бэлэн байдал зарлах уу?
-Улаанбурхан нь шинэ өвчин биш. Энэхүү өвчин нь халдварлалт өндөртэй вирусийн халдвар юм. Мөн зөөвөрлөгдөж орж ирэх боломжтой өвчин. Өмнө нь бүртгэгдэж байсан халдварт өвчин бөгөөд манай улсад 2019 оноос хойш огт бүртгэгдээгүй байсан юм. Гэвч энэ онд Вьетнам улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн. 
Энэхүү өвчний тандалт, бүртгэл, хариу арга хэмжээг авахад улс орон бүр бэлэн байдаг. Манай улс ч мөн улаанбурхан өвчний тандалтын дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалт болон цочмог халууралттай, тууралттай хам шинжийг танддаг. Мөн энэхүү хам шинжийг лабораторид суурилсан тандалт буюу сорьц авч шинжилдэг бөгөөд хилийн нэвтрэх цэгүүд дээр эрүүл мэндийн хуудсаар цочмог халууралттай болон цэврүүтэй тууралттай зорчигчдыг тандах үйл ажиллагааг явуулдаг. 
-Дийлэнх тохиолдол нь 10-14 насны хүүхдүүд байна гэсэн. Вакцин хийлгэсэн хэдий ч улаанбурханаар өвдсөн тохиолдол бий юү?
-Нийт 185 тохиолдлын дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байна. Улаанбурхан өвчний их уурхай нь өмнө улаанбурхан өвчнөөр өвдөж байгаагүй, улаанбурханы вакцинд хамрагдаагүй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь өртөмхий бие махбод юм. Өвчний халдварлалт нь маш өндөр бөгөөд 96-98 хувийн халдварлалттай. Менингококкт халдвараар өвдөх эрсдэлтэй хүмүүс нь илүү халуун амьсгалын хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, нэг гэрт амьдардаг, нэг ангид сурдаг, цэцэрлэгийн нэг тэнхимд хүмүүждэг хүмүүсийн дунд менингококкт халдварын халдварлуулах байдал нь өндөр байдаг бол улаанбурханы вирус өмнө нь улаанбурханаар өвдөөгүй, улаанбурханы вакцинд хамрагдаагүй бүх хүмүүс өвдөх эрсдэлтэй. Тийм ч учраас манай улс товлолт вакцин буюу заавал хийлгэх дархлаажуулалтад 9 сартай, 2 настайд нь хүүхдийг оруулдаг.  Дэлхий нийтийн практикт улаанбурхан өвчний эсрэг бүрэн тунгаа авсан л бол хоёр хувийн л уг өвчнөөр өвдөх магадлал байдаг. 
Улаанбурхан өвчнөөр өвдсөн 10-14 насны хүүхдүүдийн дунд товлолт вакциндаа ороогүй. Эсвэл нэг тунтай хүүхдүүд байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд өөрсдийн болон хүүхдийнхээ вакцины статусыг тодруулж, тодорхой болгох хэрэгтэй. ЕБС-ийн нийгмийн ажилтан, ангийн багшаар дамжуулж тодруулаад мөн өрхийн эмнэлгээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийн болон өөрсдийн вакцины статусаа тодорхой болгож тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, та улаанбурхан өвчнөөр өвдөж байсан эсэх, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан, эсэх бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдэдээ 2 тун вакцин хийлгүүлсэн үү эсвэл хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол нөхөж хийлгүүлсэн эсэхийг эргэж харан тодруулаах шаардлагатай.
Хэрвээ хийлгээгүй, өмнө нь энэ өвчнөөр өвдөөгүй бол өрхийн эмнэлэг өдөр бүр ажлын цагаар вакцин хийж байгаа. Өмнө нь 7 хоногт нэг удаа товлолын вакциныг хийж байсан бол одоо цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ажлын өдрүүдэд өдөр бүр хийж байна. Мөн Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд хагас сайн өдөр ч товлолын вакциныг хийж байгаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн