АНУ-ын Боловсролын АЛТАН СТАНДАРТ гэгддэг Харвард болон Принстоны их сургуулиудад суралцах эрх авсан Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч Анарын Амартүвшинтэй ярилцлаа. Шинжлэх ухаанд уйгагүй шимтэн суралцан, хичээнгүй хөдөлмөрлөж дэлхийн тэргүүлэх сургуулиудад элсэн орох болзол хангасан оюунлаг, бүтээлч, төлөвхөн энэ хүү удахгүй олон залуусын мөрөөдөл болсон Харвард руу жигүүр дэлгэн ниснэ.
-Сайн байна уу. Юуны өмнө Harvard болон Princeton"ны их сургуульд тэнцсэнд нь баяр хүргэе. Яагаад энэ хоёр сургууль руу өргөдөл явуулсан бэ?
-Баярлалаа. Princeton болон Harvard-ын их сургуулиуд бол IVY LEAGUE хэмээн нэрлэгддэг сургалт, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлдэг 8 их сургуулийн нэг. Ялангуяа Harvard - ын их сургуульд тэнцэнэ гэдэг нь GOLD STANDARD of AMERICAN EDUCATION гэж их сонсож байлаа. Орчлон сургуульдаа би 12 дахь жилдээ сурч байна. Эндээс олж авсан мэдлэг, эзэмшсэн ур чадвар, сургуулийнхаа зөвлөх багшийн болон өөр олон талын дэмжлэг байгаа учир ийшээ өргөдөл явуулаад үзье хэмээн шийдсэн. Мөн энэ сургууль нь өөрөө liberal arts болон байгалийн шинжлэх ухааныг хослуулсан, судалгаанд суурилсан хөтөлбөртэй сургууль гэдгээрээ миний сонирхлыг маш их татаж байсан. Энэ сургуулиудаас харж, эрж, хайж, хүлээсэн хамгийн том зүйл бол энд элсэн орсон оюутан урагш тэмүүлдэг, өөрийгөө үргэлж түлхэж, хичээж, ямар нэгэн зүйлийг сурахыг, хийхийг оролдуулдаг тэр хүчин чадал нь байсан. Үнэнийг хэлэхэд би багаасаа л ийм том сургуульд орж, бусадтай өрсөлдөж юм сурахыг хүсдэг байсан хэдий ч анги ахихын хэрээр нэмж ойлгосон нэг зүйл бол бусадтай хамтран суралцаж, мэдлэгээ хэрэглэх, дамжуулах хэрэгтэйг ойлгох болсон. Нийлээд олон сургуулиудын тухай судалгаа хийж байхад түмэн олон зүйл харагдаж байснаас олон сургуульд түгээмэл харагдаж байсан ганц зүйл нь бусадтай хамтран ажиллах чадвар байлаа. Хичээлүүдээр өөрийгөө сорих чадвар, бусадтай нээлттэй, хамтран ажиллах чадвар, дэлхийн топ боловсрол гэсэн энэ гурван зүйл л надад дээрх сургууль руу өргөдлөө явуулахад маш ихээр нөлөөлсөн.
-Ямар мэргэжлээр суралцахаа шийдсэн байх. Мэргэжлээ сонгосон шалтгаанаа хуваалцаж болох уу?
-Би яг одоо өөрийгөө биохими буюу биологи болон химийн хичээлийн холимог болох чиглэлээр суралцаж, энэ талын мэргэжилтэй болно гэж төсөөлж байгаа. Энэ мэргэжлийн маань суурь бага наснаас эхлээд л тавигдсан байхаа гэж би боддог. Учир нь би бага, дунд ангидаа уран зохиолын номоос илүүтэйгээр танин мэдэхүйн болон баримтат зохиол, ном цуглуулж унших дуртай байсан. Үүнтэй зэрэгцээд математикийн хичээлдээ ч онцлон дурлаж, дунд ангиасаа шинжлэх ухааны хичээл, олимпиадад улам татагдах болсон. Ингэж сонирхон татагдах тусам илүү ихийг үргэлж, тогтмол сурмаар санагддаг байснаа санадаг. Яг энэ үеэр Хүрэлбаатар болон Отгонжаргал багш нар маань хими, биологийн хичээлүүдээрээ надад нэг нэг том хаалга нээн өгч байлаа. Ингээд би энэ 2 хичээлдээ гүнзгийрэн суралцсаар ахлах ангид орох үедээ сурмаар байгаа хичээлүүдээ төсөөлөн A level-ын Xими, Биологи, Математик, Компьютер шинжлэх ухаан хичээлийг сонгосон юм. Энэ мэргэжлийг сонгосон бас нэг гол шалтгаан бол энэ мэргэжил нь ирээдүйд маш их эрэлттэй, олон талаар хөрвөх боломжтой, өндөр амжилттай байх мэргэжил гэж үзэж байгаа. Эс, ген, ус, ноос бүгдийг нь химийн арга болон техник ашиглан хувирган өөрчлөx боломжтой ирээдүйн мэргэжил хэмээн би төсөөлдөг. Үүнтэй компьютер шинжлэх ухааныг хослуулбал алгоритм логик ашиглан биотехнологи гэх бас нэгэн эрэлттэй мэргэжил бий болох ч боломж бий. Энэ мэтээр маш хувирамтгай, өрсөлдөөнт мэргэжил гэж би боддог.

-Harvard-д тэнцэнэ гэдэг GOLD STANDARD of American Education гэж ярилаа, өргөдлөө явуулах хүртлээ хэр удаан бэлдсэн бэ?
-Ер нь л удсан даа. Өргөдөлд маань хамгийн чухал байсан гэж бодож байгаа хоёр зүйл бол нэг нь миний эсээ, нөгөө нь химийн олимпиадын амжилт байсан гэж би үзэж байна. 8-р ангиасаа эхлээд химийн сонгонд явж эхэлсэн. Хичээлээс гадуур зөндөө зүйл олж авч, олон ч чадварт суралцсан. Тууштай байж чадсан энэ хөдөлмөр маань өргөдөл явуулах эхний алхам байсан байхаа. Харин яг эсээ бичвэрээ 12-р ангидаа орсон жилийнхээ 8-р сараас эхэлж бичиж эхэлсэн. Өргөдлөө илгээх хүртлээ зөндөө алдаж, зөндөө олон эсээ устгасаар энэ оны 1-р сарын дунд гэхэд яг эцэслэн дуусгасан.
Энэ замд тулгарсан олон асуудлууд байсан. Тухайлбал, бичих зүйл олдохгүй хоног өдөр алдах, дуусах хугацаа дөхөж байхад бэлэн болоогүй байх гэх мэт гээд л асуудал их байсан. Энэ бүхэнд сандрах, стрессдэх, түгших гээд л олон сэтгэл хөдлөлтэй ч нүүр тулсан. Гэсэн хэдий ч өөртөө итгээд, тууштай байж, үргэлж урагшилсаар байсны хүч хөдөлмөр минь амжилтад хүрлээ. Олон ч шөнө нойргүй хоносон, мэдээж ядарсан ч бууж өгөөгүй. Өргөдөлдөө бэлдэх явц маань зун, намар, өвлийг дамнасан бол өргөдөлдөө тусгах зүйл, энэ өнгөрсөн хугацааны хичээл, хүсэл мөрөөдөл маань удаан үргэлжилсэн гэж хэлж болно.
-Орчлон сургуулийнхаа талаар бидэнтэй хуваалцаж болох уу. Өргөдөл явуулахад нь хэрхэн дэмжсэн бэ?
Орчлон сургуульдаа 1-р ангиасаа хойш суралцах хугацаанд маань надад болон найз нөхдөд маань үзүүлсэн дэмжлэг гэвэл тоочоод барамгүй их байлгүй яах вэ. Бүгдийг хэлэх боломжгүй ч онцлоод хэдийг хэлмээр байна. Манай сургуульд шавь нараа гэсэн олон багш бий. Намайг энд хүртэл хөтөлсөн, чиглүүлсэн, дэмжсэн, хамгийн ихээр тусалсан багш нар маань гэвэл Сувданчимэг, Хүрэлбаатар, Отгонжаргал, Ононсайхан, Жаргалмаа, Төгөлдөр багш гээд сонгосон хичээлийн багш нар маань байна. Мэдээж бага ангиас эхлээд өөр хичээл зааж байсан бусад олон багш, ангийн багш гээд л бүгдийг нь нэрлэмээр байна. Хүүхдүүд бидэнд сонирхолтой, урамтай байдлаар сургаж, урагш түлхэж, бүхий л аргаар туслах гэж оролддог багш нартаа би түмэнтээ талархаж явдаг. Энд бас зайлшгүй дурдах нэг зүйл бол манай сургуулийн хос хөтөлбөр хамгийн том дэмжлэг, амжилтын маань том үндэс болсон. Кембрижийн IGCSE болон А level болон STEAM хөтөлбөрүүд маань ахлах ангид эзэмших бүх талын мэдлэг, ур чадварыг хангалттай өгч чадсан. Үүний суурь бол бас CIPP буюу бага боловсролын хөтөлбөр, Checkpoint буюу дунд боловсролын хөтөлбөр гэдгийг ч дурдах нь зүйтэй. Өөр бусад үйл ажиллагаа, хичээлээс гадуурх ажлуудаа ч тоочмоор байна. Энэ тухайгаа өргөдөлдөө тусгасан, намайг бас тэндээс олж харсан байх. Мөн олимпиадад гаргасан амжилтыг минь үнэлэн 10-12-р ангид намайг тэтгэлэгтэй сургаж байсан нь надад болон манай гэр бүлд маш том тус болсонд баярладаг.

-Harvard руу дараа жил болон өргөдөл явуулахаар төлөвлөж байгаа дүү нартаа хандаж юу захиж, юу гэж зөвлөмөөр байна вэ?
Хамгийн эхэнд өөрийгөө олж мэд. Би ер нь ямар хүн юм бол, юуг удаан хугацаагаар хийвэл уйдахгүй байх бол гэж өөрөөсөө үргэлж асуу. Угаасаа өөрийгөө хэзээ ч 100% ойлгохгүй, гэсэн хэдий ч үргэлж оролд.
Үүний дараа энэ хүртлээ туулсан зам, өнгөрөөсөн цаг хугацаандаа анализ хий. Өргөдлөө явуулахаар бэлдэх энэ хооронд зөндөө бодно, их ч зүйл ойлгоно. Зарим зүйл дээр өөрөөрөө бахархана, зарим дээр нь гуниглана гэвч үүнээсээ эсээндээ бичиж болох олон зүйл олно. Тэгээд бичээд үзэнгүүт яг чамайг үнэнээр илэрхийлж байна уу гэдэг нь тодорхой болно.
Алдахаас битгий ай. Хүмүүс ихэвчлэн өөрийгөө төгс хүн шиг харагдуулах гэж оролддог, харин энэ нь маш том алдаа юм билээ. Учир нь бид бүгд л хүн юм чинь төрснөөсөө хойш том алдаа, эрсдэл зайлшгүй л гаргадаг. Харин энэ гаргасан алдаанаасаа суралцаад, түүнийгээ бичиж байгаа чинь хамгийн чухал, бас нандин зүйл байх болно.
Эртнээс эхэл. Би өөрийгөө эрт эхэлж байна даа гэж бодож байсан бас л маш их тулгаж дууссан. Тиймээс одоо эхэл. Хэзээ ч эхэлсэн бай, гэхдээ оройтохгүй шүү.
Хэдийгээр том нэртэй сургуульд орох зайлшгүй юм шиг сонсогддог ч заавал гэсэн үг биш юм шүү. Дэлхийн аль ч буланд өндөр боловсрол маш боломжийн үнээр, гайхалтай газруудад сурах боломжтой. Тиймээс дэлхийд дээгүүр жагсдаг сургуульд орохгүй байсан ч битгий шантар. Зүгээр л өөрийгөө мэдэр, өөрийгөө олж мэд, өөртөө итгэ. Ийм байхад аль ч газарт асуудалгүй, адилхан л амжилттай суралцах боломжтой.
Явуулсны дараа зөндөө асуултууд гарж ирнэ. Ялангуяа сургуулиуд чамд reject буюу татгалзсан хариу ирвэл битгий шантраарай! Би 4 сургуульд тэнцэж 6 сургуульд тэнцээгүй хариу авсан. Гол нь тууштай байгаарай гэж захимаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Хэзээ нэгэн цагт Харвардын төгсөгч А.Амартүвшинтэй уулзах өдрийг ерөөе!