Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Байгууллагын зээлжих зэрэглэл болон иргэний зээлийн оноог хоёр өөр хуулиар зохицуулна

Байгууллагын зээлжих зэрэглэл болон иргэний зээлийн оноог хоёр өөр хуулиар зохицуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 1
УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Одоогийн мөрдөгдөж байгаа Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох гэж заасан боловч хэрхэн, ямар аргачлалаар зэрэглэл тогтоох талаар зохицуулалтгүй. Тиймээс хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн үнэлгээ, зэрэглэл хийхэд шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэх, цаг үеийн мэдээллээр баяжигдаж түүн дээр суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг баталсан нэгдсэн журмыг Монголбанк батлахаар тусгасан юм.
Ингэхдээ хуулийн төсөлд хоёр өөр хуулиар зохицуулагддаг иргэн болон аж ахуйн нэгжийг хамтад нь зээлдэгч гэдэг нэрээр оруулсан нь цаашдаа ойлгомжгүй байдал бий болгож, олон эрсдэл үүсгэж болзошгүй байна. Тодруулбал, хуулийн төслийн “14.3 Энэ хуулийн хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалын дагуу тогтооно” гэж заасан байгаа юм. Гэтэл иргэний зээлийн оноог тус хуулиар зохицуулж болох ч байгууллага, аж ахуйн нэгжийн зээлжих зэрэглэлийг тус хуулиар зохицуулдаггүй. Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар “санхүүжих чадавхын зэрэглэл” буюу “кредит рейтинг”-ийг тогтоодог бөгөөд энэ нь ААН, байгууллага болон Засгийн газрын өр төлбөр төлөх чадварыг үнэлдэг үнэлгээ юм.  
Харин иргэдийн зээлийн оноог Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулиар “зээлдэгчийн зээлжих чадварт тогтоосон зэрэглэл” буюу “кредит скоринг” тогтоодог. Энэ нь  хувь хүний банк болон санхүүгийн байгууллагаас зээл авах чадварыг математик загварын дагуу тооцоолсон тоон үзүүлэлт юм. Ихэвчлэн статистик загварт үндэслэж, тухайн хүний төлбөрийн түүх, зээлийн үлдэгдэл болон зээл ашиглалтын түвшин зэрэг хүчин зүйлсийг харгалзан тооцдог.
Өнөөдрийн байдлаар манай улсад иргэний зээлийн оноог тогтоодог хоёр, байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван байгууллага тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Sainscore, Burenscore Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч иргэдийн зээлийн оноог (credit scoring) тогтоодог бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК, “Нэйшнл Рэйтинг” ХХК, “Онч Кредит Рейтинг Эйжинси” ХХК-иуд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван байгууллагуудын зээлжих зэрэглэлийг  (credit rating)  тогтоож байгаа юм.
Энэ хоёр үйл ажиллагааг тусгаарлах нь аливаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, үйлчилгээ тус бүрийн найдвартай байдлыг хангах чухал ач холбогдолтой. Олон улсад ч иргэн болон хуулийн этгээдийн зээлжих зэрэглэлийг хоёр өөр байгууллага тогтоодог туршлага байдаг бөгөөд Олон улсын үнэт цаасны хороо (IOSCO), Европын үнэт цаас, зах зээлийн байгууллага (ESMA) зэрэг олон улсын байгууллагууд “кредит скоринг” ба “кредит рейтинг” үйл ажиллагааг тусгаарлахыг зөвлөдөг байна. Тиймээс хууль тогтоогчид дээрх хуулийн төсөлд мэргэжлийн үүднээс хандаж, нэр томъёо, холбогдох зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу батлана гэж найдаж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн