Open iToim app
Улс төр | 3 мин уншина

С.Баяр: Монгол Улс маань хуучин шигээ “хөмөрсөн тогоон дор” байдаг улс биш болсон

С.Баяр: Монгол Улс маань хуучин шигээ “хөмөрсөн тогоон дор” байдаг улс биш болсон
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 31
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр сэтгүүлч С.Гандөлд цаг үеийн асуудлаар ярилцлага өгч, “Өдрийн сонин”-д өнөөдөр нийтлэгдсэн байна. С.Баяр 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэрийг гаргаж байсан. Мөн үүнтэй холбоотойгоор Тавантолгой дахь Ухаахудаг ордыг хувийн хэвшилд буюу "Энержи ресурс" ХХК-д эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан юм.
Харин өнөөгийн Засгийн газар Ухаа худагийг 100 хувь хувийн хэвшлийн компанид эзэмшүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буцаан авах тухай асуудал яригдаж буй. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр саяхан өгсөн ярилцлагадаа тухайн үед гаргасан шийдвэрээ хэрхэн тайлбарласныг ишлэл байдлаар хүргэж байна.
  • 2008 онд юу ч мэдэхгүй мангар хэдэн нөхөд “Үндсэн хуулиа, бусад хуулиа зөрчсөн” шийдвэр гаргасан шиг хээвнэг сууж байгаагүй байлгүй дээ. Тэр гэрээ байгуулагдсан үеийн эрх зүйн орчныг судла, холбогдох хууль тогтоомжоо дахин унш. Тэр шийдвэр гаргаж байсан улсууд нь амьд сэрүүн байгаа тул асууж лавлаж болно шдээ гэж Алтангэрэлд хэлмээр санагдсан.
  • Миний эмзэглэж бухимдах эсэх нь жижиг асуудал. О.Алтангэрэл сайдын хийсэн мэдэгдлийн дараа “Энержи Ресурс” компанийн хувьцааны үнэлгээ 150 сая гаруй ам.доллараар унасан. Гадны хөрөнгө оруулалт бүхий Монголын нэг компанийн хувьцааны үнэлгээ ингэж огцом унах нь жижиг асуудал биш. Ийм сөрөг хандлага даамжирвал хохиролтой. Монгол Улсын нэр хүнд хохирно, бидэнд итгэх итгэл суларна, ирээдүйн том төслүүд ч эрсдэлд орж мэднэ. Монгол Улс маань хуучин шигээ “хөмөрсөн тогоон дор” байдаг улс биш болсон.
  • Эрх мэдлээ хэтрүүлэн, элдэв тусгай зөвшөөрөл “хэн нэгэн этгээдэд” шилжүүлж хууль бус үйлдэл хийсэн бол Х.Наранхүү сайд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Х.Наранхүү сайдад энэ гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон Засгийн газрын тэргүүн нь байсан би ч гэлээ хуулийн хариуцлага хүлээх ёстой.
  • Х.Наранхүү сайдын гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай” гэсэн нэртэй тэр гэрээ ёсоор, “Энержи Ресурс”-ын эзэмшиж байсан зургаан тусгай зөвшөөрлийн тавыг нь төрийн мэдэлд буцааж аваад, нэгийг нь үлдээсэн.
  • Гаргасан тэр хөрөнгө мөнгө, хийсэн төлбөрийг нь нөхөн төлөөд тусгай зөвшөөрлийг нь Төрийн мэдэлд авах боломж Засгийн газарт тэр үед байгаагүй. Эдийн засаг тэг заагаад хорголоо тоолж байсан үе.
  • Өвөлжин хэлэлцээр хийсний үр дүнд Тавантолгойн нүүрсний ордын нийт талбайн 95 хувь, нийт нөөцийн 96 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн аваад, улмаар тус ордын нийт талбайн 5 хувь, нийт нөөцийн 4 хувийг Энержи Ресурс компанийн мэдэлд үлдээсэн.
  • Тавантолгой ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийг стратегийн ордоор тогтоож байгаагүй. Хууль эрх зүйн тийм акт тэр үед байгаагүй, одоо ч байхгүй.
  • Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох асуудлаар өөр санал Засгийн газарт байгаагүй тул УИХ-д энэ асуудлыг өргөн мэдүүлж, тогтоол шийдвэр гаргуулах эрх зүйн үндэслэл байгаагүй.
  • Гишүүдийн олонх нь нааштай хүлээж авсан, зарим нь баяр хүргэж байсан. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Төрийн эзэмшлийн хувийг хуульд заасан 50 хувийн хязгаараас хол давуулж хувийн хэвшлийн компанитай тохирч чадсан байна. Баяр хүргэе! Таван толгойн орд бараг бүхлээрээ Төрийн мэдэлд ирлээ. Тэр хэдэн жижиг компаниуд тэндээ байж л байг, Төрийн байгууллагатай өрсөлдөг. Төрийн менежмент сайн уу, хувийн менежмент сайн уу гэдгийг амьдрал практик дээрээс харъя.” гэх мэтийн үг хэлж байсан байна.
  • Юун тэр “төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх”. Уул уурхай бол зардал, эрсдэл өндөртэй салбар. Тэр зардал, эрсдэлийг өөрөөсөө хол байлгах нь зүйтэй гэдгийг одоо нийтээрээ ойлгож эхэлж байна.
  • Үндэсний Аудитын газар 2012 онд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтэндээ “Засгийн газар болон Энержи Ресурс ХХК-ийн хоорондын гэрээний үүрэг зөрчигдөх тохиолдолд “Энержи Ресурс”-д ашиглалтын таван лицензийг нь буцаан олгох, аль эсвэл төрийн оролцооны хувь хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах үр дагавар үүсэхээр байна” гэж бичсэн байдаг. Энэ бол ноцтой дүгнэлт. О.Алтангэрэл сайд болон түүний ажлын хэсэг Үндэсний Аудитын газрын энэ дүгнэлтийг олоод үзчихэд илүүдэхгүй л болов уу.

Ярилцлагыг бүрэн эхээр нь UZEG.INFO уншина уу.
 
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн